&#34Үнсгэлжин&#34-гийн түүх

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

&#34Үнсгэлжин&#34-гийн түүх

“Чиний хэн байх нь хамаагүй, мөрөөдөл бүхэн үнэ цэнэтэй”

Холливудын хамгийн гайхалтай үдэш үлгэрийн дагина мэт залуу хатагтай индэр дээрээс ингэж хэлэв. Бусдад эрч хүч, урам зориг хайрламаар, өөрийн үнэ цэнээ мэдэрсэн хүний үг…

Люпита Нионго гэгч Кени гаралтай бүсгүй “12 жилийн боолчлол” кинонд бүтээсэн дүрээрээ Кино академийн дээд шагнал болох “Оскар” гардсан нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хар, бор, шар олон эмэгтэйчүүдэд урам зориг хайрлалаа. Нионго мөн Пэтсигийн дүрээр том, бага нийт 32 наадамд Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин, мөн Шилдэг, шинэ жүжигчин номинацид нэр дэвшсэнээс 24-т нь ялсан юм.

Үнсгэлжингийн үлгэрт гардаг даа, цайлган цагаахан, уян зөөлөн сэтгэлтэй охин сэтгэлийн гүндээ ганцаардаж, үргэлж ад үзэгдэж, дээрэлхүүлж, доромжлуулж, нүд үзүүрлэгдэж байсан ч эцсийн мөчид үзэсгэлэн төгөлдөр болж, үдэшлэгийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй, хожмоо гүнж болон хувирдаг. Нионго ч бас адил. Холливудын шинэ “имиж” болох хүртэлх түүний үлгэр мэт түүх ингэж эхэлжээ. Энэ жилийн “Оскар”-ын шилдэг киногоор шалгарсан “12 жилийн боолчлол” кинонд бүтээсэн Пэтсигийн дүр түүнийг ийм өндөрлөгт хүргэв. Пэтси бол сэтгэлийн эмгэгтэй болтлоо дарлуулж, дарамтлуулсан, үргэлж харгис хэрцгий зодуур амсдаг, халтар царайтай, хорчийж турсан ердийн нэг боол. Зовлон шаналал, ганцаардал дунд өдөр хоногийг амьсгаатай өнгөрүүлэх Пэтсигийн дүр эзнээ Улаан хивсний ёслолын хараа булаам гүнж болгож хувиргажээ.

“Алтан бөмбөрцөг” наадам Нионгогийн хөл тавьсан анхны томоохон хэмжээний, тансаг зэрэглэлийн арга хэмжээ байв. Тэрбээр Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн ч гар хоосон гэртээ харьсан боловч дэлхийд алдартай Vogue сэтгүүлээс эхлээд tumblr хүртэл бүхий л хэвлэл, мэдээллийн хуудаснаа тэр “Алтан бөмбөрцөг”-ийн хамгийн сайхан хувцасласан оддын жагсаалтад багтав. Тэгэх тэгэхдээ нэлээд дээгүүрт жагсчээ. Энэ бол Үнсгэлжингийн үлгэр биеллээ олж буйн эхлэл байв. Нионго Ralph Lauren-ы гоц мэдрэмж, чамин хийц шингээсэн улаан даашинз сонгосондоо анхаарлын төвд байсан юм биш, харин түүнээс дотоод гоо үзэсгэлэн нь гэрэлтэж байсан тухай загварын алдартай сэтгүүлүүд онцолж байлаа. Үүнээс хойш Нионго очсон газарт бүртээ гэрэл зурагчдын овоо хараанд өртөж, жирийн үзэгчдийн нүдийг хужирлах болжээ. Улаан, ногоон, шар, цэнхэр, цагаан түүний сонголт хэт тод хэдий ч дэндүү гайхалтай харагдаж байв.

Магадгүй, Холливуд тийм ч нөхөрсөг өрсөлдөөний талбар биш, ялангуяа “өөр” хүмүүсийг тийм ч таатай хүлээн авдаггүй байж болох. Учир нь “Оскар”-ын 85 жилийн түүхэнд ердөө 31 хар арьстан “Алтан хүн” гарджээ. Эмэгтэйчүүдийн хувьд энэ байдал бүр ч илүү тод анзаарагдана. Энэ тухай “Оскар” гартаа бариад зогсч байгаа эмэгтэйчүүд индрээс нэг бус удаа тодоор зарлаж байсан удаатай. Тэдний хувьд кинонд бүтээсэн дүрээс илүүтэй царай төрх, бие хаа, гоо үзэсгэлэнгийнх нь талаар дэлхий шуугидаг. Харин Нионгогийн хувьд Холливудын сайхан бүсгүй гэх стандартаас огт өөр. Туранхай бие хаа, гялтганасан хар арьс, нягт гэгч нь сүлжиж зассан богино, хар үсээрээ тэр ялгаатай. “Оскар”-ын түүхэнд түүнээс гадна Хатти МакДаниэль, Вупи Голдберг, Женнифер Хадсон, Моник, Октавия Спенсер нарын өнгөт арьст бүсгүйчүүд Шилдэг туслах дүрийн жүжигчний шагнал хүртэж байсан. Нионгогийн хувьд кино ертөнцөд хөл тавьсан анхны киногоороо “Оскар”-т хүрсэн цөөн хэдэн жүжигчдийн нэг болж байна. Түүнчлэн тэрбээр Люпита Нионго гэх цэвэр африк нэрээрээ бусдаасаа ялгарна. Тэр энэ шагналыг хүртсэн анхны африк жүжигчин.

“Оскар”-т зочлохдоо сонгосон түүний гоёл үнэхээр тансаг байсан. Гялтганасан хар арьс, чанга гэгч нь сүлжиж зассан үс, Prada-гийн усан цэнхэр даашинз. Бусдаас эрс тэс ялгаатай учир тэр мөрөөдлийн охины өөр нэгэн өвөрмөц фигур болж чадлаа.





С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж