Сочийн олимпийн дараа нутагтаа буцаж очоод Ким Юна хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгчээ.
-Бүх юм ард хоцорлоо. Танд ямар мэдрэмж төрж байна вэ?
-Бүх юм дууссан болохоор одоо би чөлөөтэй амьсгалж чадахаар боллоо. Хоёр хөтөлбөрөө алдаа мадаггүй, цэвэр гүйцэтгэж чадсандаа маш их баяртай байна.
-Та олимпод ээжтэйгээ хамт явсан. Үзүүлбэрээ үзүүлж дуусаад, медалиа авсныхаа дараа та шууд л ээж рүүгээ очсон уу?
-Олимпийн тосгоны гадна бидний байрлаж байсан байр тийм ч тухтай байгаагүй. Тиймээс би тэмцээн дуусаад тамирчдын байр руу явсан болохоор ээжтэйгээ шууд уулзаж чадаагүй ээ. Гэхдээ мессеж бичсэн. Ээж маань надад “Шүүгчдийн өгсөн онооны талаар элдэв яриа их гарч байна. Гэхдээ бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн учраас бухимдаж, өөрийгөө зовоох хэрэггүй. Бүх зүйл дууслаа, одоо эрх чөлөөг мэдэр” гэсэн. Медалийн өнгөний тухайд ээж минь “Алтан медаль чи бид хоёроос илүү авах ёстой тэр эзэндээ очсон гэж бод” гэж хэлсэн.
-Тэр шөнө та сайн унтаж чадсан уу?
-Тэмцээний дараах ярилцлага, сэргээшийн шинжилгээ гээд нэлээд оройтож орондоо орсон. Бүх зүйл ингээд дууссан гэж бодохоор итгэмээргүй санагдаж байлаа. Гайхалтай гэмээр эрх чөлөө, амар амгаланг мэдэрсэн шүү.
-Таны оноо алтан медалийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ үзүүлбэр, чадвар, гүйцэтгэлийн хувьд та өөрийгөө илүү байсан гэж бодож байна уу?
-Үнэнийг хэлэхэд надад бусад тамирчдын хэрхэн гулгаж байгааг харах боломж гараагүй ээ. Гэхдээ би шүүгчдийн шийдвэртэй санал нийлсэн, нийлээгүй нь хэнд ч хамаагүй. Надад үнэхээр харамсах зүйл байхгүй. Бүх зүйл болоод өнгөрсөн, ямар нэг шүүмж, дүгнэлт байхгүй.
-Олимпийн шүүлтийн талаар БНСУ даяар нэлээд шуугиж байна шүү дээ?
-Урьд өмнө нь ч шүүлт шударга бус байгаа талаар хүмүүс ярьдаг л байсан. Эргэн тойрны маань хүмүүс надаас ч илүү бухимдаж байна. Олимп гэдэг үнэхээр агуу, том арга хэмжээ учраас олны анхаарлыг илүүтэй татах нь мэдээж. Миний хувьд бол шүүлттэй холбоотой ямар нэг таагүй сэтгэгдэл төрөөгүй ээ. Би дахин дахин хэлье, олимпийн үр дүнд би сэтгэл хангалуун байгаа. Би сайн байсан, үүндээ баяртай байна.
-Чөлөөт үзүүлбэрийн дараа юу бодогдож байв?
-Хамгийн түрүүнд ингээд бүх зүйл дууслаа л гэж бодогдсон. Нэлээд сандарч байсан ч би эцсийн хүчээ шавхсан. “Би үнэхээр ядарчээ. Гэхдээ үүнийг л тэсэх хэрэгтэй. Учир нь сүүлчийн удаа шүү дээ” гэж өөртөө хэлж байлаа.
-Шүүгчид оноо зарласны дараа танаас ямар ч нүүрний хувирал ажиглагдаагүй. Таны оноо тэртэй тэргүй доогуур гарна гэж урьдаас бэлтгэлтэй байсан хэрэг үү?
-Ний нуугүй хэлэхэд би өндөр оноо хүлээж байгаагүй ээ. Богино хөтөлбөрийн дараа тийм мэдрэмж төрсөн юм. Хүлээлт өндөр байх тусам урам хугарах нь тэр чинээгээр их байдаг. Би хэчнээн сайн гулгасан ч оноо тэр хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол зөндөө л байсан. Тиймдээ ч би оноогоо хараад ердөө ч цочирдоогүй. Би алтан медалийн төлөө Сочид очоогүй болохоор сэтгэлээр унаагүй.
-Тэмцээний дараа Аделина Сотникова /олимпийн аварга, ОХУ/, Каролина Костнер /олимпийн хүрэл медальт, Итали/ нартай уулзсан уу?
-Тэмцээний дараа бид бие биедээ баяр хүргэсэн. Гэхдээ ярилцах боломж гараагүй.
-Чөлөөт үзүүлбэрийн дараах хэвлэлийн бага хурлын үеэр Сотникова хурлын дундуур гараад явчих шиг харагдсан?
-Эхний гурван байрт шалгарсан уран гулгагчид оролцсон хэвлэлийн хурал болсон юм. Уг нь хурал дуусахад тамирчид хамтдаа өрөөнөөс гардаг. Гэтэл тэр хурлын хамгийн сүүлийн асуулт надад таарч, намайг хариулж дуусаагүй байтал Сотникова суудлаасаа босоод, гараад явчихсан. Би “Юу болж байна аа” л гэж бодсон. Тэр хүн хүссэнээ хийх эсэх нь түүний л асуудал.
-Элдэв дарамт шахалтаас бүрэн ангижирсан болохоор одоо эрх чөлөө мэдрэгдэж байна уу?
-Ванкуверийн олимпийн дараа би ингээд төгсгөл ирж байна гэж бодсон. Гэтэл яагаад ч юм би энд хүрээд ирчихсэн байна. Чөлөөтэй, эрх дураараа мэт санагдаж байгаа олон шалтгаан бий. Наанадаж л тэмцээн, уралдаан болох гэж байна гэсэн айдас төрөхгүй. Ванкуверийн олимпийн дараах тэмцээний бэлтгэлүүд бие махбодийн хувьд үнэхээр хэцүү байсан. Дараагийн зорилгоо тодорхойлж амжаагүй байсан болохоор юуны төлөө ингэж зорьж, зүтгэж байгаагаа ойлгохгүй хэцүү санагддаг байсан. Одоо тэр бүгдээс саллаа.
-Та яг одоо юу хийхийг хамгийн ихээр хүсч байна вэ?
-Дахиж жингээ барих шаардлагагүй болсон гэж бодохоор бүр инээд минь хүрээд байх юм…
-Төмөр хүн мэт үргэлж сэтгэл хөдлөлөө нууж чаддагийн тань нууц нь юундаа байна вэ?
-Нууц гээд байх зүйлгүй ээ. Би багын л ийм зан авиртай хүүхэд байсан. Эргэн тойрон дахь бусад гулгагчдыг харахад бид бүгд өөр болох нь харагддаг. Үнэхээр авьяастай боловч сандарснаасаа болоод чухал үед өөрийгөө нээж чаддаггүй уран гулгагч байдаг. Би ч гэсэн сандардаг л даа, гэхдээ өөрийгөө хянаж чаддагаараа давуу талтай юм болов уу. Би ийм л хүн. Тийм ч учраас тамирчин байхаар заяагдсан байх.
-Тэмцээн дууссаны дараа ч та сэтгэл хөдлөлөө огт гаргаагүй шүү дээ?
-Алтан медалийн төлөө өрсөлдөөгүй болохоор бусад хүмүүст тэгж санагдсан байх. Би мөнгөн медаль хүртсэн, тэгэхээр надад гуниглах шалтгаан байхгүй ээ.
-Та цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хэсэг хугацаанд амарч, бие сэтгэлээ тэнхрүүлнэ. Гэхдээ цагаа дэмий өнгөрүүлэхгүй ээ. Мэдээж хийх зүйл их бий. Үлдсэн амьдралдаа юу хийх талаар бодох цаг минь ирлээ.
-Таны хамгийн дурсамжтай гулгалт гэвэл…
-Сочийн чөлөөт үзүүлбэр. Мэдээж онцолж нэгийг сонгоход хэцүү л дээ.
-Тэгвэл гурвыг сонгож нэрлэ гэвэл…
-Сочи, бас Ванкувер. Гэхдээ л сонгож, онцолж хэлмээргүй байна.
-Хийхийг хүсч байсан ч хийж чадаагүй зүйл бий юү?
-Тамирчин хүний хувьд хориотой олон зүйл бий. Тэдгээрийн нэг нь хоол хүнс. Өмнө нь би үргэлж л жин нэмчих вий гэж санаа зовдог байлаа. Гэтэл одоо миний хувьд жин нэмэх, ердөө хэдхэн кг жин нэмэх гэдэг маш хэцүү асуудал болчихож.
-Уран гулгалт таны хувьд яг юу вэ?
-Хэчнээн хичээгээд ч надаас салгаж чадахгүй тийм л зүйл. Бэлтгэлийн дараах үр дүн чухал хэдий ч бэлтгэлийн явц илүү үнэ цэнэтэй байдаг. Мэдээж амжилт чухал боловч түүнд хүрэх алхам бүр ямар чухал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Та ямар дүрээр хүмүүсийн сэтгэлд үлдэхийг хүсдэг вэ?
-Ванкуверийн олимпийн аварга, Сочийн олимпийн мөнгөн медальт гэж цоллуулахаасаа илүү Ким Юна гэдэг уран гулгагч байсан шүү гэж хэлүүлэхийг л хүсч байна.