Манай редакцийг эдийн засагч, улс төрч, тамирчин, дуучин, дадлагын оюутан, тэтгэвэрийн насныхан гээд янз бүрийн хүмүүс зорьж ирдэг. Харин энэ удаа “News week”-т зочилсон хүн бол Аюурведын амралт, аялалын “Сахасрара трэвел” компанийн захирал Ш.Халиун юм. Түүний сонирхолтой яриаг хүргэе. -Аюурведа гэж нэршил монголчуудын хувьд харьцангуй шинэ ойлголт байж мэдэх юм. Аюурведа гэж юуг хэлж байгаа талаар та ойлголт өгөхгүй юу?
-Аюурведаг 5000 жилийн түүхтэй, хүн төрөлхтний анхдагч анагаах ухаан гэж хэлж болно. Утгачилбал, амьдралын ухаан гэсэн үг. Аюурведын засал, сувилалаар хүний биеийн алжаал ядаргааг тайлж, эрчим хүчийг идэвхижүүлэн, хүний тэр бүр мэдэрдэггүй энергийн нарийн түвшинд зөв урсгалыг идэвхижүүлж, шаардлагагүй хорыг гадагшлуулдаг юм. Аюурведын засал, сувилалыг дурын хүн хийж чадахгүй. Зөвхөн хүний энергийн системийн нарийн мэдлэгтэй, мэргэшсэн иогч эмч нар үүнийг хийдэг. Энергийн талаар мэдлэггүй, ойлголтгүй бол Аюурведын засал, сувилалыг хийх боломжгүй. Аюурведаас Хятад, Түвдийн анагаах ухаан салбарласан гэдэг. Монголчуудад энэ талаар ойлголт бага байж магадгүй. Аюурведа бол байгалиас үндэслэсэн асар том гүн ухаан юм. Бид тэрхүү том ухагдахууны зөвхөн хэсгээс буюу эрчим хүчний урсгалыг байгалиар нь засах, хүний биеийн байгалийн тогтолцоог дэмжих заслыг түгээж байгаа юм.
-Аюурведын аялал, амралтын давуу тал нь юу юм бэ?
-Аюурведын сувилал, амралтад амрахаар тэрбумтнууд Энэтхэгийг зорин очдог. Бид монголчуудад зориулж аялал зохион байгуулж эхэлсэн байгууллага гэж ойлгоход болно. Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй өмнөд мужид Аюурведын амралт, сувилал нилээн өндөр өртөгтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин бид үйлчилгээ, үр өгөөжөөрөө тэднээс ялгаагүй ч арай хямд үнээр Дели-Жайпур- Агра (Таж Махал) маршрутаар Энэтхэгийн түүх дурсгалт газруудаар аялуулах, Аюурведын амралт, сувилалд явуулах ажлыг зохион байгуулж байна. Ирэх дөрөвдүгээр сараас Энэтхэгт халуун нэмэгдэж эхлэхээр Жайпур хотын амралтаас татгалзаж, арай сэрүүвтэр Гималай руу аялахыг хүмүүс хүсдэг. Бид Энэтхэгийн туршлагатай, мэргэжлийн аялалын компанитай хамтарч ажилладаг болохоор эрсдэлгүй бөгөөд сонирхолтой, сэтгэл ханамжтай аялал болдог л доо. Мянган удаа сонсохоор нэг удаа үз гэдэг шүү дээ. Хүний байгалийн эрчим хүчийг идэвхижүүлдэг Аюурведын аялал, амралтыг жуулчид маш ихээр сонирхдог. Аялалын давуу тал нь ажил ихтэй хүмүүст байгалийн үзэсгэлэнт газраар явж, шинэ зүйл үзэхээс гадна сэтгэлээ сэргээж, биеийн алжаал, ядаргааг тайлах үр дүнтэй аялал, амралт болж өгдгөөрөө онцлог. Аюурведын аялал, амралтад нэг удаа яваад л үр өгөөжийг нь хүн өөр дээрээ мэдэрнэ.
-Байгалиар засах гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Хүний систем хамгийн нарийн мэдрэлүүд дээр тогтдог. Аюурведын иогч, эмч нар тусгай оношилгоон дээр үндэслэн, байгалийн гаралтай ургамал, тос зэргээр засал, сувиллаа явуулдаг юм л даа. Жишээлбэл, манай бариач нар судас барьж оношилдог шиг Аюурведын эмч нар тухайн хүний бие махбодь, жин, арьс, үсний шинж чанар, хоолны дуршил, шингэц, цусны эргэлт, ажлын онцлог, дадал зуршил, харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн зэргийг харгалзан, эрчим хүчний байгалийн урсгалыг нь чөлөөтэй урсгахаар сэргээж өгдөг. Машинтай зүйрлэвэл хүн хэт их ажилласны улмаас өөртөө маш их ачаалал үүсгэсэн байдаг. Эсвэл хөдөлгөөн дутагдсанаас болж эрхтэн системийн үйл ажиллагаа хямардаг. Хөдөлгүүр шиг хөдөлгөгч, амьдын хүч гэж хүнд байдаг. Энэ хүч байгалийн уялдаа чанараа алдах үе тохиолддог. Хүн бүр адилхан биш шүү дээ. Тиймээс иогч эмч нар хүн бүрийн онцлогт тохирсон засал сувилалыг тааруулж, үйлчилдэг. Бие физиологийн талаас нь сайн мэддэг эмч байж болох ч учир дутагдалтай. Хүний бие махбодь олон зүйлээс шалтгаалдаг, нарийн бүтэц учраас бүх талаас нь, цогц засах нь чухал. Хүний стресс, ядаргаа нэмэгдсээр, хэвийн байж чадахгүй болох нь байгалийн, амьдралын, хувь хүний онцлог, дадал зуршил гэх мэт олон зүйлээс шалтгаалсан байдаг.

-Алжаал, стресс ядаргаа тайлах олон арга байдаг шүү дээ. Найз нөхөдтэйгээ уулзах, кино үзэх, салхинд гарах гээд л. Шар айраг, дарс уух ч юм уу. Энэ бүхэн стресс тайлах арга мөн үү?
-Алжаал, ядаргаа тайлах арга гэхээсээ илүү сэргээш гэсэн үг л дээ. Архи, тамхи эд эсийг үхүүлж, оюуныг мохоодог. Салхинд гарч, эрч хүчээ сэлбэх нь стресс, ядаргааг түр зуур мартуулах хэлбэр боловч дотроос нь хүчтэй үр дүнтэй өөрчлөлт өгөхгүй. Нэг зүйлийг нөгөөгөөр сольж, мартуулах л арга юм. Адреналиныг янз бүрийн аргаар өдөөж, өөрсдийгөө хуурдаг. Энэ нь яваандаа мэдрэлийн системийг гэмтээх аюултай. Тиймээс өөрийнхөө адреналины эх үүсвэрийг байгалиар нь хөгжүүлж, идэвхижүүлэх нь маш чухал. -Яавал стрессгүй амьдрах вэ?
-Бие махбодийн ядаргаа, өвчин, дутагдал, хомсдол гэхээсээ илүү оюуны үйл явц явагдаж байна. Муу санаа, муухай сэтгэл, шударга бус зүйл бүгд сөрөг хүчин үүсгэдэг. Үүнээс шалтгаалсан зовлон хүмүүсийг ядрааж байна. Хүмүүс өнөөдөр аль болох агаар, салхинд гарч амрах, өөрийгөө тайван байлгах гэж хичээдэг болсон нь үүний нэг жишээ. Таныг төөрөгдүүлдэг, өөрийгөө бүхнийг мэдэгч гэж сэтгэдэг, бусдыг сонсдоггүй, ганцаардмал, хуурамч хүмүүсээс харилцааны хувьд хол байх хэрэгтэй. Амьдын хүч, амьдралыг тэтгэдэг хүч байдаг шиг мөхөөж, дарамт үзүүлдэг, буруу зүйлд хөтөлдөг сөрөг хүч бас байдаг. Яг одоо бол ийм хүч идэвхижиж байна.
Хүмүүс энерги гэж их ярьдаг болсныг та анзаардаг уу. Гэхдээ далдын хүч, хар шид, засал ном уншууллаа гээд эерэг, амьдын хүчийг сэргээж чадахгүй. Ийм хүчнүүд нь хүнийг түр зуур сэргээж, зовлонг хэсэг зуур мартуулахаас гадна далд ертөнцийн үхмэл хүчнүүдийг идэвжүүлэх буюу хүний доод ухамсрыг идэвхжүүлж, эрүүл бус сэтгэцтэй болгодог. Сайн сайхны тухай бодох, сайн хүн байх гэж хичээх нь хангалтгүй. Их уншдаг, гоё ярьдаг байх ч хамаагүй. Хамгийн гол нь хүнд эерэг хүч бодитоор оршиж байна уу, үгүй юу гэдэг л чухал. Юм үзэж хардаг, зөн билигч, домч, шившлэгч хүнийг мундаг, гэгээрсэн гэх ойлголт их байгаа нь харамсалтай. Үхсэн сүнс дуудах, далд ертөнцийн хүчнүүдийг буруу шүтэх, юуг нь ч мэдэхгүй байж сонирхох нь буруу энергийг идэвхжүүлэх аюултай байдаг. Эмчлэгдэшгүй, эсвэл оношлогоогүй, үл ойлгогдох бүх өвчин далд ертөнцийн муу хүчнээс шалтгаалдаг, хүмүүс үүнийгээ ядаргаа, өвчин гэж бодох нь элбэг.
-Оюунлаг байна гэдэг ном их уншдаг, олон талын өргөн мэдлэгтэй байхыг хэлдэг гэх ерөнхий ойлголт бий. Харин та оюунлаг гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Тэгэлгүй яахав, өргөн мэдлэгтэй байх нь хамгийн оюунлаг хэлбэр. Гэхдээ хүн оюунлаг болохын тулд дан ганц ном уншиж, онолоос бүх мэдлэгийг олж авч чадахгүй байх. Олж авсан мэдлэгээ өөрийн болгож чадахгүй бол өөрийгөө хэвэнд цутгаж байгаатай адил хиймэл зүйл болно. Байгалийн үйл явцаар хүн дотроосоо л хөгжиж, төлөвшин боловсордог. Дотроо юу агуулна, тэр нь хувь хүний гаднах байдалд, цаашилбал амьдралд нь тодорхой илэрдэг.
Оюунлаг болохын тулд өөрийгөө дотроосоо нээх зүйлийг олох хэрэгтэй. Олон ном уншсанаас энэ ойлголт хамаарахгүй. Их уншсанаар тархины чадавхи сайжирдаг. Гэвч нөгөө талаар хэт их унших нь тархийг ачаалж, нэг хэвшсэн хэлбэрт оруулах буюу сэтгэх чадварыг мохоох явдал гардаг. Хуучны чанартай сонгодог зохиолоор сэтгэлээ дүүргэж, урамшиж амьдрах нь нэг өөр.
-Заримдаа хүнд өөрийнхөөрөө байж чадахгүй байгаа юм шиг хачин мэдрэмж төрөх үе байдаг. Ийм тохиолдолд юу саад болдог юм бэ?
-Дэмий бодлууд. Илүү, дутуу зүйл бодож, түүнийгээ ургуулан төсөөлснөөр хүн өөрийгөө л дэмий зовоодог. Бодлын ачаалал эрүүл сэтгэхүйд бүрхүүл үүсгэж, өөрийнхөөрөө байхад болон орчныг бодитоор харахад садаа болдог мэт санагддаг.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №051