”B.Путин асуудлыг тодорхойлж чадахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

”B.Путин асуудлыг тодорхойлж чадахгүй байна”

С.Алексашенко: B.Путин оросын эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлж чадахгүй байна

ОХУ-ын Ерөнхий сайд Владимар Путин саяхан парламентын хуралдааны үеэр "Орос улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийд эхний тавд бичигдэх ёстой" хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр оросын эдийн засаг тийм хүчирхэг болж чадах уу. Энэ талаар HSE сургуулийн макро эдийн засгийн шинжээч Сергей Алексашенко "valdaiclub.com" сайтад өгсөн ярилцлагыг хүргэе.
 
-В.Путины гаргасан мэдэгдэл үнэхээр бодит болох боломжтой юу?
-Энэ бол Оросын улс төрийн нөхцөл байдлын талаар гадныхны төсөөллийг өөрчлөх гэснээс өөр зүйлгүй байх. Орос оронд бүх зүйл хэвийн байгаа гэдгийг хүмүүст нотлохын тулд В.Путин иймэрхүү мэдэгдэл байнга хийдэг. Оросын одоогийн төрд, зөвхөн хилийн чанадад гэлтгүй, дотоодод нь дайсан мундахгүй олон байгаа. Ийм үед ард иргэд нь Засгийн газар, эрх баригч намдаа итгэдэг байх ёстой. Тиймээс В.Путины мэдэгдэл энэхүү итгэлийг гүнзгийрүүлэхэд тодорхой үүрэгтэй байж магадгүй.

-Оросын одоогийн Засгийн газар нийгмийн халамжийн асуу­далд хэрхэн хандаж байна вэ?
-Яг өнөөдрийн байдлаар сон­гуулийн өмнөх үеийн хандлага их ажиглагдаж байна. Дэлхийн олон оронд эрх баригчид сонгуульд оролцохын өмнө хийсэн ажлаа тайлагнадаг болохыг хичээж бай­гаа. Гэхдээ ихэнхдээ нийгмийн халамжийн салбарт юу хийж бүтээсэн бэ гэдэгт гол анхаарлаа хандуулах гээд байдаг. Оросын хувьд одоо яг тийм тайлангаа гаргах гэж бэлдэж байх шиг санагдаж байна. Тухайлбал, Оросын Эрүүл мэндийн яам тэтгэврийн тогтолцоонд хэрхэн шинэчлэл хийсэн тухай ярих болсон. Ингэхдээ барууны жишгийг дагасан гэдгээ ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл Европынх шиг үр дүнд хүрч чадаагүй.

-В.Путины өгч байгаа олон амлалтуудын нэг нь орон сууцны зах зээлийг ойрын хугацаанд тогтворжуулах. Тэрбээр хэлсэн үгэндээ хүрч чадах болов уу?
-В.Путин 2015 он гэхэд Оросын гурван гэр бүл тутмын нэг нь моргейжийн зээлд хамрагдаж, орон сууцтай болно гэж амласан. Энэ бол тун хийсвэр дүгнэлт. Орос иргэдийн орлого, орон сууцны үнэ хоёрын хооронд асар том зөрүү бий. Саяхны нэгэн судалгаагаар оросуудын ердөө 5-7 хувь нь моргейжийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох боломжтой гэж гарсан. Энэ тоог дөрөвхөн жилийн дотор тав дахин нэмэх боломжгүй.

-Орост бизнесийн орчин ямар­хуу байна вэ. Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалт нэмэгдэв үү?
-Нэг онолыг анхаарч үзэх хэрэгтэй. В.Путин ч өмнө нь хэлж байсан. Орос улс ганцхан жилийн дотор гадны хөрөнгө оруулалтыг 60-70 тэрбум ам.доллар болгон нэмэх ёстой гэж. Тэгж байж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4-5 хувиар өснө. Түүний энэ амлалт байж болох зүйл. Учир нь дотоодын хөрөнгө оруулагчдыг хичнээн дэмжсэн ч өөдтэй үр дүнд хүрч чадахгүй. Түүнчлэн гадны хөрөнгө оруулалтыг дагаад зөвхөн мөнгө биш технологи, менежментийн хөгжил орж ирнэ. ОХУ-ын Ерөнхий сайдын хувьд тэрбээр гадны хөрөнгө оруулалтыг дэмжихгүй бол Оросын эдийн засаг шинэчлэгдэж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь тэрбээр хөрөнгө оруулагчдыг татах бизнесийн таатай орчинг бүрдүүлж чадахгүй байна. Энэ талын эрх зүйн зохицуулалт нь хүртэл одоогоор хангалтгүй байгаа.

-Оросын эдийн засагт тулгарч байгаа ямар асуудал байна вэ?
-Үүнийг ерөнхийд нь гурав хувааж болно. Төрийн инсти­ту­туудаас хамааралтай хөрөнгө оруу­лалтын таагүй орчин, зах зээлийн өрсөлдөөнгүй байдал, эдийн засаг дахь төрийн зохицуулалт хэтэрхий их байгаа гэх мэт. Эдгээр асуудлыг шийдэхгүй бол Орос улс эдийн засгаа шинэчилж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө хурдасгаж чадахгүй. Энэ нь боломжгүй зүйл. В.Путин Оросын эдийн засагт тулгарч буй асуудлыг зөв тодорхойлж чадахгүй байна.

-Оросын эрх баригчид үйлд­вэржилтийн салбарыг шинэч­лэн тухай ярьж байгаа. Энэ нь яг юу гэсэн үг вэ?
-1970, 80-аад он буюу ЗХУ-ын үед байгуулагдсан үйлдвэрүүдийг шинэлчлэх тухай онцолж байгаа байх. Бүр 30, 40 жилийн настай хуучин тоног төхөөрөмжөөр орчин үеийн ертөнцөд оросууд тийм ч их зүйл хийж чадахгүй. Тиймээс В.Путин үүнийг өөрчлөхийг хичээж байж болно. Эсвэл энэ салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж магадгүй. Ямартай ч яг аль нь вэ гэдэг нь одоохондоо ойлгомжгүй байна.

-Орост хүн бүр эдийн засгийн шинэчлэл, инноваци, технологийн хөгжлийн тухай ярьж байна. Үүний дараа юу хийх вэ?
-Дараагийн хийх ёстой зүйл бол Оросын Засгийн газар болон энгийн иргэдийн хоорондын, эсвэл төр, бизнес эрхлэгч хоёрын дундах харилцааг өөрчилж, шинэчлэх явдал. Оросын төр засаг одоо аль эрт үеийн хуучирсан арга барилаар иргэдтэйгээ харьцаж байна. Ямар ч улс төр, эдийн засгийн өрсөлдөөн байхгүй. Шүүхийн бие даасан тогтолцоо, хууль дүрэм үйлчилдэггүй. Харин хаа сайгүй авлига, үрлэгэн байдал харагдаж байна. Товчхондоо хүмүүсийн хандлагыг өөрчилж байж Оросын эдийн засаг жинхэнэ утгаараа шинэчлэгдэж чадна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж