
Тус сум нь тэмээний баярыг 2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд 9 дахь удаагийн баярыг Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, сум хамтран зохион байгуулсан байна. Завхан сум нь 1973, 1989 онуудад нэгдлийн болон сумын тэмээгээ түмд хүргэж түмэн тэмээний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхэн гавъяатай сум юм.
Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, ССАЖЯамны мэргэжилтнүүд болон Увс аймгийн удирдлагууд, албан байгууллага, аймаг сумдын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ.
Уг баярын арга хэмжээнд тэмээн буухиа тэмээний уралдаан, буухиа, мөн сайхан тэмээтэй ганган хос зэрэг тэмцээн зохиогдсоноос тэмээний уралдаанд Завхан сумын Айраг нуур багийн уяач Б.Олзбатын хурдан улаан тэмээ түрүүлж хоёрт тус сумын МУ Хөдөлмөрийн баатар Г.Шагдарсүрэнгийн хүрэн, гуравт Ургамал сумын уяач Болдын шар, дөрөвт Завхан сумын Шарбулаг багийн уяач М.Төржаргал, тавд Ургамал сумын уяач В.Мөнхдалайгийн шар тэмээ удаа дараа ирж наадамчин олноо баярлууллаа.
Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээнд сумын ирээдүй Цэцэрлэгийн ганган хос Ж.Баатар Г.Тунгалаг бяцхан хос 5 настай Г.Түвшинжаргал хүү 5 настай В.Энхмэнд охин, Айраг нуур багийн Б.Наянтай Л.Ариунаа нар шалгарсан байна. Тэмээн буухиа тэмцээнд Наранбулаг сумын малчин Төртогтох ахлагчтай баг Завхан сумын малчин Ц.Ганбат ахлагчтай баг тус тус шалгарч шагналын эзэд тодорлоо.