
Өнгөрсөн 2013 онд “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр” Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад хэрэгжиж, удахгүй улсын комисс хүлээн авахаар ажиллаж байгаа юм.
Сумдын Засаг дарга нартай уулзсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг,
-Өмнө нь, УИХ-ын гишүүн тойрогтоо хэдэн барилга бариулснаар үнэлэгддэг тогтолцоотой байсан. Тойрогтоо хэдий чинээ олон барилга бариулна тэр гишүүн төдий чинээ нэр хүндийг олно. Гэтэл ямар ч судалгаа шинжилгээ байхгүйгээр олон тендер зарлаж, барилга бариулсныг төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулах нь элбэг байж. Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Зүүнхараад Монгол Улсдаа хоёрдугаарт тооцогдох усан бассейн бий. Усан бассейныг барихад улсын төсвөөс маш их хөрөнгө гаргасан. Харин тэр усан сангаар нь хэн ч үйлчлүүлдэггүй. Энэ усан сангийн ажилчдын цалин, урсгал засвар гээд бүгдийг төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гаргадаг. Тэгвэл одоо Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт дахин усан бассейн барьж байна. Төсвөөс 2,1 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл дахиад мөнгө нэхдэг. Хэд дутуу гэлээ гэж Сэлэнгэ аймгийн Засаг дарга нараас Ерөнхий сайд асуутал,
-Бассейныг бүрэн ашиглалтад оруулахын тулд одоо таван тэрбум төгрөг хэрэгтэй гэж Сэлэнгэ аймгийн удирдлагууд хариуллаа.
Энэ бол ганц жишээ. Энэ мэтээр төсвийн хөрөнгийг, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйл зарцуулж байгаа олон тохиолдол бий. Тиймээс 2014 онд Шинэ сум төсөлд хамрагдахаар болсон сумдын Засаг дарга нар маш хариуцлагатай хандаарай. Улсын мөнгийг хэрэггүй зүйлд үрэх ёсгүй гэдгийг онцоллоо.
Харин Шинэчлэлийн Засгийн газар ямар аймгийн аль суманд хэдэн барилга байгууламж хэрэгтэй юм гэдгийг сайтар судалсны үр дүнд шийдвэр гаргаж байна. Сумдын шинэчлэл ажил 2013 оноос эхэлсэн. Гэсэн ч анхны ажил гэдэг утгаараа учир дутагдал их бий гэдгийг ч Засгийн газрын тэргүүн сумдын Засаг дарга нарт ярилаа.
“Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр” ёсоор 3000 хүн амтай нэг сумын төвд
-640 хүүхдийн багтаамжтай сургууль
-160 хүүхдийн сургуулийн дотуур байр
-280 хүүхдийн цэцэрлэг
-Арван ортой эмнэлэг
-250 хүн багтах Соёлын төв өргөө
-25 суудалтай номын сан зэрэг барилга байгууламжууд баригдана. Мөн барилга байгууламжаа дагаад халуун, хүйтэн усны шугам, цэвэрлэх байгууламж, жижиг оврын уурын зуух зэргийг барихаар хөтөлбөрт багтаасан байна.
Үүний дараа Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сумын төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулах “Сумын төвийн шинэчлэл” төслийн талаар танилцууллаа.
Энэ төсөлд орох сумдыг сонгохдоо тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас санал авсан байна. Харин Барилга, хот байгуулалтын яамнаас сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашид хэрхэх хөгжих, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумандаа үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жил гадаад, дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьжээ.
Шаардлага хангасан 16 сум болох Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэгийг 2014 онд шинэчлэхээр болжээ.
БХБ-ын сайд Ц.Баярсайхан танилцуулгын үеэр Засаг даргын тамгын газаргүй сум бий эсэхийг асуутал “Байна” гэлээ. Ямар ч тохиолдолд “Сумын төвийн шинэчлэл” төслийн хөрөнгийг дур мэдэн, Захиргааны барилга гэх мэт зүйлд зарцуулах ёсгүй гэдгийг сумдын Засаг дарга нарт анхаарууллаа.
2014 онд “Орон нутгийн хөгжүүлэх сан”-гаар дамжуулан сум бүрт 250-520 орчим сая төсөвлөсөн байна. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд гэхэд 2014 онд 519 сая төгрөгийг “Орон нутгийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан төсөвлөсөн гэнэ. Тиймээс сумдын Засаг дарга нарт энэхүү мөнгийг зарцуулах бүрэн эрхтэй болсон. Төсвийн мөнгийг үр ашигтай зүйлд зарцуулахыг Ерөнхий сайд, БХБ-ын сайд нар Засаг дарга нарт сануулсан юм.