“Youtube”-ийг ухагсад хөөрхийс”

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

“Youtube”-ийг ухагсад хөөрхийс”

Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очиртой ярилцлаа. Миний төсөөлж байснаас тэс өөр хүн байлаа. Түүнийг хөгжилтэй, нээлттэй хүн болов уу гэсэн төсөөлөл төрж байснаа нуух хэрэггүй биз ээ…

-Г.Ган-Очир гэдэг хүн одоо юу хийж байна вэ?

-Одоогийн байдлаар “Хувьсал” продакшны “Хайр” бүтээлд бүжиг дэглээч, хөдөлгөөний тавилтын найруулагчаар ажиллаж байна. Ихэнх хүмүүс энэ ажлыг мэргэжлийн үүднээс тайлбарлаагүй учраас ойлгохгүй. Зөвхөн бүжгийн урлагт уян зөөлөн, хатуу хөдөлгөөн байдаг юм биш. Хүний үйлдэж, хөдлөж байгаа бүгдийг мэдрэмжтэй цэгцтэй урлагийн болгож харж чадах юм бол гайхалтай хөдөлгөөн байдаг юм гэдгийг дэлхийн ертөнц мэдэрчихсэн. Харин манайхан хожуу мэдэрч, хожуу үнэлж байна л даа. Энэ талаасаа хувьсал хийх газар “Хувьсал” продакшн болж байгаа юм. Миний хувьд бүжиг дэглэлт гэж юу вэ гэхлээр бүжгэнд дүр бүтээх, уг жүжгэнд бүжгээр юу илэрхийлж гаргах вэ гэдэг нь чухал л даа. “Хайр” жүжгэнд хаа сайгүй байдаг, интернэтээр чихээстэй байдаг тэр бүжиг байхгүй. Энд бүжиг мэт хөдлөж байгаа жүжигчдийн хөдөлгөөн байгаа л гэж хэлмээр байна даа.

-Ерөнхийдөө хөдөлгөөнөөр ярьсан жүжиг гэж болох уу?

-Тийм. Хөдөлгөөний гайхамшиг, сэтгэл хөдлөл болон жүжгийн утгыг өгүүлж байгаа.

-Жүжиг юуг өгүүлэх вэ?

-Жүжигчдээс болон найруулагчдаас асуусан нь  дээр болов уу гэж бодож байна. Миний хувьд энэ жүжгийг өөрийнхөөрөө ойлгосон, өөрийнхөөрөө тунгаасан. Тэр зүйлийг нь бүжгээр илэрхийлсэн. Хайр гэдэг энэ дөрвөн үсэг олон зуун жилийн туршид тунхаглаж ирсэн зүйл юм. Энэ зүйлийг миний хувьд хурд, хүчээр нь мэдэрдэгээ энэ жүжгэн дээр харуулахыг зорьсон.

-Уран бүтээлч тэр дундаа жүжигчидтэй ажиллахад хэр хүндрэлтэй байсан бэ? Жүжигчид ер нь хэр эвсэлтэй бол…?

-Хөдөлгөөний эвсэл гэдэг ойлголтыг нийт үзэгчид маань гэдэг юм уу, урлагийнхан маань жаахан дутуу ойлгоод байдаг юм шиг. Энэ талаар асуухыг хүсдэггүй, асуух юм бол тэдгээр хүмүүс маань мэдлэг дутуу байгаа нь мэдэгдэх учраас санаа нь зовдог байх. Хөдөлгөөний эвсэл гэдэг бол хүн бүрт байдаг зүйл, зөвхөн хөдөлгөөнийг хэрхэн гоё уран харагдуулах вэ гэдэг аргыг л бид олох ёстой. Олох ёстой гэж юу гэсэн үг вэ гэхээр хэрэгтэй гэсэн үг. Тиймээс жүжигчид бүгдээрээ эвсэлтэй чадвартай. Харин тэр хөдөлгөөнүүдээ ар, араас нь үйлдэхдээ ямарваа нэгэн утга санаануудыг хэрхэн зөв илэрхийлэх вэ гэдэг л чухал. Мөн хэрхэн зөв дараалалд оруулах нь.

-Таны төлөвлөсөн дараагийн ажил ямар ажил байна вэ?

-Би урьд өмнө юу хийж байсан, дараа нь хийхийгээ тайлбарлах дургүй. Яагаад… Урлаг нэгдүгээрт нууц байх ёстой, хоёрдугаарт яаран дүгнэлт хийх боломжгүй. Мөн би өөрөө ч яаран дүгнэлт хийх дургүй. “Урьд нь миний хийснийг та бүхэн ойлгоогүй шүү дээ” ч гэдэг юм уу, “тэдэн ширхэг төлөвлөгөөг давуулан биелүүлнэ” гэдэг ч юм уу иймэрхүү маягийн үглэл надад таалагддаггүй. Би уран бүтээлээ хийж яваа жирийн л нэг уран бүтээлч. Мэдээж арын зурваст байдаг нь ойлгомжтой. Энүүндээ би гутардаггүй, харин ч бахархадаг. Анх “Хувьсал” продакшн энэ жүжгийн тухай ярьж эхлэхэд надад тавьсан саналыг би хүлээж авсан. Энд ажиллаж байх үедээ жүжигчдийн яаж бүжиглэх  яаж жүжиглэх вэ гэдэгт нь нарийн шатлалтайгаар орж ажилласан. Энэ үүднээсээ ч “Хувьсал” продакшн надад санал тавьж ажилласан болов уу гэж боддог. Багын анд найз, нэгэн үеийн У.Урнаа бид хоёр бие биенийгээ уран бүтээлчийн хувьд үнэлж хүндэлдэг учраас намайг урьсан байх. Түүнтэй ажиллахад урамтай, эрчтэй байж болдог. Өндөр шаардлага тавихад хүлээж авч чаддаг. Зүйрлэвэл дэлхийн аврага болсон Канадын баг шиг цэрэгжилттэй сахилга баттай ажиллаж чаддаг.

-Ер нь таниас нэг асуулт асуумаар санагдчихлаа. Гадаадын бүжигчид тэр дундаа гудамжны бүжигчид Монголд ирээд нэг сургалт, тэмцээн зохиочихоод түүнийхээ хариуд үнэлгээ өгөөд дүгнэчихээд явчих юм. Энэ ер нь зөв юм уу? Монголын бүжгийн хөгжлийг дүгнэдэг нь гадаадын уран бүтээлчид болчихоод байгаа юм биш үү?

-Энэ бүжгийн урлаг ямар шатанд яваа вэ гэдгийг дүгнэдэг хувь хүн байгууллага гэж байдаг. Урлаг судлаач, шүүхчид ч юм уу удирдах албанд ажилладаг тэр хүмүүс бүжгийн урлаг хаана явааг хэлэх болов уу. Миний хувьд энэ зүйлийг хэлэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл энэ бүжиг буюу хөдөлгөөний урлаг бол дандаа хоёр, гуравдугаарт явдаг урлаг юм. Нэгдүгээрийн араас явдаг учраас санаа зовох хүчтэй бүлэг бага. Яагаад энэ муу байгаа юм гэж мууг нь муулчлах хүмүүсийн тоо, давхарга харин зузаан. Гудамжны бүжиг миний амьдралд тохиолдсон нэг том адал явдал. Энэ зүйл үе, үед л байсан өнөөдөр “Youtube” гэдэг хогийн савыг ухаж байгаа залуус, хөөрхийс зайлуул өчигдөр гудамжны бүжиг үүсээд өнөөдөр манайд хөгжиж байгаа юм шиг л ойлгодог. Уг нь аль эрт үүсчихсэн. Бүр гудамж гэдэг нэр хэзээ үүссэн тэрэнтэй зэрэгцээд үүссэн урлаг л даа. Ганцхан глобал байж чадаж байгаад баярлах хэрэгтэй биш цааш нь яаж хөгжүүлэх вэ гэдэг л чухал юм. Одоо бол миний хувьд энэ гудамжны бүжгийг урлагийн болгож хөгжүүлэх үү гэхээс биш надад гудамжны бүжгийг хөгжүүлэх шаардлага байхгүй. Би 1990-ээд онд өөрийнхөө цаг үед гудамжны бүжгийг үзсэн. Одоо илүү их орчин үеийн бүжиг гэдэг зүйл рүү мэргэжлийн тайзнаа мэргэжлийн уран бүтээлчдэд хүргэх нь чухал. Тэгээд ч гудамжны бүжгийг мэргэжлийн гэж томъёолсон уран бүтээлч, байгууллага байдаггүй. Нэг ч дэлхийн кино одод, урлагийн ямар ч төрлийн уран бүтээлчид мэргэжлийн гэж гаргаж тавьдаггүй, бүжиглэдэггүй. Энэ бол ард түмэн хувь хүмүүсийн сонирхол буюу сонирхлын түвшинд байдаг бүжиг гэж явдаг. Тэгээд ч болоогүй байна. Гадны хүмүүс ирж дүгнэж байна гэдэг бол нэгдүгээрт залуучууд маань эв нэгдэлгүй байна. Хоёрдугаарт, урьд нь байсан гудамжны бүжгийг мартчихаж. Гуравдугаарт, интернэт гэдэг ертөнцөөр аялаж, зугаалсан зүйлээ тахин шүтэж өөрсдөө зохион бүтээх чадваргүй болчихжээ.

Ер нь бол хөдөлгөөний урлагт  дурлаж байгаа залуучуудад баярладаг. Гэхдээ хүнтэй өрсөлдөх биш ээ, өөрөө өөртэйгөө өрсөлдөх хэрэгтэй. Би одоо энд ярилцлага өгч байна гэхдээ би ямар ч хүнд элментийг хийж чадна. Миний ингэж хэлж байгаа нь ч учиртай…хүн өөрөө өөрийнхөө өрсөлдөгч байх ёстой. Гэвч хүмүүс яадаг вэ гэхлээр дандаа “тэд, чи” гэж ярьдаг. “Тэд нар буруу урсгалаар, хоцрогдсон бүжиг хийж байна” гэдэг ч юм уу. Харин түүний оронд өөртэйгөө тэмцээд хийдэг бай гэж хэлмээр байна.

Эцэст нь хэлэхэд, миний өгсөн энэ ярилцлага энгийн даруухан ярилцлага байгаасай. Мөн миний ярилцлагыг бусад хүмүүс ч тэгэж ойлгоосой. Уг жүжгийн талаарх миний сэтгэгдэл, яриа нь “Хайр” уран бүтээл дээр бид маш их хөдөлмөр, сэтгэл, зүрхээ зориулсан гэдгийг л хэлэхийг хүссэн юм. Мөн тэгэж хүлээж авдаг хүмүүст баярлалаа комментийн боловсролд боловсорцгооё.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж