
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс прокурор болон цагдаагийн байгууллагаас татгалзаж байна.
Харин эх сурвалжийн мэдээлснээр “Макс өргөө” компанийхныг барилгын ажлыг түр зогсоох шийдвэр гаргасан байхад хууль зөрчиж барилга барьж байсан эсэх асуудлыг шалгаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 01-нд МХЕГ-ын улсын байцаагчид тус компанийн барилгад шалгалт явуулж, барилгын ажлыг түр зогсоогоод байсан аж. Гэтэл дөрөвхөн хоногийн дараа “Макс өргөө” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа барилгын гадна талын шилэн фасадны ажлыг хийлгэхээр “Мээж гласс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fassad in” компанийн захирал Ким Хэ Жун нартай гэрээ байгуулж захирал Д.Ганбаатараар батлуулсан гэнэ. “Макс өргөө” компаниас дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарлаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл МХЕГ-аас барилга барих эрхийг нь түр түдгэлзүүлж, Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрлийг нь өгчихсөн байж магад юм байна.
Ямартай ч “Макс өргөө” компанийг барилга барих зөвшөөрөлтэй байсан эсэхийг, шилэн фасадны ажлыг гүйцэтгэж байсан “Мээж гласс” компанийн удирдлагуудыг шалгах ажиллагаа үргэлжилж байна.