“Эрдэнэт”-ээс ирээдүйд юу үлдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт”-ээс ирээдүйд юу үлдэх вэ?

Өнгөрсөн зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт, төсвийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа ирээдүйд хэрхэх бол. Ойролцоогоор 40 жилийн нөөцтэй гэх энэ үйлдвэрийг даган сүндэрлэсэн зуун мянган хүн амтай Эрдэнэт хотынхон тэр цагт хэрхэн амьдрах бол. Өнөө цагт зэсийн баяжмалын экспортоороо дэлхийд долоод, азидаа нэгт тэргүүлж буй энэ уурхай үр, өгөөжгүй болсон үйлдвэртэй, хөгжил үгүй орхигдсон хот хоцрох уу. Цагтаа зоосны нүхээр харсан хүн бүрт бараа, бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хэд дахин өндөрөөр шахах дуусч дундаршгүй далай мэт дурсамж л зогссон үйлдвэрийн балгастай хамт үлдэх үү, эсвэл…

Ирээдүйн “Эрдэнэт”-ийн тухай ийм л төсөөлөлт бууна. Тэр цагт бусад аймгуудын нэгэн адил Орхон аймаг төсвөөс татаас авч, түүгээрээ гол зогоодог болох байхдаа гэх гунигтайхан бодол галт тэрэг аажуухан хөдлөх ахуйд төрлөө. Бид “Эрдэнэт”-ийг зорьж явна. Зургаан мянган ажиллагсдынх нь 95 хувийг монголчууд бүрдүүлдэг энэ үйлдвэрийн тайлантай танилцах завшаан Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Гaлаарид тэргүүтэй хэвлэл мэдээллийн багт олдсон юм.

Өмнө нь тайлан байтугай мэдээлэл байдаггүй, тусгаар тогтнолсон вант улс аятай байсан энэ үйлдвэрийн талаар төсөөлөл, таамаг төдийхөн мэдээлэлтэй байсан сэтгүүлчдэд тэрхүү тайлан ихэд сонирхолтой байсан нь гарцаагүй.

Өчигдрөөс өнөөдөр…

Анх ашиглалтанд орохдоо жилд 4 сая тонн хүдэр боловсруулж эхэлсэн энэ үйлдвэр ирээдүйд 16 сая тоннд хүргэнэ гэж байсан бол өдгөө 26 сая тонн хүдэр боловсруулаад эхэлжээ. Энэ тоог “2020 он хүртэл техник, технологийн шинэчлэлт, стратеги төлөвлөлт, бодлогын дагуу ажлын бүтээмжээ нэмэгдүүлж хүдэр боловсруулалтыг 35 сая тоннд хүргэнэ” гэж “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлээ. Инженерүүдийнх нь ярьж байгаагаар энэ онд 31 сая тоннд хүргэх гэнэ. Ашиглалтын эхэнд оройн хэсэг нь далайн түвшнээс дээш 1606 метрт байсан бол ашиглалтанд явуулж буй хамгийн доод түвшин нь 1265-т хүрчээ. Тус үйлдвэрийн хэрхэн ашигтай ажиллах нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ямар байхаас шалтгаална. Нэг ёсны зэсийн үнэ өндөр бөгөөд тогтвортой байвал ашигтай, унавал ашиг багатай ажиллана гэсэн үг. Мэдээж хэрэг зэсээ түүхийгээр нь бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргавал өндөр ашигтай ажиллах нь гарцаагүй. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд юу саад болж байна вэ гэсэн асуултанд “Бидэнд хөрөнгө хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийж чадвал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй болох бүрэн бололмж бүрэн бий” гэж “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлсэн бол оросын талын төлөөлөгч “Оросын талын зүгээс шинэ санаачлага бүрийг дэмжиж ирсэн төдийгүй, цаашид ч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ” гэлээ. Тиймээс энэ үйлдвэрээс илүү их ашиг хүртэхийн тулд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг хийх нь Засгийн газрын хийх ёстой ажлын нэг болсон гэсэн үг. Энэ талаар байнга ярьж ирсэн ч харамсалтай нь хийж ирсэнгүй.  

Бүсээ чангалах бодлого буюу хэмнэлт

“Эрдэнэт”-ийн барааны агуулахад хэзээ хэн хэрэглэх нь тодорхойгүй 130 гаруй тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн материал байсныг 30-аад тэрбум төгрөгөөр багасгажээ. Өмнө нь хэт өндөр үнээр шахдаг байсныг зогсоож 2013 онд тус үйлдвэр бараа бүтээгдэхүүний үнийн зөрүүнээс 38 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэнэ. “Эрдэнэт” үйлдвэр белазийн нэг ширхэг дугуйг 85 сая төгрөгөөр худалдаж авдаг байсныг 48 сая төгрөг болгожээ.

Ерөнхий захирал болон удирдлагуудын танилцуулсан тайлангаар тус үйлдвэр 2011 онд импортоор 227 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Үүний найман хувийг нь дотоодын үйлдвэрлэгчдээс авч байсан бол өнгөрсөн онд хийсэн нийт худалдан авалтын 15 хувийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээс авсан байна. Энэ онд импортыг орлох бүтээгдэхүүний эзлэх хувийг 40 хувьд хүргэхээр зорьж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр 2012 онд л гэхэд худалдан авах гэрээ хийсэн компаниудын 70 хувьд нь урьдчилгаа болгон үнийн дүнгийн тавин хувийг өгдөг байсныг болиулсан гээд хэмнэлтийн бодлого баримталснаар ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэж чадсан гэнэ. Нөгөөтэйгүүр жилдээ ашиглах ган бөмбөлгийг хувийн компаниудаар дамжуулан өндөр үнэтэй авдаг байсныг больж, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар 4 сая ам.доллар хэмнэх тооцоо гарсан байна.

Нөгөөтэйгүүр “Эрдэнэт”-ийн Засвар механикийн үйлдвэрийн инновацын төслийн багийнхан “Утаа тоос, хүнд металлын агууламж бүхий хорт хийг сорж цэвэрлэх бага оврын төхөөрөмж” төслийг амжилттай хэрэгжүүлснээр УШТ-2 төхөөрөмжийг зохион бүтээж, ашиглаж эхэлсэн байна. УШТ-2 төхөөрөмж нь хүнд металлын агууламж бүхий хорт хий, утааг сорж цэвэрлэх зориулалтай Ингэснээр ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, амьсгалын болон мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад ихээхэн ач холбогдол өгсөнөөс гадна 14 сая төгрөгийн үнэтэй энэхүү төхөөрөмжийг 3 сая төгрөгийн өртөгөөр дотооддоо бүтээж чаджээ. Ингэснээр нэг төхөөрөмжөөс 11 сая төгрөг хэмнэх боломжтой болсон байна. Ер нь өнгөрсөн жил гэхэд үүнээс гадна зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэмнэлтийн бодлого барьж ажиллажээ.

Харин “Эрдэнэт”-ийн талаар таагүй яриа дахин гарах болсон нь өмнөх үрэлгэн байдлыг зогсоож, зарим итгэл алдсан аж ахуйн хар жагсаалтыг гаргасан нь нөлөөлсөн гэж удирдлагууд ярьж байна. Өнөөдөр тус үйлдвэрийн ажилчдын нэг удаагийн хоолыг л гэхэд 5500 төгрөг. Гэхдээ энэ мөнгийг үйлдвэрээс гаргадаг. Ганц таваг хоол хэзээний 5500-6000 болчихсон энэ үед нэг, хоёрдугаар хоолтой, аарц, салаттай иж бүрэн хоолыг 5500 төгрөгөөр авч байгаа нь үнэхээр хямд гэхээс өөр яах билээ. Энэ тухайгаа Ерөнхий захирал Ц.Даваацэрэн өөрөө танилцуулж, уурхайчдын үдийн хоолыг хамтдаа хүртэхэд амт, чанарын хувьд ихээ аятайхан санагдсан. 

Тогтмол хэвлэл үүсч, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “зууны манлай” бүтээн байгуулалт болсон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй сэтгүүлчид ийнхүү танилцлаа. Урьд өмнө нь Ш.Отгонбилэг агсан ажилчдынхаа дунд ажлаа тайлагнаж байсан. Гэхдээ төвийн хэвлэл мэдээллийг байлцуулан ийм тайлан хийж байсангүй гэж ахмад сэтгүүлчид хэлж байсан.   

Харин “Эрдэнэт”-ийн ирээдүй хэрхэх вэ гэсэн асуултанд Ц.Даваацэрэн “Бид одооноос хаалтын сан байгуулахаар ажиллана. Эрдэнэт хотод ирээдүйд хүн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Хамгийн өндөр түвшинд техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон оношлогооны төвтэй болно. Онгоцны буудлаас гадна метротой ч болно. Нөөц дуусч энэ уурхай хаалгаа барих тэр мөчид бид хэзээний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнд үйлдвэртэй болчихсон байна. Энэ хэтийн бодлогыг уурхай хаагдах тэр мөчид биш үйл ажиллагаа нь хэвийн яваа энэ цаг үед ажил болгох нь чухал” гэж байна. Энэ үүнийг хийж чадвар тавин жилийн дараах Эрдэнэт өнөөгийнхөөс ч илүү хөгжилтэй байх нь. Хүн мөрөөдөлтэй байна гэдэг сайхан, мөрөөдлөө биелүүлнэ гэдэг бүр ч сайхан.


үргэлжлэл бий.
   
 Л.НАРАНТӨГС
   
  







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж