Монголчууд дамжин өнгөрөх тээврээ сурталчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Монголчууд дамжин өнгөрөх тээврээ сурталчилж байна

Эдийн засгийн хөгжлийн гацаа төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нүсэр ажлын хажуугаар транзит буюу дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх талаар ярих болов. Үүний нэгэн тод илрэл бол “Транзит-Монгол” хурал энэ жил Улаанбаатар хотноо өчигдрөөс эхэлсэн нь байлаа. Уламжлал болон зохиогддог энэ хуралд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд жил бүр ээлжлэн өөрийн улс орондоо төлөөлөгчдийн хурлыг зохион байгуулдаг ажээ. Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Вьетнам, Өмнөд Солонгос улс тус байгууллагын гишүүн бөгөөд энэ жил дараалал ёсоор Зам, тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран Улаанбаатар хотод зохион байгуулж буй.

Өчигдрийн байдлаар гадаадын гийчид, дотоодын албаны хүмүүс гээд нийт 90 орчим төлөөлөгч “Blue sky” цамхагт чуулж, транзит тээврийн асуудлаар санал солилцсон. Энэ жилийн хурлыг эх орондоо зохион байгуулж буйн хувьд  Монгол Улсад мэдээж хэрэг давуу тал бий. Зам, тээврийн яам, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн энэ давуу талаа ашиглаж, Монгол Улсын Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын баримт бичгийн үндсэн үзэл баримтлалаа дурдаж, манай улсаар дамжуулан бараа, ачаагаа тээвэрлэвэл ямар ашигтай юм гэх зэргээр улсынхаа төмөр замын тээврийг танилцуулж байсан юм. Төмөр замын асуудлаарх олон улсын хурал гэх авч, эхний өдрийн хурлаар лавтай дамжин өнгөрөх тээврээ гадныханд сурталчилж байна лээ. Ялангуяа Монгол Улсаар дамжуулж транзит тээвэр хийлээ гэхэд, үнэ тариф илүү уян хатан, бусад улсынхтай харьцуулахад хоёр дахин хямд болох талаар салбарын удирдлагууд дуулгахад гадны төлөөлөгчид ихэд сонирхож байсан юм. Хурлаар транзит тээвэр, гуравдагч зах зээлд гарах Монгол Улсын боломж гэсэн хоёр үндсэн асуудлыг онцолж, гадаадынханд хандан ярьсан.

Транзит тээврээр амлах монголчуудын санал 

Өөрсдийнхөө худалдааг яая гэж байж, дамжин өнгөрөх тээвэр хийх гээд байгааг шүүмжлэх хүмүүс багагүй бий. Зам, тээврийнхэн эхний ээлжинд зах зээлийн эрэлтийг харсан байна. Манай хоёр том хөрш болох БНХАУ, ОХУ 2020 он гэхэд өөрсдийнхөөө худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх тооцоо гаргажээ. Үүнд тээврийн коридориуд хэрэг болох учир Монгол Улс газар нутгийн ашигтай байрлалтайн хувьд энэ орон зайг сонирхож байгаа ажээ. Хоёр том гүрнийхээ дунд туслан дэмжигч байдлаар гүйгээд байх юм биш биз? гэсэн асуултад Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр “Хоёр хөршийн коридорийн эрэлтийг бодолцож үзэхэд энэ бол ашигтай бизнес. Тиймээс одоо байгаа коридороо шинэчлээд, баруун, зүүн чиглэлд коридор нэмж байна” гэж хариулсан юм. Ийнхүү дамжин өнгөрөх тээврээс Монгол Улс ашиг олохын тулд түншдээ хямд, амар хялбар саналыг тавьж байгааг хурлын үеэр танилцуулж байна лээ. Тийм  ч учраас хурлыг "Уян  тариф, хатуу график, нэг цонхны үйлчилгээ" сэдвээр зохион байгуулж байгаа гэв. Үнийн хувьд, Монголоор дамжуулан ачаа, бараагаа тээвэрлэвэл бусад оронтой харьцуулахад хоёр дахин хямд үнийг санал болгоно гэнэ лээ. Хугацааны хувьд ч түргэн , шуурхай байлгахыг дуулгасан. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу транзит тээвэр хийхэд 37 цаг, БНХАУ-аас ОХУ руу бол 40 цаг тээвэрлэх бодит судалгааг албаныхан гаргасан байна. Дамжин өнгөрүүлэхэд бичиг баримтын  асуудал их гарна. Монголчууд цахим хэрэглээ болон нэг цонхны үйлчилгээнд сүүлийн жилүүдээс л бодитоор орж эхэлсэн бөгөөд транзит тээвэрт шаардлагатай бичиг цаасны ажлыг үүгээр шийдэх нь. Гадны улстай харилцаж, бараа тээвэрлэлтийг нь хийхэд нэг цонхны үйлчилгээгээр Гааль, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналтын газар, хорио цээрийн асуудлыг шийдэж, гадны түншид хүндрэл гаргахгүйг анхаарна гэв.

Шинэ төмөр зам транзит тээвэрт оролцох боломж

Монголчууд анх удаа уртаа гээч төмөр зам барих шийдэлд хүрсэн. Арга зам нь асар бэрх, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа  болохоос хөрөнгө мөнгөө шийдээд, зөв зарцуулж чадвал эдийн засгийн үр өгөөж нь өндөр. Монгол Улс 2020 он гэхэд жилдээ 100 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох том зорилттой. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд төмөр зам хэрэгтэй.  "Шинэ төмөр зам" төслөөр нийт 5600 км төмөр зам барих ёстой. Эхний ээлжинд Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ барина. Энэ нь Тавантолгой-Сайншанд /468 км/, Сайншанд-Хөөт /450 км/, Хөөт-Чойбалсан /155 км/, Хөөт-нөмрөг /380 км/, Тавантолгой-Гашуунсухайт /267 км/, Чойбалсан-Эрээнцав /210 км/ гэсэн зургаан чиглэлийнх юм. Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2013 оны тавдугаар сард эхлүүлсэн 2015 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Монгол Улс жилдээ 20 сая хүрэхгүй сая тонн нүүрс экспортолж чадаж байгаа бөгөөд энэ хэсгийн төмөр замын хүчин чадал жилдээ 30 сая тонн байх ажээ. Ингэснээр нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх нөөц боломж бий болно. Тээвэрлэлтийн зардал 2.5-3 дахин буурах тооцоотой. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүнээ авто тээврээр биш, төмөр замаар тээвэрлэх нөхцөл бүрдэх бөгөөд нөгөө талаараа энэ нь Монголын транзит тээврийн нэгэн том коридор болж, урд, хойд хөршийг холбосон дамжин өнгөрөх тээвэр хийх талаар албаныхан тайлбарладаг.
Шинэ нөөц боломжийн хувьд ийм бол одоо байгаа хүчин чадлын тухайд, Улаанбаатар төмөр замд техникийн хүчин чадлыг нэмэх хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлжээ. Үр дүнд нь УБТЗ-ын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох ажээ. Иймд тээвэрлэх ачаа эргэлтийг транзит тээврээс олох чиглэлийг ийнхүү барих болсон байна.

Гуравдагч зах зээлд гарах эрмэлзлэл

Монголчуудын мөрөөдөл урд, хойд хоёр том гүрний хилийг давж, гуравдагч оронтой худалдаа, наймаа чөлөөтэй хийх. Далайд гарцгүй манай орны хувьд энэ нь ямагт холын төсөөлөл мэт байж, хоёр том гүрний дунд хавчигдсан аятай олон жилийг өнгөрөөжээ. Зах зээлд том, жижиг нь хамаа байхгүй нэгэн өрсөлдөгч гарч ирэх тул Монголыг өөрийн орныхоо хилээр дамжуулан гаргаж, худалдаа наймааг нь "цэцэглүүлнэ" гэдэг нь юу л бол. Мөн гуравдагч оронтой нийлж, импортоо өөр орноос базаах вий гэх санаа том гүрний хувьд байх л асуудал гэдэг нь олон жилийн туршид ил байсаар ирэв. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, монголчууд гуравдагч зах зээлд гарна гэж хурлын үеэр Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр зоригтой хэлж байна лээ. Ингэхдээ Монгол Улс БНХАУ, ОХУ-ын боомт, төмөр замаар дамжин өнгөрч, гуравдагч оронтой худалдаа хийх ажээ. Энэ талаарх асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцэж буй гэх бөгөөд олон улсын конвенцийн дагуу шийдэж болно гэсэн. НҮБ-ын Далайн эрхийн тухай конвенцид далайд гарцгүй орны хөрш зэргэлдээ орнууд нь гуравдагч зах зээлд гарах гарцыг хангаж өгөх ёстойг тусгасан байдаг ажээ. Энэ дагуу шийдэх боломжтой гэх юм.

Дэлхийн зах зээлийн хямралын үеэр амжуулж монголчууд төмөр замтай болох гэж шамдан байна. Үүнийхээ хажуугаар дамжин өнгөрөх тээврийг эрчимжүүлэх бодлого, чиглэлийг төр засгаас барих болжээ. Хоёр том гүрнийг холбосон транзит тээвэр нь эерэг, сөрөг талтай гэгддэг бөгөөд үүнийг эсэргүүцэх хүмүүс багагүй бий. Тиймээс төр засгийн том шийдвэрт хөндлөнгийн байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн санал бодлыг тусгах хэрэг гарах нь зүй ёсны хэрэг юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж