Транзит тээвэрт уян тариф санал болгов

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Транзит тээвэрт уян тариф санал болгов

“Транзит-Монгол” олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Вьетнам, Өмнөд Солонгос улсууд жил бүр зөвлөгөөний хурлыг ээлжлэн хийдэг бөгөөд зургаан жилдээ нэг удаа Монгол Улс зохион байгуулах эрхтэй юм.  Энэ удаагийн хуралд Зам, тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, тээвэр зууч, томоохон ачаа илгээгч, хүлээн авагч аж ахуйн нэгж байгууллагууд, төмөр замын операторууд, БНХАУ, ОХУ болон бусад улсын гээд нийт 90 орчим төлөөлөгч оролцож байна. “Транзит-Монгол” олон улсын хурлыг  энэ жил Монгол Улс зохион байгуулж буй учир бид өөрсдийн нөөц, боломж, саналуудыг гадны төлөөлөгчдөд танилцуулах давуу эрхтэй юм. Тийм ч учраас олон улсын хурлын сэдвийг “Уян тариф, хатуу график, нэг цонхны үйлчилгээ” гэдгээр онцолж, манай улс транзит тээврээ хэрхэн хөгжүүлж, бусад улстай хамтран ажиллах боломжтой талаараа ярилцлаа. Ингэхдээ үндсэн гол хоёр асуудлыг хөндсөн.

Энэ үеэр Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын дарга Ё.Манлайбаяр Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын баримт бичгийн гол үзэл баримтлалыг онцлоод, үүнд одоо байгаа төмөр замаа шинэчлэх, шинэ төмөр зам барих үндсэн чиглэлтэйг гадны төлөөлөгчдөд хэлсэн. Энэ бодлогын хүрээнд нийт 5600 км төмөр зам барихаас эхний ээлжинд 1800 км төмөр замыг газар нутгийн зүүн, баруун чиглэлд барих ажлыг эхлүүлсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа ийм урт төмөр зам барьж буй нь онцлог болохыг ийнхүү дурдаад чухам энэ орон зайг транзит тээврээр хөгжүүлэх учир БНХАУ, ОХУ хамтран ажиллахад аль аль талдаа ашигтай гэдгээр тайлбарлаж байна. Монгол Улс транзит тээвэр хийхэд бусад улсад харьцангуй хямд үнээр үйлчлэхийн зэрэгцээ “Нэг цонх”-ны үйлчилгээгээр түргэн шуурхай бичиг баримт бүрдүүлэх саналыг тавьж байгаа ажээ. Монголоор бараагаа транзит тээврээр дамжин өнгөрүүлсэн тохиолдолд баримтлах үнэ тарифын хувьд, бусад гадны улсаас хоёр дахин хямд үнийг санал болгох юм байна. Гадны төлөөлөгчид ч энэ талаар ихэд сонирхож байгаа нь харагдсан. Цаг хугацааны хувьд гэвэл, Монгол Улсаар бараа, бүтээгдэхүүнээ дамжин өнгөрүүлсэн тохиолдолд ОХУ-аас БНХАУ руу 36 цаг, БНХАУ-аас ОХУ руу 40 цаг тээвэрлэх ажээ.

Түүнчлэн мөн нэг гол асуудал бол, манай улс ОХУ, БНХАУ-аар дамжуулж гуравдагч орны зах зээлд гарах. Энэ асуудлыг бодит ажил хэрэг болгохоор улсуудын төр засгийн хэмжээнд хэлэлцээ хийж буйг Зам тээврийн яамны удирдлагууд хэлсэн. Ингэснээр БНХАУ, ОХУ-ын  боомтуудыг ашиглан гуравдагч оронд бүтээгдэхүүн экспортлох гарц нээгдэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж