Монголын мөнгийг нүд цавчилгүй хамгаалж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Монголын мөнгийг нүд цавчилгүй хамгаалж байна

Эрсдэлийн удирдлагын алба Монголын мөнгийг нүд цавчилгүй хамгаалж байна

Монгол баяжиж байна. Мөнгөтэй болсон байна шүү. Манай мөнгөний нөөц хэзээ нэг их наядаар хэмжигдэж, валютын нөөц хоёр тэрбум ам.дол­лараас давж байсан билээ. Харин мөнгө өсөхийн хэрээр түүнийг яаж хадгалж, хямгадах вэ гэдэг чухал. Жижигхэн эдийн засагт маань гэнэ­тийн энэ их мөнгийг шингээх чад­вар юусан билээ. Хамгийн гол нь үржүүлэх гэж шунах биш, алдчихгүй байх нь чухал гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Хямралын үед дэлхийн улс орнууд нөөцийн мөнгөө нэр хүндтэй банкуудад байршуулаад алдаж баларсан. Гэвч тэднийг яаж ч шийтгээд тэр хохирлыг төлдөггүйг бид харсан. Манай улс ч гэсэн өндөр хүүтэй байрлуулах гээд 10 тэрбум ам.доллараа тавиад туучихсан шүү дээ. Ёстой л мөнгөтэй байхын зовлонг эдэлж суудаг хүмүүс нь Монголбанкны эрсдэлийн удирд­лагын албаныхан юм. Үүнийг анх 2007 оны эхээр тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч А.Бат­сүх санаачлан байгуулсан. Уул уурхайн баялгаас олох орлого өсөн нэмэгдэж, цаашид эдийн зас­гийн сэргэлт айсуй, товчхондоо их мөнгөний урсгал Монгол руу чиг­лэж буйг мэдээд угтуулан авсан арга хэмжээ нь энэ. Нөгөөтэйгүүр ту­хайн үед улс орнуудын нөөц мөн­гийг хадгалсан банкууд сүйрч буйг хараад хэн ч байсан энэ талаар бодох, хийх хэрэгтэй болсон. Тэр тусмаа мэргэжлийн хүний хувиар айсуй эрсдлийг угтуулан арга хэмжээ авсан нь тэр дороо үр дүнгээ өгсөн юм. Эрсдэлийн удирдлагын албыг том шалгуур угтав. Инфляци 33 хувь хүрчихсэн, түүнийг бууруулахын тулд ямар арга хэрэгслийг ашиглахыг олон хувилбараар тооцож гаргалаа. Сон­госон арга хэмжээгээ авч хэрэг­жүүлсний дүнд инфляцийг бууруулж чадсан. Хамгийн гол нь манай улсын нөөц хөрөнгийг нэг ч центээр дутаалгүй хямралыг давсан билээ. Энэ амаргүй ажилд жинхэнэ мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тухайлбал нөөцийг хэзээ, хаана байршуулах вэ. Аль банкинд нөөцийнхөө хэдэн хувийг, ямар хугацаа, хүүтэйгээр байршуулбал эрс­дэлгүй байх вэ гэдгийг тооцоолж, зөв хариу гаргах маш том хариуцлага тэд­нийг хүлээдэг. Үүний тулд дэл­хийн хамгийн найдвартай, өндөр зэрэглэлтэй, нэр хүндтэй банкуудыг жагсаагаад, судалж үзсэн. Эцэст нь ААА зэрэглэлийн банкийг сонгосноор эрсдэлийг амжилттай даван туулсан. Өөрөөр хэлбэл дэлхийн эрсдэлийг судалж, урьдчилан харж чадсанаар улсын нөөц мөнгөө хамгаалж чаджээ. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн нөхцөл, инфляцийн болон валютын хан­шийн өсөлт, бууралт, эрсдлийг нүд цавчилгүй харж, судалж байж нөө­цөө хамгаалж, болзошгүй то­хиол­долд угтуулан арга хэмжээ авч байна. Түүнчлэн арилжааны бан­­кууд эрсдэлийн удирдлагын алба­тай болсон. Ингэснээр иргэн таны банкинд хадгалуулсан мөнгийг ту­хайн банкны эрсдэлийн удирдлагын алба хамгаалж байгаа гэсэн үг.  Хэн нэгэн зээлдэгч хэт их мөнгө зээлээд, төлж чадахгүй бол тухайн банк хүнд байдалд орохгүй байх аргыг ч тухайн банкны эрсдэлийн алба урьдчилан тооцоолдог болсноор банкууд тогт­вортой, найдвартай ажиллах болсон. 

Мөнгөний бодлогын шийдвэрийг мэргэжлийн түвшинд гаргахын тулд ямар хэмжээний нарийн тооцоо судалгаа гаргадгийг жи­рийн иргэд тэр бүр мэддэггүй. Тухайлбал инфляцийг таамаглах SIMOM загварыг мэргэж­лийнхэн нь “жижиг” загвар гэдэг юм билээ.  Гэтэл энэ нь төгрөгийн зээ­лийн хүү, гадаад валютын зээлийн хүү, валютын ханшийн, хүнсний ба­рааны үнийн, шатахууны үнийн, ДНБ-ий, цалингийн гэхчлэн нийтдээ 10 тэгшитгэлээс бүрддэг. Улирал бүр шинэчлэн үнэлж байдаг энэ загварын таамаглалаар Монголбанк улс орныхоо эдийн засгийн эрсдэлийг урьдчилан тооцоолж, мэргэжлийн дүгнэлт гаргадаг ажээ.

Эрсдэлийн удирдлагын алба анх байгуулагдах үед манай гадаад валю­тын цэвэр нөөц 269.6 сая ам.дол­лараар өссөн байлаа. Энэ ньгадаад цэвэр актив өмнөх оныхоос 304.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх шалтгаан болсон юм. Гадаад цэвэр албан нөө­цийн энэхүү огцом өсөлтөд га­даадын банкинд дахь хугацаат хад­галамжийн хэмжээ 38.5 хувиар, га­даадын Засгийн газрын үнэт цаас 27.7 хувиар, гадаадын банкин дахь харилцах 18 сая ам.доллараар, мөн­гөжсөн алт 64.2 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлсөн. Одоо энэ тоо хэд дахин өссөн билээ гэдэгтэй харьцуулбал Эрсдэлийн удирдлагын алба ямар хэмжээний хөрөнгө манаад байгаа нь тодорхой биз ээ. Жишээ нь тэр үед жилд мөнгөний нийлүүлэлт 1.9 удаа эргэлдэж байсан бол одоо эргэлтийн хурд эрс өссөн байгаа нь хэнд ч тодорхой билээ.  Одоо ч Монголбанкны Эрсдэлийн удирдлагын алба яг ийм маягаар ажиллаж байгаа. Өнөөдөр тус банкны Эрсдэлийн удирдлагын албаны за­хиралаар ажиллаж буй Н.Батсайхан л гэхэд МУИС-ийг эдийн засгийн бакалавр, бизнесийн удирдлагын мас­тераар найман жил, дараа нь Японы Олон улсын их сургуулийг Олон улсын хөгжлийн мастераар сурч төгс­чээ. Тэрбээр Монголбанкинд 11 дэх жилдээ ажиллаж байгаа, мөнгө­ний бодлого судалгаагаар олон жил мэр­гэшсэн, эрсдлийн удирдлагын ал­быг анх байгуулагдсан цагаас нь удирдсан туршлагатай эдийн засагч юм.

 Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнуудын хэмжээнд инфляци “шүдний өвчин” болж, Монголын эдийн засаг гаднаас орж ирж буй бэлэн мөнгөний урсгалыг шингээх чадвар, найдвартай арга замыг эрэлхийлж буй энэ цаг үед Монголбанкинд Эрсдэлийн удирд­лагын албаны үүрэг хариуцлага нэ­мэгдэж буй. Үүнийг байгуулсан нь хамгийн оновчтой зөв алхам байсан, цаашид улам чухал объект болохыг нөхцөл байдал харуулж байна. Тэгэ­хээр  А.Батсүхийн “төрүүлсэн” алба дөрвөн нас хүрч, өнгөрсөн хугацаанд үүргээ сайн биелүүлжээ. Монголчууд баялагтай болох нэг хэрэг, түүнийг эрсдэлээс хамгаалах бүр ч чухал гэдгийг цэвэр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн энэ багийнхны үйл ажил­лагаа харуулдаг боловч тэдний онц­гой чухал үүрэг хариуцлагыг хэн ч үнэлдэггүй нь харамсалтай. Нө­гөө талаас олон жилийн турш ху­римтлуулсан, улс орнынхоо хамаг мөнгийг хадгалуулсан байгууллагаа анхаарахгүй байгаа нь гэнэн ч юм шиг. Тиймээс цаашид Монголын “хур хөрөнгө”-ийг эрсдэлээс хамгаалдаг арын албаныхны ажлыг зөв үнэлэх хэрэгтэй байна.

Г.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж