-УИХ-ын намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийн төслийг хамт баталсан. Харамсалтай нь алтны орд газрыг хойч үедээ авч үлдэх асуудлыг оруулаагүйд зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан. Хамгийн гол нь алтны хууль хэрэгжсэнээр Монгол орныхоо байгалийн баялгийг цөлмөх нэг эрсдэл байна гэж харагддаг. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Энэ бол чухал асуудал. Монгол төр уул уурхайн баялагтаа хэт их шүтэж болохгүй. Мөн ирээдүйн хөгжлөө уул уухай дээр дохож болохгүй байгаа юм. Харин Монгол төрийн бодлогодоо ирээдүй хойчдоо баялгаа үлдээх нь чухал. Гэхдээ яг тэр ордыг үлдээнэ гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт. Бид газар нутгийнхаа 30 гаруй хувийг тусгай хамгаалалтад авна. Одоогоор 17 хувийг хамгаалалтад аваад байгаа. Мөн Урт нэртэй хуулийг санаачлаад хэрэгжүүлээд явж байгаа.
Харин энэ хуулиар нөөцөлсөн, тархалсан талбайд асар их хэмжээний баялаг бий. Миний хувьд үүнийг ирээдүй, хойч үедээ үлдээж байна гэж ойлгож байгаа. Би Урт нэртэй хуулийн санаачлагчдын нэг. Ийм учраас ирээдүйдээ баялаг үлдээхийн тулд гол усны хуулийг анхнаас нь боловсруулсан.
Харин “Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол болохгүй. Компаниуд өртэй боллоо” гэж үзэж байна. Тэгэхээр өнөөдрөөр харж болохгүй. Миний хувьд арай алсыг харсан байдлаар явуулах ёстой гэж үзэж байгаа. Тэр ч утгаараа гол усны эх сав, ногоон бүсэд байгаа баялгаа түр мартаад Оюутолгойгоос татвараа сайн авах хэрэгтэй. Мөн өндөр үр өгөөжтэй уул уурхайн үйлдвэрлэл, байгаль орчинд халгүй технологийг явуулах хэрэгтэй.
-Нөөц ашигласны татварыг 2,5 хувь болголоо. Үүнийг сөрөг хүчин буруутгаж байгаа. 2,5 хувь болгох нь зөв хувилбар уу?
-Зөв. Яагаад гэвэл, 10 хувьтай байхаар алтыг хулгайгаар гаргах нөхцөл бүрдсээр байна. Өөрөөр хэлбэл, алтны бизнесмэнүүд ашгийнхаа 10 хувийг төрд өгөхгүй байна. Үүнд Монголоо гэсэн зүрх сэтгэл дутаад байгаагийн хэрэг. Харин 2,5 хувь болгож байгаа нь ухаалаг бодлогын нэг. Татварыг буруулж, алтаа Монголбанкинд тушаалгах нь хамгийн чухал. Гол нь Монголын алтыг Хятадын биш, аль нэг хөрш орны банкинд тушаалгахгүй байхын тулд 2,5 гэдэг хувилбарт хүрсэн.
-Гэхдээ алтны татварыг бууруулснаар Оюутолгойд ашигтай юм биш үү?
-Би үүнийг өөр өнцгөөс харж байгаа. Оюутолгой Монгол Улсын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компани. Монголын хуульд захирагдаж, олборлосон алтаа тушаах нь нээлттэй. 1000 тонн алт гэдэг хэдэн их наяд ам.доллар. Харин алтаа баяжмалтайгаа хамт гаргаад Хятадын банк 1000 тонн алтыг авбал бидэнд харамсалтай. Тэгэхээр Оюутолгойгоос гарч байгаа 1000 тонн алтыг Монголбанкиндаа үлдээх ёстой. Харин Төв банк 1000 тонн алттай байснаар монгол төгрөгийн ханш чангарна.
Миний хувьд ингэж харж байгаа. Алтны татварыг 2,5 болгосноор жижиг чулуугаар томыг цохино гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр би хамар доорхи зүйлээ ярьж, улс төр хийгээд жижгэрмээргүй байна. Монгол эх оронд минь хадгалагдаж байгаа алтыг Монголбанкинд тушааж, үүгээр монголчууд эрсэлгүй амьдрах ёстой. Үүний зэрэгцээ алтны татварыг хөнгөлснөөр ганцхан Оюутолгойд ашигтай юм биш.
Монголчуудад ч ашигтай. Бид цөөхөн хэдэн төгрөгний төлөө хөөцөлдөөгүй, том эрх ашгийн төлөө явж байгаа. Монголбанк алттай болсноор аль ч улсын банк, компанитай ярьж болно. Гол нь сайхан л Монголбанк гэсэн нэр байдаг. Харамсалтай нь зооринд нь алт алга. Тэгэхээр алтны тушаалтыг нэмэгдүүлэхийн тулд энэ хуулийг баталсан.
-Ингэхэд нийгэм, эдийн засагт хүндрэл байгаагийн нэг том шалтгаан нь валютын ханшийг тогтвортой барьж чадахгүй байгаа явдал бий. Үүнд Засгийн газар, Монголбанкны буруу байгаа биз?
-Нууж болохгүй ганц зүйл байдаг. Тэр нь эдийн засгийн даралт гэдгээр эрүүл мэнд. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг халуурч, хатгаа аваад, цэх сайхан явж чадахгүй. Хөл нь доголж, өнхөрч, элгэрээ хэвтлээ. Ам.долларын ханш 1800 төгрөгт тун удахгүй хүрэх гээд байна. Би шинэчлэлийн, манай АН, миний намын Засгийн газрын бодитой зүйлийг хэлмээр байна. Үнэхээр нөхдүүд валютын ханшийг барьж чадахгүй байна. Энэ бол харамсалтай.
Гол, гол чухал бодлогоо зоригтой хэрэгжүүлэхгүй байна. Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог, мега төсөлд зарцуулах ёстой байсан ч нийгмийн ач холбогдолтой зам тавьсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, нүүрсний зам, зэс хайлуулах үйлдвэр барьсан бол шууд эзийн засагт нөлөөлөх байсан.
Гэтэл аль нь ч байхгүй, шүүрэн шанага шиг байна. Би үүнд л харамсч байна. Хайран сайхан алтан боломжоо алдаж байгаа юм. Бид өргөн, нарийн гэж маргалдаж байхад Оросууд төмөр замаа бариад аль хэдийнэ Монголыг ардаа орхисон. Оросын захиалгын дагуу улстөрчид нь үзэлцээд байх хооронд хойд хөршийн ах нар нүүрс нийлүүлэлтээр бидний урд орчихлоо. Бид ийм л хөгийн байна.
-Тэгэхээр Засгийн газар шинэчлэлээ буруу замаас эхлүүлсэн гэж хэлж болох уу?
-Ер нь аль нэг Засгийн газарт нэр өгөх нь буруу. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар байгаа. Тэгэхээр дараагийн Засгийн газрыг цэнхэр, улаан гэх юм уу. Үүнийг би буруу шааж байна. Гэхдээ энэ Засгийн газар бонд гаргалаа. Энэ бол шинэ зүйл. Гэхдээ маш том ач холбогдолтой зүйлийг хийсэнгүй. Яах вэ, хөтөлбөр гэж явж байгаа. Гэвч ардаа валютын баталгаагүй асар их төгрөг гаргаснаас болж валютын ханшинд нөлөөлөөд байгаа хэрэг.
Эх сурвалж:
www.info.mn