Венесуэлийн үндэсний баяр ч эсэргүүцлийг намжаасангүй

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Венесуэлийн үндэсний баяр ч эсэргүүцлийг намжаасангүй

Венесуэлд сөрөг хүчин, оюутан залуусын тэргүүлсэн Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал, үймээн олон хоног үргэлжилж байна. Венесуэлийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт эхэлсэн үндэсний баяр “Карнавал”-ын өдрүүдэд бослого, үймээн түр намжих найдлага тавьж байсан нь талаар болжээ. Каракаст өчигдөр /III.2/ 1000 гаруй хүн оролцсон Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөж, мөргөлдөөнөөр өндөрлөсөн байна. Жагсагчдын зүгээс өнгөрсөн хэдэн долоо хоногийн  хугацаанд баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардаж байжээ. Үүний хариуд Каракасын албаныхан өнгөрсөн сард баривчлагдсан 41 хүнийг сулласан байна.

Өмнө нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ард түмэндээ хандан үндэсний баяр багт наадмын өдрүүдэд бослого үймээнээ зогсоож, тайван баярлахыг уриалж байсан юм. Уго Чавесийн залгамжлагч Венесуэлд олон хоног үргэлжил, 50 орчим хүн амь үрэгдсэн эсэргүүцлийн жагсаал, бослогод сөрөг хүчнийхнийг буруутган, “цэргийн эргэлт” хийхээр оролдож байна хэмээн хардаж байгаа аж. Харин сөрөг хүчнийхэн Венесуэлийн Засгийн газрыг огцрох хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ.

“Карнавал” буюу багт наадмын баяр нь Венесуэлд долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг байна. Энэ үеэр венесуэлчүүд хотоос гарч Карибын тэнгисийн эрэг дээр цуглан бүжиж, зугаацдаг аж.

Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс тус улсад гэмт хэрэг, инфляци, хүнсний хомсдол нэмэгдсэнд эрх баригчдыг буруутган, Засгийн газрыг огцрохыг шаардаж буй юм.


Б.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж