Зээлийн батлан даалтын хууль хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Зээлийн батлан даалтын хууль хэрэгтэй байна

Хоршоологчдод зээлийн батлан даалтын тухай хууль хэрэгтэй байна

Жижиг, дунд бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж, хоршоодод хөрөнгө, мөнгө, санхүүгийн туслалцаа хам­гийн их хэрэгтэй байна. Засгийн газар, салбарын яамнаас жижиг, дунд үйлдвэрдэлийг дэмжих хөн­гөлөлттэй зээлийг олгож буй. Гэ­сэн хэдий ч цөөн хүнтэй, барьцаа хөрөнгө багатай хоршоодод зээл авах боломж төдийлөн олддоггүй ажээ. Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хоршооллын үндэс­ний нэгдсэн холбоо хамтран “Хоршоо-жижиг, дунд үйлдвэр-аж­лын байр” үзэсгэлэн худалдааг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ. Энэ үеэр хөдөө, орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн олонхи нь дээрх саналыг хэлсэн юм.

“Мишээл экспо” төвийн үзэс­гэ­лэнгийн танхимд нийслэлийн болон Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Баян-Өлгий аймгийнхан хүрэлцэн иржээ. Тэд бүтээгдэхүүнээ борлуулах, нийтэд сурталчлахын зэрэгцээгээр төр засгаас хоршооллыг дэмжихэд ямар арга хэмжээ авах талаар мэдэхийг хүсч байгаа ажээ. Үзэсгэлэнд оролцогчид ноос, ноо­луур, эсгий, ширээр хийсэн бү­тээгдэхүүнийг голчлон дэлгэсэн байсан юм. Түүнчлэн хүнсний үйлд­вэрлэл эрхэлдэг хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмж хийж, нийлүүлдэг газрууд ч ирсэн байлаа. Иргэд нэг үеэ бодвол хэ­сэг, бүлгээрээ нэгдэж, хоршоо бай­гуулж ажиллахын ач тусыг ухаарч эхэлжээ. Тиймээс ч аймаг, сумдад гар урлал, хувцас, гутал зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн хийдэг хоршоо сүүлийн үед олон болсон гэдгийг орон нутгийн төлөөлөгчид онцолж байлаа. Ерөнхийдөө нэг хэсэг “унтрах” тийшээ хандсан хоршооллын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн байна.

Гутал, цүнх зэрэг арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, хоршоодын үзэс­гэлэн, худалдааны үеэр гаргасан бүтээгдэхүүний хийц, загвар, чанар гадаадаас орж ирсэн үнэтэй гутлаас нэг их ялгарахгүй харагдах аж. Хэрэглэгчид ч үүнийг нь мэддэг болжээ. Худалдан авалт нь сайн байдаг гэнэ.  Үйлдвэрүүд гутал хийх түүхий эдээ урд хөршөөс авдаг байна. Энэ нь нэг талаар дотоодын арьс ширний үйлдвэрүүдийг хаа­сантай холбоотой. Нөгөөтэйгүүр дотоод үйлдвэрийн цагаан ултай, арьсан гутлыг өмсдөг цаг өнгөрсөн энэ үед манай арьс, ширний үйлдвэрүүдийн зу­заан, өнгө муутай арьс гологддог болсон гэнэ. Харин эсгий, ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, хоршоодод бүтээгдэхүүнээ бор­луулах зах зээл хомс байгааг хэлж байв. Сумандаа үйл ажиллагаа явуулж буй ганц нэг алтны уурхай, цагдаагийн байгууллагад өвлийн цагт оймс, улавч зэргийг нийлүүлэх төдийхнөөр хязгаарлагддаг ажээ. Гэхдээ Монгол Улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй жижиг үйлдвэр, оёдлын цех, хоршооны тоо сүүлийн үед нэмэгдэж,  энэ хэрээр ажлын байрны тоо ч нэмэгдэж байна. Харьцангуй бага зах зээлд үйл ажиллагаа явуулж буй, цөөн хүнтэй, жижиг хоршооны гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц орлого олдог гэдгийг үзэсгэлэн, худалдаанд ороцлогчид  хэлж байлаа.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осороос дараах асуул­тад хариулт авлаа.

-Үзэсгэлэнд оролцож буй хор­шооныхонтой уулзахад “Хөрөнгө, мөнгө дутагдалтай байна” гэцгээж байна. Зээл авах гэхээр жижиг үйлдвэр, хоршоодын барьцаа хө­рөнгө нь хангалтгүй байдаг бо­лолтой?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хөрөнгийн барь­цаатай аж ахуйн нэгж, хоршоодод өгөх ёстой. Хуульд ч тэгж заасан байдаг. Зээлийн батлан даалтын тухай хуулийг батлуулж чадахгүй байна. Уг хуулийг баталчихвал барьцаа хөрөнгөгүй газруудын зээл авах боломж нээлттэй болох юм. УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх байх.

-Хоршооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд уналтад орсон хэмээж байна. Тэгвэл энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газраас энэ онд хор­шооны үйл ажиллагаа, ач тусыг сурталчлах ажлыг түлхүү хийх болно. Хамтрах, хүч, хөрөнгөө нийлүүлэх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг иргэдэд болон нийгмийн бүх шатны байгууллагынханд ойлгуулахад анхаарч ажиллах юм.

Дундговь аймгийн “Онги-Уран гоёл” хоршооны дарга О.Цэвэлмаа:
-Манай хоршоо 15 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ажил, мэргэжилгүй хүмүүсийг сургаж, ажлын байраар хангасан. Одоо хоршооны гишүүд 80-100 мянган төгрөгийн тогтмол орлоготой болсон.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авч байсан.  Ноос боловсруулах нь хэ­цүү, ажиллагаа ихтэй байдаг. Тех­ник, төхөөрөмж авах гэхээр сан­хүүгийн бололцоо хүрдэггүй юм. Төр засгаас зээлийн нөхцлийг сайж­руулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй байх. Тэгвэл ажлын байраа томруулж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой болно.

“Хоршоо-жижиг, дунд үйлдвэр-ажлын байр” үзэсгэлэн нь НҮБ-аас 2012 оныг Хоршооллыг дэмжих жил болгон зарлах гэж буйтай холбогдуулан зохион байгуулж буй ажлуудын нэг бөгөөд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хоршооллыг дэмжих жи­лийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, энэ салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор зөвлөлдөх уулзалт, үзэсгэлэн, ху­далдааг зохион байгуулж байгаа билээ. Түүнчлэн энэ онд Монгол Улсад хоршоолол үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа юм.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж