Н.Батцэрэг ГХГЗЗГ-ын үйл ажиллагаатай танилцав

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг ГХГЗЗГ-ын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

    Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Шударга Ёс Эвсэл бүлгийн гишүүд УИХ-ын хууль тогтоомжууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар засгийн газрын агентлагууд болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ.

Энэ удаад УИХ-ын гишүүн,УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл бүлгийн дарга Н.Батцэрэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын харилцаа геодези, зураг зүйн газарт ажиллаж, үйл ажиллагаатай танилцан санал солилцож, ажлын чиг үүрэг, зөвлөмж өглөө. Уулзалтын эхэнд Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт болон өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлын явцын талаар мэдээлсэн юм. Мөн хийгдэхээр төлөвлөж байгаа ажил болон байгууллагын үйл ажиллагаа хийгээд салбарт тулгамдаж буй асуудлаар мэдээлэл өглөө. Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай тус салбарт тулгамдаж буй гол асуудлуудыг нарийвчлан танилцуулж байсан юм.

Тухайлбал, газар зохион байгуулах оновчтой, уян хатан тогтолцоо дутагдаж байгааг онцолж байлаа. Мөн салбарууд, засаг захиргааны нэгжүүд хоорондын уялдаа холбоо, харилцаа муу байгааг цохон тэмдэглэж байлаа. Түүнчлэн орон зайн мэдээллийн дэд бүтцийн чиглэлээр манай улс бусад улс орноос 10-аад жилээр хоцорч яваа гэдгийг албаныхан мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад орон зайн мэдээллийн дэд бүтцийн чиглэлээр дорвитой ажил хийгдэх юм бол манай улс 3D орчинд мэдээллийг тоон хэлбэрээр харж, хаана ямар ажил зогсонги байгаа гэдгийг мэдэх боломжтой болох юм. Тус газрын дарга А.Хүрэлшагайгийн мэдээлснээр манай улсын инженерүүд чадвар муудаж байгааг онцлон тэмдэглээд боловсон хүчний асуудал чухлаар тавигдаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга Ёс Эвсэл бүлгийн дарга Н.Батцэрэгт мэдээлж байсан юм. Хэрэв дээрх асуудлыг шийдэж чадвал газрын эдийн засгийн харилцаа бий болж, эрх зүйн орчинд ажиллах болно гэдгийг дурьдаж байлаа.

 Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх арга замын хувьд зөвлөгөө өгөн, санал солилцсон юм. Түүнчлэн салбарын зорилт, зорилгоо сайн харж ажиллаж байгаа хэмээн сайшааж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж