
Осама Бин Ладен үнэхээр америкчуудын заналт дайсан мөн үү. Тэрбээр “Аль-Кайда” бүлэглэлийг АНУ-ын эсрэг хөдөлгөж, 2001 оны есдүгээр сарын 11-нд аймшигт халдлага үйлдсэн үү. “Арабын ертөнцийн оюун санааны удирдагч” хэмээн өргөмжлөгдсөн Осама Бин Ладеныг Жорж Буш хий дэмий хардсан уу. “Коран” судартны үхлийн тухай мэдээлэлтэй зэрэгцэн энэ мэт хардлага бий үүслээ. Учир нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон “Аль-Кайда” бүлэглэлийн удирдагч “9/11”-ний хэрэг явдлыг зохион байгуулсан эсэхийг эцэслэн тогтоож чадаагүй юм. Тэдний хувьд, “Кени, Танзани улс дахь АНУ-ын ЭСЯ-нд алан хядагчид халдлага үйлсэний улмаас 200 гаруй хүний аминд хүрсэн” хэмээн Осама Бин Ладеныг эрэн сурвалжилж байв. Гэвч “жижиг” Буш “2001 онд болсон аймшигт халдлагыг “Аль-Кайда”-ийнхан үйлдсэн. Тиймээс толгойлогчид нь хатуу шийтгэл оногдуулах ёстой” гэсэн байр сууринаасаа огтхон ч ухраагүй.
Америкчууд хүйтэн дайн эцэс болохтой зэрэгцэн Арабын ертөнцийг дайлаар мордоцгоосон. Мэдээж хэрэг, тэдний ашиг сонирхол газрын тос руу чиглэсэн. Тиймээс Ойрхи Дорнодыг “Алтан бүс” хэмээн нэрлэж байсан хэрэг. Тэнд хяналтаа тогтоох гэж асар их хүч, хөрөнгө зарцуулсан юм. “Дарангуйлагчдын эсрэг” хэмээх лоозон барьж, Америк маягийн үзэл суртлыг нэвтрүүлж эхэллээ. Иран, Иракийн хооронд газар нутгийн маргаанаас үүдэлтэй дайн найман жил үргэлжлэхэд тэд маш том “олз” олж харсан билээ. Энэ бол Ирак. Газрын тосны баялгаар дэлхийд дээгүүрт тооцогдож, ОПЕК-т гол нөлөө үзүүлдэг тус улсыг АНУ нэн тэргүүнд онцлов. Тиймээс жолооныхоо ард навчин тамхи зууж,Фрэнк Синатрагийн дуунд уярч явсан Саддамын дэглэмийг унагахаар шийджээ. Бүр олон жилийн аян дайн явуулах тактикаа боловсруулж эхлэв. Харин Иракийн Ерөнхийлөгчийн албыг 24 жил хашсан Саддам Хусейн тэр үед жинхэнэ романтик дурлалд шатчихсан байсан юм. Тэрбээр тойрон хүрээлэгчдийнхээ нэгний охиныг дөрөв дэх эхнэрээ болгож, гэр ёслолооо тун явцуухан хүрээнд тэмдэглэв. Эрнест Хэмингуэйн “Өвгөн, тэнгис хоёр”-ыг шимтэн уншиж, “Загалмайлсан эцэг” киног дахин, дахин үзсэн ч ер уйддаггүй байлаа. Цагаан ордныхон галыг өөр рүү нь чиглүүлэхээс өмнө Арабын ертөнцийнхныг атгандаа байлгадаг байсан Саддам Хусейн тансаг харшдаа дэлхийн сонгодог бүтээлүүд, түүх, гүн ухааны сэдэвт олон ном бүхий томоохон номын сантай болов. Эх сурвалжууд Иракийн Ерөнхийлөгч агсан энэ эрхмийг нэг тэрбум 300 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн таамаглаж байсан бол тус улсын Худалдаа эрхэлсэн сайд Али Алауи “Дөчин сая ам.долларын хөрөнгөтэй” гэж мэдэгдсэн юм.
Арабын ертөнцийг дэлхийн “Гурав дахь тив” хэмээн тунхаглаж явсан Саддам Хусейны эсрэг төлөвлөгөө ч бэлэн болов. АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон Иракийг чөлөөлөх актыг 1998 онд үйлдсэн. Харин үүнийг ажил хэрэг болгох шийдвэрийг Жорж Буш 2000 оны арваннэгдүгээр сард гаргасан юм. Саддам Хусейн хаан, цэцэн бүсгүй хоёрын тухай “Забиба ба хаан” хэмээх романаа 2000 онд бичиж дууссан бол америкчууд 2002 онд аян дайны бэлтгэлээ шуурхайлсан билээ. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2003 оны гуравдугаар сарын 20-нд Америк, Их Британи улс Иракт цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Эсрэг тал нь холбоотнуудын хүчийг гайхуулах зуур Саддам Хусейн Тикрит хотноо 2500 цэрэг л цуглуулж чадсан юм. Иран, Иракийн дайнд ялалт байгуулсандаа бардамнаж явсан экс Ерөнхийлөгч энэ удаад ялагдахаа мэдэрсэн. Тиймээс 2003 оны дөрөвдүгээр сарын 4-нд Багдад хотын гудамжинд ард түмэнтэйгээ уулзсанаас хойш сураг алдарсан юм. Америкчууд түүнийг гурван жил эрэн сурвалжилсны эцэст олж, 2006 оны арваннэгдүгээр сарын 5-нд дүүжлэн хороов.
Иракийн нефтийн экспортын ашгаас таван хувийг хүртдэг байсан Саддам Хусейныг “Аль-Кайда” бүлэглэлтэй огтхон ч холбож ярьдаггүй. Тэрбээр 1995 онд Осама Бин Ладенаас тусламж гуйж байсан ч нэг их ойр дотно байгаагүй тухай эх сурвалжууд өгүүлдэг. Гэвч тэдний шүтээн нь ижилхэн байсан. Саддам, Бин Ладен нар “Коран” судар шүтэж, яруу найраг туурвидаг байв. Харин Арабын ертөнцөд америкчуудын хийж буй дайныг эсэргүүцэх үзэл нь ч ижилхэн байлаа. Америкчууд арабуудаас өшөөгөө авлаа. Харин “Аль-Кайда” лалын шашинтны ариун дайнаа хэрхэн хийх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин