
2010 оны сонгуулийн дараа Виктор Янукович гэрлийн хурдаар дээшилсэн гэхэд болно. Сонгууль бараг л шударга болж, Виктор Янукович ялалт байгуулсан нь Жүржийн хувьсгалын дараах Засгийн газарт урам хугарсан украинчууд олон байсантай холбоотой гэдэг. Ерөнхийлөгч болсноосоо хойш хэдэн долоо хоногийн дараа Виктор Янукович өөрийг нь сонгосон Жүржийн хувьсгалчдаас нүүр буруулж, кабинет нь Украины эв нэгдлийг илэрхийлж чадахгүй нь тодорхой болсон тул украинчууд итгэл алдарч эхэлсэн юм. Түүний дараагийн том алдаа нь Оросын Хар тэнгисийн флотыг Крымийн хойг дахь Севастопольд байлгах түрээсийн гэрээг урт хугацаагаар сунгасан явдал байв. 2010 онд Харьковт ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Виктор Янукович нарын үзэглэсэн энэ гэрээг украинчууд эргэлзээгүйгээр “Маш муу гэрээ” гэж шүүмжилсэн юм. Харин 2010 оны аравдугаар сард тэртээ тэргүй улсын тэргүүн болчихсон байсан Виктор Янукович Украины Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “супер ерөнхийлөгч” болох замаа зассан нь түүний гурав дахь алдаа байлаа. Энэ үеэс украинчуудад ардчилал түгшүүр төрүүлж эхэлсэн юм. Ард түмний итгэлийг алдаж, улс төр, нийгэм, соёлын салбарт олон алдаа гаргасан түүнийг төрийн хүн гэдэгт итгэх хүн одоо Украинд үлдээгүй аж. Харин ийм өндөрлөгт хүрнэ гэж хэний ч төсөөлөөгүй танхай этгээд гэх хүн олон болжээ.

Галт тэрэгний зүтгүүрийн жолооч, сувилагч хоёрын гэрт төрсөн Виктор Янукович хүүхэд насныхаа тухай “Би өлөн зэлмүүн өссөн. Хоёр настайдаа ээжээсээ өнчирсөн би гудамжаар хөл нүцгэн л харайлгадаг байлаа. Надад зодоон цохионгүй өдөр гэж байгаагүй” хэмээн дурссан нь бий. Виктор Янукович дээрэм, танхайн хэргээр хоёр удаа шоронд сууж байсан ч гэмт хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл нь хожим намтраас нь хачирхалтайгаар арчигдсан билээ. Виктор Янукович сэтгүүлчдэд “Би үгээгүй ядуу амьдрал дунд өссөн болохоор ядуу, гуйланчлалаас гарах нь миний мөрөөдөл байсан” хэмээн ярьсан удаатай. Түүний гялалзсан карьер Украин дахь хуучин ЗХУ-ын нүүрсний уурхайн тээврийн дарга болсноор эхэлжээ. Тэр үед Янукович эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалсан байв. Тэндээс Донецк мужийн орон нутгийн захиргаанд орсноор жил хүрэхгүй хугацаанд Украины эдийн засгийн хөдөлгөгч хүч болж байсан гурван сая хүн амтай мужийн захирагч болж чадсан юм. 2002 онд Украины ерөнхийлөгч Леонид Кучма түүнийг Засгийн газрынхаа тэргүүнээр томилов. 2004 онд ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Юшенкод ялагдсан тэрбээр 2002-2005 оны хооронд Засгийн газрын тэргүүнээр улиран сонгогдсон билээ. 2010 онд болсон чөлөөт сонгуулийн дараа Виктор Янукович ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ард түмнийхээ төлөө, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бас өөр бусад зүйлийн төлөө зүтгэхээ илэрхийлж байв. Харин тэр чадаагүй. Ерөнхийлөгч байх хугацаандаа тэр зөвхөн өөрийн хөрөнгөө 12 тэрбум хүртэл өсгөж чадсан.
Ингээд украинчууд түүнийг хэлсэн амнаасаа буцаж, Украиныг Европын холбоонд эвсэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах үед гудамжинд гарч жагсч эхэлсэн юм. Киевийн талбайд 500,000 хүн цугласан байлаа. Эхэндээ тэд Европын холбоонд нэгдэх гэрээнд гарын үсэг зурахыг л шаардаж байсан юм. Гэвч жагсаал цуст үймээн самуун болж хувирсан нь дэлхий нийтийг цочирдуулсан билээ.

Янукович Киевээс зугтсаныхаа дараа хэвлэлд өгсөн видео бичлэгт өөрийгөө 2010 оны шударга сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч хэвээрээ бөгөөд дээрэмчид Украины төрийн эрхийг булаан авсан хэмээн мэдэгджээ. Харин Виктор Януковичийг Украинаас зугтан гарснаас хойш түүний эзэнгүй орд харшуудаас авлигач төрийн тэргүүний тансаг хэрэглээг гэрчилсэн 200 гаруй хавтастай тоо баримтууд гарч ирсэн юм. Тэдгээр баримтаас харахад Виктор Януковичийнх загасны эмчилгээний зардалд л 800 ам.доллар, ширээний бүтээлэг шинээр солиход 14,500 ам.доллар зарцуулдаг байжээ. Тэдгээр баримтуудын дунд түүний эсрэг сэтгүүлч, жагсагчдын хар жагсаалт ч бий бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сард үхтэлээ зодуулж, зам дээр хаягдсан сэтгүүлч, жагсагч Татьяна Чорноволын нэр ч байжээ.
-1967 онд Виктор Янукович дээрэм танхайн хэргээр 30 жилийн ял авч байжээ.
-1970 онд тэрбээр мөн л танхайн хэргээр хоёрдахь удаагаа ял авч, хоёр жилийг шоронд өнгөрүүлсэн бөгөөд өөрт нь оноосон ялын эсрэг давж заалдаагүй юм. Хожим 20 жилийн дараа Виктор Янукович үүнийг “залуу насны алдаа байсан” хэмээсэн юм.
-2005 онд Донецк мужийн Прокурорын газар Виктор Януковичийг 20 жилийн өмнө гэмт хэрэгт холбогдож байснаа нуун далдалсан гэж ялласан ч 2006 онд Украины Ерөнхий Прокурор нотлох баримтгүй гэдэг шалтгаанаар хэргийг хаасан юм. Виктор Януковичийг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсныг нотлох хоёр баримтыг гэмт хэрэгт холбогдолгүй болгож хуурамчаар үйлдсэн гэх гомдол шүүхэд ирж байжээ. Гэвч Януковичийн хэрэг дээрх шүүгчийн гарын үсэг хуурамч байсан гэдэг.
-2010 онд Украины Ерөнхий Прокурор Олександр Медведко Виктор Януковичид 20 жилийн өмнө оноосон ял нь хууль бус дүгнэлт байсан хэмээн тухайн үеийн Дотоод хэргийн сайд байсан Юрий Люценког буруутгасан юм.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №051