
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр “Найман шарга” зах болон арилжааны банкуудаар зарагдаж буй ам.долларын ханш 1795 төгрөгт хүрсэн байлаа. Харин маргааш нь 45 төгрөгөөр эл ханш буурсан ч хоёрдугаар сарын сүүл үе ерөнхийдөө “долларын өсөлт”-д ноёлуулж өнгөрлөө гэхэд болно. Тийм ч болоод “Найман шарга” зах хөл хөдөлгөөн ихтэй, доллар асууж, сурагласан, зарсан, худалдсан хүн олонтой байв. Нийт хэрэглээний 88 хувийг импортоор авдаг монголчуудын хувьд долларын ханш өснө гэдэг муу мэдээ. Гэхдээ гэнэт өссөн шигээ ам.долларын ханш гэнэт буурсан огцом савлагаа юунаас болсон бэ гэдэг нь асуултын тэмдэг тавихаас аргагүй сэдэв юм.
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригийн өглөө /II.26/ 1795 төгрөгт хүрч байсан доллар пүрэв, баасан гаригт 1723-1754 төгрөг болж, дунджаар 45 төгрөгөөр буурчээ. Баасан гаригт /II.28/ “Найман шарга” зах дээр арилжаа ямар байгааг хэсэг ажлаа. Зарим хүмүүс машинаасаа гаралгүй ченжүүдийг дэргэдээ дуудаж, мөнгөө сольчихоод бушуухан явчихаж байгаа харагдана. Захын ханшийг сонсонгуутаа шуудхан яваад өгчих хүмүүс ч цөөнгүй. Зарим нь баталгаатай нь дээр гэж бодсоных уу банкны үйлчилгээг илүүд үзэж байв.
Валютын захад гурван өөр янзын ханш үйлчилдэг бололтой. Арилжааны банкуудын хувьд эргээд ямар нэгэн эрсдэл үүслээ гэхэд буух эзэнтэй, буцах хаягтай болохоор хар захын ханшаас хамаагүй хямдаар доллар худалдан авч байна. Харин зарж байгаа үнэ нь валютын захынхаас илүү бол Банк бус санхүүгийн байгууллагуудын авах ханш банкныхаас арай илүү, зарж байгаа ханш нь цөөн төгрөгийн татуу байлаа. Энэ өдөр захын гадаа зогсч байгаа ченжүүд ам.долларыг 1748 төгрөгөөр авч, 1755 төгрөгөөр худалдаж байв. Гэхдээ сайн ярилцвал, ченжүүд 1750 төгрөгөөр доллар авдаг бололтой. 1795 төгрөгт ам.долларын ханш хүрэхэд үүнээс илүү өсөх байх гэж таамаглаж, азнан байсан хүмүүс тэр өдөр “ичээнээсээ гарсан” мэт харагдав. Харин нөгөө талдаа ам.доллар авах гэсэн хүмүүс “Сүүлийн хэдэн өдрөөс гайгүй ханш нь буурсан ч өндөр хэвээр байна. Гадаадад суралцаж байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг явуулах гэтэл доллар үнэтэй байна. Хүлээх өдөр байхгүй тул байгаагаар нь авч байна” гэх тайлбар хэлж байлаа. Ер нь ханш тогтвортой үед энэ хавийн хөл хөдөлгөөн бага байдаг нь анзаарагддаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Найман шарга”-ынхан жинхэнэ хөдөлгөөнд орж, “оволзож” өнжлөө.

Монголбанкны ам.долларын албан ханш хоёрдугаар сарын байдлаар
Ханш жилийн өмнөхөөс 400 төгрөгөөр өсчээ
Дээр “Найман шарга” захын ченж, банк бус санхүүгийн байгууллагуудын үнийг мэдээлсэн бол арилжааны банкуудын гадаад валют авах, зарах ханшийг сонирхуулъя.
Жилийн өдийд тайван буюу сар шинийн баярын дараахан худалдаа, наймаа багасч, зах зээл түр ханасан байдаг тул ханш тогтвортой байдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ утгаараа бол өнгөрсөн жилийн өдийд ноён долларын ханш боломжийн хэмжээнд үнэлэгдэж байжээ. Тодруулбал, 2013 оны хоёрдугаар сард дунджаар ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 1400 төгрөг байсныг Монголбанк ханшийн графикдаа дурдсан байна. Гэтэл 2014 оны хоёрдугаар сар шинэ он гарснаас хойшхи валютын ханшийн хамгийн өндөр өсөлттэй сар болж байгаа бөгөөд тасралтгүй өссөөр гуравдугаар сартай золгож байна. Өчигдөр, өнөөдрийн ханшийн хэлбэлзлээ харахаар буусан мэт харагдаж байгаа боловч жилийн өмнөхтэй харьцуулахад ханш “галзууртлаа” өссөнийг дээрх тооноос бид бэлхнээ харж байна. Тэгэхээр долларын энэ өсөлт хүмүүсийн өдөр тутмын амьдралд, бараа бүтээгдэхүүний үнэд хэрхэн нөлөөлснийг тооцвол нилээд өндөр тоо гарах биз ээ.

Ченжүүд валютын ханшийн ойрын өдрийн төлөв байдлыг бараг л тааж мэддэг хүмүүс. Тэд ханш тогтооход ямар нэгэн нөлөө үзүүлж чаддаггүй гэж өөрсдөө хэлдэг ч “Ойрын өдрүүдэд валютын ханш буурч магадгүй” гэсэн “зурхай” буулгаж байна. Үүнийгээ ченжүүд “Ханш буурах учраас валютаа зарж байсан нь дээр” гэсэн үгээр тайлбарлаж байв. Ямартай ч валютын ханш иргэдээс эхлээд Засгийн газар, Монголбанкийг хүртэл өнгөрсөн долоо хоногийн турш “савлууллаа”. Харин энэ “хурдан морины” амыг цаашид татаж чаддаг л байгаа. Морин жилийн доллар тун ч “хурд”-тай давхиж байна даа.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №051