Шүүгчээс ёс зүй шаардая

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Шүүгчээс ёс зүй шаардая

“Хуульч шударга бус байна гэдэг нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, тэр хүн мэдлэг чадвар дутуугаас буруу шийдвэр гаргаад бусдыг хохироож байж болно. Эсвэл санаатайгаар бусдын нөлөөнд орох юм уу, тодорхой сонирхлоор хандаж шударга бус байдал гаргадаг”. Энэ үгийг хэдэн сарын өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт хэлж байв. Хуулийнхны дунд бугшсан алдааг дотроос нь ийн хэлэхээр үгүйсгэгчид гараагүй юм. Гэхдээ тэрээр төдөлгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийнхээ албанаас чөлөөлөгдөж шүүгч болсон бөгөөд ерөнхий шүүгч байх үедээ гаргасан шийдвэрийнхээ улмаас удахгүй Шүүхийн ёс зүйн хороогоор “дэнслүүлэхээр” болоод буй аж.

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч байхдаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох анхан шатны шүүхийн 1449 дүгээр шийдвэртэй хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2013 оны долдугаар сарын 17-нд ирэхээс урьтаж хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 15-нд хэрэг дээр нь ажиллах шүүх бүрэлдэхүүнийг томилжээ. Хуулиараа бол дээрх үйлдэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн явдал аж. Мөн ерөнхий шүүгч Ц.Цогт нь ээлжийн амралттай байх үед дээрх шүүх бүрэлдэхүүнийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан тал үзжээ. 

Шүүгч ээлжийн амралтаа авсан бол өөрийг нь орлох шүүгчийг томилдог. Харин Ц.Цогт шүүгч орны шүүгч томилоогүй.  Үүнтэй нэхэмжлэл гаргасан тал эвлэрч чадсангүй шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөх тэр дундаа ерөнхий шүүгч Ц.Цогтоос татгалзах хүсэлт гаргажээ. Ийм хүсэлт гаргасан нь хэргийг шүүх бүрэлдэхүүнийг урьдчилан байгуулсан зэрэг нь маргааныг үнэн зөвөөр шийдэхэд нөлөө үзүүлнэ гэж болгоомжилсонтой нь холбоотой аж.

Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүсэлтийг нь биелүүлэх боломжгүй хэмээн үзжээ. Шалтгаанаа “Шүүгчдийн зөвлөгөөн нь тухайн шүүхийн шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон тохиолдолд хүчинтэй байхаар заасны дагуу шүүгч Ц.Цогт 2013 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан ч Шүүгчдийн зөвлөгөөний ирцийг хангаж, шүүх бүрэлдэхүүнийг томилоход оролцсон. Хэдийгээр шүүгч ээлжийн амралттай байгаа боловч ажлын зайлшгүй шаардлагаар шүүх бүрэлдэхүүн томилох ажиллагаанд оролцох нь шүүн таслах ажиллагаа тасралтгүй байх зарчимд нийцсэн бөгөөд ээлжийн амралттай байсан нь шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш юм” гэж үзжээ.

Уг нь нөгөө тал шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нөхцөлд түүнийг нь хүндэтгэн хүлээн авдаг жишигтэй ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн эл хүсэлтийг биелүүлээгүй. Хэд, хэдэн удаа Ц.Цогт шүүгчээс татгалзах хүсэлт гаргаад тусыг олоогүй тул эцэстээ хүсэлт гаргасан тал Шүүгчийн Ёс зүйн хороонд хандахаас өөр арга үлдээгүй байна.

Эндээс харахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хүсэлт гаргасан талынхаа хүсэлтийг хүлээж аваагүй нь эцсийн дүндээ Ц.Цогт шүүгчийг Шүүгчийн Ёс зүйн хороонд өгөхөд нөлөөлөв үү гэлтэй.

Ингэхэд, Монголын шүүх байгууллага хэзээнээс иргэнийхээ хүсэлтийг хүлээн авч ядаж л шүүгчээс татгалзах хүсэлтийг нь хүлээн авдаг болох вэ.

Хууль зүйн салбарт шударга ёс тогтоохын тулд УИХ-аас 2012 оны сүүлээс өнгөрсөн жилийн турш холбогдох хуулиудыг шинэчлэн баталсан. Цалинг нь нэмж, 3.7-4.5 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн, бүтцийн өөрчлөлт гээд асар олон зүйлүүд хийгдэж байна. Харин энэ бүх хөдөлмөр зарсан шинэчлэлийг шүүх байгууллага нь энэ мэт шалтгаанаар муухайгаар харагдуулаад байвал юу болох вэ. Энэ улсад иргэнийх нь хүсэлт үнэтэй юм уу эсвэл шүүх байгууллага нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргадаг байх нь үнэ цэнэтэй юм уу, ёс зүйтэй байя. Шүүгчийг солих хүсэлтийг нь биелүүлчихэд юу саад болов оо?.
 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж