
– iPhone, Android гэдэг нь гар утасны үйлдлийн систем гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
– Зөвхөн компьютер дээр хийж болдог байсан олон зүйл өнөөдөр гар утсан дээр боломжтой болжээ. Энэ авсаархан, хаана ч хэрэглэх боломжтой төхөөрөмжийн технологи маш хурдацтай хөгжиж байна. Бид гар утсыг зөвхөн ярьдаг, мессеж бичдэг хэрэгсэл гэж бодохоо аль эрт больсон. Интернэтэд холбогдох, тоглох, зураг үзэх, зургийн аппараттай адил зураг авах, видео камертай адил бичлэг хийх, кино үзэх, дуу сонсох, телевизийн нэвтрүүлэг үзэх гээд компьютерээс ч илүү өргөн хүрээгээр хэрэглэж байна. Олон төрлийн хэрэглээтэй ийм утаснуудыг “ухаалаг утас” гэж нэрлэх болсон
Ухаалаг утасанд уламжлалт хэрэглээнээс илүү боломж олгож байгаа зүйлийг програм хангамж гэж нэрлэдэг. Програм хангамжийг ерөнхийд нь хоёр хувааж байгаа. Энгийнээр тайлбарлавал төхөөрөмж буюу физик биет материалтай харилцаж түүнийг хүнд ойлгомжтойгоор удирдаж байгаа хэсгийг үйлдлийн систем, үйлдлийн систем дээр тулгуурлан олон төрлийн хэрэглээг хүнд санал болгож байгаа хэсгийг контент гэж нэрлэдэг. Контентийг Монголоор “агууламж” гэх бөгөөд дуу, видео, төрөл бүрийн хэрэглээний програм, зураг гэх зэрэг бүх мэдээллийн төрлүүдийг нэгтгэсэн нэр юм. Агууламжийн маш том бизнес дэлхийн зах зээл дээр аль эрт бий болсон.
Гар утасны олон үйлдлийн систем байна. Үүнээс хамгийн шилдэг нь iPhone, Android юм. iPhone-ийг бидний мэдэх хазсан алимны зурган логотой Америкийн Apple компаниас гаргасан. Энэ үйлдлийн систем iPhone, iPad, iPod гэсэн төхөөрөмж дээр суусан байдаг. Харин Android-ийг дэлхийн хамгийн алдартай хайлтын системийг эзэмшдэг Google компани гаргасан. Энэ системийг нээлттэй ашиглахаар зохиогчийн эрхийг зохицуулсан бөгөөд дэлхийн гар утас үйлдвэрлэгч том компаниуд бараг бүгд шинээр үйлдвэрлэж байгаа утсандаа Android-ийг суулгаж байна.
– Монголд энэ төрлийн зах зээлийг хөгжил хэр байна вэ? Цаашид хөгжүүлэхэд ямар хүчин зүйлүүд шаардлагатай байна вэ?
– Зах зээл бүрэлдэх шатандаа явж байна. Манай гар утасны операторууд болон хувь хүмүүс хамгийн сүүлийн үеийн загварын ухаалаг утсыг оруулж ирж зарж байна. Монголчууд ухаалаг утсыг ихээр худалдаж авч байгаа ч энэ бизнес зөвхөн бусдын үйлдвэрлэсэн гар утсыг худалдах хүрээнд байна. Харин үүнээс олон дахин ашигтай ухаалаг утасны агууламжийн зах зээл бүрдээгүй байна.
Ухаалаг утасны програм хангамж, агууламж бүтээх, хөгжүүлэх чадвартай мэргэжилтнүүдийг улсын бодлогоор өнгөрсөн оноос эхлэн манай Мэдээллийн технологийн үндэсний парк бэлдэж эхэлсэн. Ингэснээр манай залуучдад дэлхийн өндөр хөгжилтэй орны залуучуудтай энэ шинэ технологийн талбарт мөр зэрэгцэн алхах сайхан боломж олдож байгаа.
Ерөнхийдөө агууламжийн дотоод зах зээлийн хувьд тоо нь улам бүр нэмэгдэж байгаа хэрэглэгчид байна, хэрэглэгчидэд хүргэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чадвартай мэргэжилтнүүд байна. Одоо зөвхөн борлуулалт хийх суваг л үлдэж байна. Миний мэдэх хэд хэдэн компаниуд энэ зах зээлд орохоор бэлтгэлээ хангаж эхэлсэн.
Монголд компьютер гэдэг төхөөрөмж орж ирээд нэлээд олон жилийн дараа Монголчууд өөрсдөө компьютер үйлдвэрлэдэг болсон. Үүнтэй адил гар утас гэдэг төхөөрөмж орж ирээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Иймээс Монголчууд гар утас үйлдвэрлэх талаар судалгаа хийх цаг болсон гэж бодож байна.
– Одоогийн байдлаар танайхаас гадна иймэрхүү төрлийн сургалт явуулдаг хичнээн төвүүд байдаг вэ?
– Одоогоор Мэдээллийн технологийн үндэсний паркаас өөр энэ төрлийн сургалт явуулж байгаа байгууллага байхгүй байна. Манай парк улсын бодлогоор энэ сургалтыг явуулж байгаа учраас ашиг олох зорилго агуулахгүй байгаа.
– Нийт хичнээн төгсөгчид бэлтгэн гаргасан бэ? Эдгээрээс хэд нь яг энэ чиглэлээрээ ажиллаж байна вэ?
– Бид дэлхийн хамгийн хөгжилтэй орнуудтай хамт ухаалаг утасны технологийг сонирхож, судлаж эхэлсэн.Гараад удаагүй шинэ технологийг эзэмших талаар эхний эгнээд явж байгаа. Судалгааг 2009 оны 4 дүгээр улирлаас, сургалтаа 2010 оны 8 сараас тус тус эхэлсэн. 2010 онд 93 хөгжүүлэгч бэлтгэн гаргаснаас ихэнх нь энэ чиглэлээрээ ажиллаж байна. Хүмүүсээ бодлогоор сургасан компаниуд ч олон байна.Сургалтанд хамт суусан хүмүүс нэгдээд компани байгуулж байна. Миний мэдэхээр ийм гурван компани байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлэж байна.
– Бусад орнуудын энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компани, мэргэжилтнүүдтэй харьцуулхад манайх ямар түвшинд байна вэ?
– Хамгийн өндөр хөгжилтэй орнуудын компани, мэргэжилтнүүдтэй харьцуулах нь зөв байхаа. Сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа дагаж биш, амдаж хөгжих асуудлыг би зөв гэж боддог. Энэ ажил яг ийм философоор явж байгаа. Мэдээллийн технологийн зах зээл дээр өөрийн байр сууриа эзэлсэн, хөрөнгө мөнгө сайтай орнуудтай өрсөлдөхөд хүнд гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бид тэдэнтэй өрсөлдөхгүй л бол хэзээ ч амжилтанд, хөгжилд хүрэхгүй. Манай бэлдсэн мэргэжилтнүүдийн эхний хэсэг нь дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн. Одоогоор олж буй ашиг маш бага байгаа ч ирээдүй гэрэлтэй харагдаж байна.
Төрөөс гадаад зах зээлд ажиллах компаниудыг хөрөнгө санхүү, татварын бодлогоор дэмжээд өгвөл илүү хурдан өсөх бололцоо харагдаж байна. Мөн Paypal, Google check out, MoneyBookers зэрэг олон улсын онлайн төлбөр тооцооны системүүдийн үйлчилгээг Монголд нэвтрүүлэх чиглэлээр төр болон банкны салбарынхан шуурхай ажиллах шаардлагатай байна. Энэ зөвхөн энэ зах зээлийн хүрээнд ч биш өөр олон төрлийн бизнест хялбар, аюулгүй төлбөр тооцоо хийх дэлхий нийтийн ердийн хэрэгсэл болоод байна.
– Хэдэн жилийн дараа дэлхийд өрсөлдөхүйц шилдэг бүтээгдэхүүнийг бэлтгэн гаргаж чадах бол.
– Өнөөдөр ч ийм бүтээгдэхүүн гаргах чадвартай мэргэжилтнүүд бидэнд байна. Гэхдээ дэлхийн зах зээл дээр амжилттай өрсөлдөх, их ашиг олох бүтээгдэхүүнтэй болоход зөвхөн чадвартай мэргэжилтнүүдээс гадна туршлага, дэлхийн түвшинд хүрсэн чадвартай маркетинг, хөрөнгө санхүү шаардагдаж байна.
Аврага том модод ч жижигхэн үрнээс эхтэй. Сайн эхлэл байгаа учраас дэлхийд өрсөлдөх шилдэг бүтээгдэхүүн гарахыг хэдэн жилээр биш хэдэн сараар хүлээнэ гэж итгэж байна.