Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Сайдын хамгаалагч

Энэ хүнийг монголчууд нэлээд эртнээс мэдэх байх. Үндсэрхэг үзэл үнэртүүлж, газар нутгаасаа авахуулаад шороо түйрэнгээ хүртэл харийнхнаас харамладаг гэж өөрий­гөө тодорхойлдог “эвгүй” хүн. Үнд­сэрхэг үзлийг харийнхныг хөөж, бор гэртээ амьдрахаар төсөөлдгийг нь харвал тэр тийм ч сайн тэмцэгч биш. Монгол Улсын иргэн бүр хуульд захирагдаж амьдрах ёстой. Түүнийг алтны компанийн техник хэрэгсэл рүү буудсанаар нь дүгнэвэл тэр яахын аргагүй хуулийг уландаа гишгэгч. Мөн төв талбайгаа морьтой хүмүүсээр мануулж, гэр зөөн барьж энэ хаврыг сонирхолтой инээдээр мялааж байгааг нь харвал хошин шогийн жүжигчдээс ч дутахгүй уран чадвартай нь харагдаж байна. Тэрбээр морь унасан ажилчдаараа “УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн гэрийг бүслүүлнэ” гэж хэлсэн нь олны инээдийг бүр ихээр хүргэж байгаа сурагтай. Ц.Нямдорж сайдыг морьтой хү­мүүс хамгаалаад, тэгээд сайд нь гэрээсээ гарч чадахгүй сууж байна гэдэг бол сүүлийн үеийн онигооноос хамгийн шилдэг нь болох биз. “Ц.Мөнхбаярын итгэл үнэмшлийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ түүний тэмцэж байгаа хувилбар нь арай л биш ээ” гэж хэлэх хүн захаасаа авхуулаад олон байна билээ. Иймэрхүү тэмцэгч манай улсад сүүлийн үед олширч байна. Магадгүй Ц.Мөнхбаярын замаар явбал манай улс ирээдүйд бор гэрээсээ ч салахгүй, морин тэрэгтэйгээ гэрлэн дохио дээр зогсч байж магадгүй л байх. Тэр ийм л амьдралыг сурталдаж байна.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:

"Улс төрйин тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж