Хятадаас шүлхийн 1,6 сая тун вакцин иржээ

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

Хятадаас шүлхийн 1,6 сая тун вакцин иржээ

Зүүн гурван аймгийн 12 суманд гарсан гоц халдварт шүлхий өвчний улмаас тэдгээр бүс нутагт төдийгүй нийслэлийн зарим дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Шүлхий өвчний тархалтыг зогсоох, сэргийлэх зорилгоор ОХУ болон Хятадаас Монголд шүлхийн вакцин авахаар болсон билээ. Тэгвэл, ОХУ-аас эхний ээлжийн вакциныг өчигдөр хүлээн авч, Мал эмнэлэг, үржлийн газарт хүлээлгэн өгсөн юм.

Мөн өчигдөр Хятадаас нийлүүлж буй 1,6 сая тун вакцин ирэх ёстой байсан ч ачилт, тээвэрлэлтээс болж саатал гарч, өнөөдөр вакциныг хүлээн авчээ. 1,6 сая тун вакцин гэдэг нь бодоор бол 1,6 сая, богоор бол 3,2 сая малд тарих вакцины тун ажээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар гэсэн гурван байгууллагаас томилогдсон ажлын хэсэг вакцин хүлээж авах ажлыг хариуцаж буй бөгөөд "CBC" компани өмнөд хөршөөс Монголд авчрах ажлыг зохион байгуулжээ. Хүлээн авах багт Мал эмнэлэг, үржлийн газар /МЭҮГ/-ын дэд дарга П.Болортуяа, тус газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга П.Баясгалан, мэргэжилтэн Д.Батцэнгэл, Б.Батсүх, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ч.Саруултуяа, НМХГ-ын улсын байцаагч Т.Балжинням, "CBC" компанийн удирдлагууд тэргүүтэй хүмүүс багтжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж