
Суваг солив. УИХ-ын хоёр гишүүн ам хуурайгүй ярьж сууна. Сувгаа дахиад солив. УИХ-ын гурван гишүүн тачигнатлаа инээчихсэн ярьж сууна.
Сувгаа гурав дахь удаагаа солив. Чуулганы танхим гарч байна. Гишүүдийн олонх нь алга. Хэлэлцэж буй асуудлын талаар хэлэлцэх яриа хөөрөө байхгүй бололтой. Чимээ алга.
Сувгаа дөрөв дэх удаагаа солив. Хөтлөгч залуу “Манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн А, Б, В нар хүрэлцэн ирээд байна…”.
Дундрашгүй ярианд нь дуусах ч шинж алга. Яриаг нь сонсвол, хоорондоо зөрчилдөж байна. Нэг нь нөгөөгөө өмөөрч байгаа бололтой. Нэг нь гүйцэтгэх засаглалыг магтаж байна. Нөгөөх нь муулж байна.
Тэгтэл гэнэт нэг гишүүн нь “Энд нээрээ саяхан эрийн сайндаа олж авсан нууц мэдээллийг задалъя. Үзэгчид энэ талаар шууд нэвтрүүлгийн үеэр мэдсэн учраас нэхэж, шаардаж учрыг нь олох байлгүй” гэж цочир сонин мэдээ дуулгав. Нөгөөдүүл нь “Пүү, паа бас ингээ юу” гэж уулга алдав. Зарим нь айж, ичин улаа бутарч, бантсандаа эгээтэй л “Нэвтрүүлэг дуусах цаг болсон байна. Баяртай үзэгчид ээ” гээд хөтлөгч залуугийн дүрд тоглочихсонгүй.
Тэгээд би “Өдөр төрийн ордонд харагддаггүй гишүүд зурагтаар яриад байхыг бодоход хуулийг УИХ-ын чуулганы танхимд ярилцахаас илүү олны нүдний өмнө, камерын дурангийн хяналтад яривал Монгол Улсад илүү хэрэгтэй байдаг юм байх даа” гэж бодлоо. Түүндээ ч итгэв. Тэгээд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон эрхэм гишүүдэд хандаж “Засгийн газар говийн элсэнд хуралдаж болоод байсан юм чинь УИХ-ын танхимыг Монголын олон нийтийн радио телевизийн 600-ийн студи руу нүүлгэе” гэдэг хүсэлт тавихаар шийдлээ. Учир нь, гишүүдэд телевизийн студидэд хуулийн тухай ярилцах нь таалагдаад байхад хүсэл сонирхлыг нь хааж, хүчээр Төрийн ордонд барьж, цагдах хэрэггүй бололтой. Болгоон шийдэж өгөөрэй, УИХ-ын дарга аа.
Гишүүд ч үүнд баярлана даа. Баярласандаа чуулганы хуралдааныг таслахаа болих байх шүү.
Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин