Обама Украины асуудлаар ОХУ-д анхааруулга өглөө

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

Обама Украины асуудлаар ОХУ-д анхааруулга өглөө

ОХУ-ын зүгээс Украины Крым хотод цэргээ оруулсан тухай мэдээлэл цацагдсаны дараа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийж, ОХУ хэрэв Украины асуудалд хөндлөнгөөс оролцож, цэргийн хүч хэрэглэхдээ тулбал үүнийхээ шанг хүртэнэ гэдгийг анхааруулжээ. Гэхдээ АНУ чухам ямар байдлаар хариу үзүүлэх тухай тэр дурдсангүй. Олон улсын тоймчдын зүгээс АНУ худалдааны замаар ОХУ-ын эдийн засагт дарамт шахалт үзүүлэх бодлого баримталж болох тухай онцолсон байна.

ОХУ Крымд цэргээ оруулсан явдлыг Украины түр ерөнхийлөгч Александр Турчинов буруушааж, нийслэл Киев хотод зэвсэгт мөргөлдөөн гаргах өдөөн хатгалга явуулж байна гэж мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч Крымд ямар нэг цэргийн ажиллагаа хийгдээгүй гэсэн байна.

Барак Обама мэдэгдэлдээ Украинд түр Засгийн газар байгуулсныг сайшаажээ. Энэ үеэр Украины түр ерөнхийлөгч Турчинов баасан гаригт телевизээр хийсэн мэдэгдлээрээ дамжуулж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг өдөөн хатгалгаа зогсоож, яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалсан байна.

Үл таних цэргийн хувцастай зэвсэглэсэн этгээдүүд Крымын парламентын танхим, үндэсний телевизийн барилга, харилцаа холбооны төвүүдэд нэвтэрсэн гэнэ. Түүнчлэн Крымын нийслэл, Симферополь, Севастополын нисэх буудлуудад эргүүлд гарсан байна. ОХУ-ын 13 онгоцоор 2000 орчим цэрэг бололтой хүмүүс Симферополийн ойролцоох цэргийн нисэх баазад газардсан тухай Украины хэвлэлээр мэдээлсэн юм. Гэхдээ дээрх мэдээллийг албан ёсоор батлаагүй байна. Баасан гаригт ОХУ-ын зэвсэглэсэн машин, нисдэг тэргүүд Симферополь болон Севастопол орчимд үзэгджээ.

Гэхдээ НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин Крымд ОХУ-ын зүгээс ямар ч цэргийн ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн бямба гаригт Украины төрийн тэргүүний албанаас зайлуулагдсан экс-ерөнхийлөгч Виктор Янукович өчигдөр анх удаа олон нийтийн өмнө гарав. Тэрбээр орос хэл дээр мэдэгдэл хийж, Украинд тогтвортой байдлыг хангаж чадаагүйн төлөө уучлал хүссэн байна. Тэр цаашид ч эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө тэмцэнэ, гэхдээ өөрийнх нь аюулгүй байдлыг бүрэн батлан даасан тохиолдолд л Украинд эргэж очно гэжээ.

Харин Украины зүгээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, эрэн сурвалжилж эхэлсэн билээ.

Т.МАША


Security camera captures armed men inside regional parliament in Simferopol
Men calling themselves

map of Crimea

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж