
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар гурван талт хэлэлцээр яаралтай эхлүүлэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Цалин, тэтгэвэр тэтгэмж өргөн хэрэглээний барааны үнэд цохигдож байгааг хэлж байна лээ.
Долларын савалгаанаас болж дотоодын зах зээлд зарагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цөөнгүй төгрөгөөр өссөн. Хүмүүсийн авдаг цалин нь амьдралынх нь хэрэгцээг хангах байтугай тал хувийг нь нөхөж чадахгүй, цалин өсөөсэй гэсэн сэм горьдлого хүн бүхний дотор байгаа байх. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй, улс орны санхүүгийн байдал сайнгүй байгаа үед ийм шантааж хийх нь эрсдэлтэй гэдгийг иргэд ухамсарлаж байгаа болов уу.
Цалин өсөх нь сайхан, гэвч худалдаачид дүлий хүмүүс биш болохоор дагаад зарж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөчихдөг. Нэг гарт өгсөн мөнгө, нөгөө гараас хэд дахин үржигдээд алга болчихдог учраас цалин нэм гэж популизм хийх нь аюултай. Цаг, нөхцөл, боломж гээд асуудлыг аль болохоор олон өнцгөөс харж, цалин нэмэхгүй бол инфляцийн хөөрөгдөл, үнийн хөөсрөлд эдийн засаг нэрвэгдэх эрсдэл өндөр байдаг.
“Өнгөрсөн зургаан жилийн турш тулгамдсан асуудал бүрийг улсын гурван талт хэлэлцээрээр ярьж, асуудлыг шийдэж ирсэн. 2007 онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 67500 төгрөг байсныг 207300 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 45600 төгрөг байсныг 172200 төгрөг болтол өөрчилж, хүчтэй ажиллаж ирсэн. Үйлдвэрчний эвлэлийг хүний төлөө дайчин, хүчирхэг, тэмцэгч, дуу хоолойгоо улам хадгалж тэмцээч ээ гэж би уриалж байна. Мөн өнөөдрөөс эхлээд улсын гурван талт хэлэлцээрийг яаралтай, шуурхай эхлүүлж, ойрын үед хуралдахыг би шаардаж байна” хэмээн С.Ганбаатар гишүүн мэдэгдсэн байна лээ. Мөнгө нь байгаа тохиолдолд болохгүй ч юм байхгүй л дээ. Харамсалтай нь өнөөдөр Монголд орж ирэх мөнгөний урсгал царцаж, цалингаа нэмэх нь битгий хэл энэ олон тэжээвэр ангаахайнуудаа хоосон хонуулахгүй байвал их юм болчихоод байгаа.
Төр засаг цалин нэмэх шийдвэр гаргаж, төсвөөс цалинждаг ангаахайнуудаа баярлуулах бүрт хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгддэг. Арван ажилчныхаа тавыг халж цалингаа нэмэх үү, арвууланг нь цалинтай байлгаж, ар гэрийнхэнд нь буян болох уу гэдэг хэцүүхэн сонголт бизнес эрхлэгч болгонд тохиолддог болохоор төрийн албан хаагчдын цалин нэмэх бүрт хувийн хэвшлийнхэн мянга, мянган ажилчин хохироод л үлддэг .
Монголын төрд өнөөдөр 160 мянган хүн, дээрээс нь төрийн өмчит компаниудад 40 мянган хүн ажиллаж байна. Нийтдээ 200 мянган хүний цалинг олохын тулд татвар төлөгчид чардайж байгаа нь худлаа биш. Гэхдээ цалин нэмэх нэг арга байна, тэр нь төрийн албан хаагчдыг цөөлөх. Өглөөнөөс орой хүртэл өдөржин PC тоглож, ажлын найман цагийг нойрмоглон өнгөрөөж байгаа төрийн албан хаагчдаа цөөлөөд, нэг хүний хийх ажлыг долоон хүнээр хийлгэж бага цалин олгож байхаар, долоон хүний хийх ажлыг нэг хүнд өгчихөөд өндөр цалин амлавал илүү бодитой, үр дүнтэй нэмэгдэл болно.
Түүнээс чадвартай, чадваргүй, ажлаа хийдэг, хийдэггүй бүхний цалинг яг адилхан нэмнэ гэвэл шударга бус шийдвэр болно шүү дээ. Тийм болохоор цалинг нэм, тэгээд хүнээ цөөл гэсэн зөвлөгөөг дайчихад гэмгүй болов уу. Цагаа олоогүй шантааж, цаана ямар хор уршиг дагуулдгийг С.Ганбаатар мэдэхгүй юм аа гэхэд эдийн засагчид их аятайхнаар тайлбарлаад өгчих болов уу.