-Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Алдаа, оноо их байсан байх?
-Нэг жилийн хугацаанд хууль хэрэгжсэн байдлыг судаллаа. Шүүмжлэх зүйлс бас байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчноос 500 метрийн зайд тамхи худалдаалах, татахыг хориглосон нь маш их шүүмжлэл дагуулсан. Зарим сумдад энэ хууль хэрэгжих боломжгүй. Эсвэл тамхи зардаг аж ахуйн нэгжийн эрхийг зөрчсөн гээд олон шүүмжлэл дагуулж байгаа. Мөн тамхи татах цэгийг тодорхой болгоогүй учраас шүүмжлэл дагуулдаг. Мэдээж хууль хэрэгжээд сайн тал олон байгааг хүмүүс мэдэж байгаа. Тухайлбал, судалгаагаар хууль хэрэгжих явцад эмэгтэйчүүд хамгийн их тамхинаас гарсан тохиолдол байна. Мөн залуучууд тамхи татах цэг байхгүй учраас албан хүчээр татгалзаж байгаа нь сайн үр дагавар гэж бид харж байгаа. Хуулийн сайшаалтай талууд нь сөрөг зүйлээсээ их байгаа нь харагдсан. Мөн дотооддоо тамхины цэг байгуулсан аж ахуйн нэгж олон байна. Гэтэл хотын төвд байдаг томоохон аж ахуйн нэгжүүд хууль хэрэгжүүлэхгүй, хуулийг мэддэг хэрнээ зөрчих тохиолдлууд бас гарч байна. Тиймээс энэ аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 16 сая төгрөгийн торгуулийг 18 аж ахуйн нэгжүүдэд тавьсан байх жишээтэй. Бид цаашид үргэлжлүүлээд шалгалтыг чангатгахаар төлөвлөж байна. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Заавал шалгуулж, торгуулж байж хууль хэрэгжих албагүй. Энэ хууль өөрөө иргэдийн эрүүл мэндийн төлөө гэдгийг хүн бүр ухамсарлан, дагаж мөрдөхөд ёстой.
-Хууль зөрчигсдөд хэн хариуцлага тооцох ёстой вэ. “Торгогч” нь тодорхой бус байдаг гэсэн мэдээлэл иргэдийн дунд байдаг?
-Олон нийтийн цагдаа бий болж байгаа. Тухайн орчинд амьдардаг хүмүүс маань цагдаа болно. Тэгэхээр олон нийтийн цагдаа нар жижиг зөрчлүүдийг арилгах, шууд торгуулийн арга хэмжээ аваад явах юм бол хуулийг хэрэгжүүлээд явахад дөхөм болно гэж бодож байна.
-Сургууль, цэцэрлэгийн орчноос 500 метрийн зайд тамхи татах, худалдаалах заалтад өөрчлөлт оруулах уу?
-Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өмнө нь өргөн барьсан ч эргүүлэн татсан. Хуулийг зөөлрүүлсэн заалт оруулахгүй, харин чангатгасан заалт илүү их оруулна. Хэрэв аж ахуйн нэгж, байгууллага хууль зөрчөөд байвал үйл ажиллагааг нь зогсоох, лицензийг нь хураах хүртэл арга хэмжээ авна. Хууль зөрчиж байгаа ажилчинтай биш эзэнтэй нь хариуцлага тооцох заалтуудыг оруулж өгнө.
-Архины тухай хуулийг боловсруулж байгаа гэсэн. Хэзээ өргөн барих вэ?
-2008 онд архинд хордож, 14 хүн газар дээрээ нас барсан. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүн архинд хордож амь насаа алдсан. Архины тухай хууль өмнө нь яригдаж байсан боловч дарагдсан. Хуулийн төсөл боловсруулаад бэлэн болсон. Хуулийн талаарх хэлэлцүүлгүүдийг хийж байна. Ялангуяа найман нэрийн хүнсний дэлгүүрүүдээс маш их эсэргүүцэл илэрхийлж байгаа. Гэхдээ найман нэрийн барааны дэлгүүрүүд өөрсдөө үүргээ ухамсарлаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт СХД-ийн нутаг дэвсгэрт “Тойрог” гэдэг дэлгүүрт хувь хүн гэртээ хийсэн “Арслант” архийг иргэд худалдаж аваад дөрвөн хүний эрдэнэт амь үрэгдсэн. Тэгэхээр Архины хуульд архи зардаг тусгай дэлгүүрүүдийг бий болгох талаар ямар нэг лобби оруулахгүйгээр тусгах шаардлага байна гэдгийг харж байна. Тиймээс хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Хууль маань Хууль зүйн яаман дээр боловсруулагдаад бэлэн болсон байгаа. Хаврын чуулганы хуралдаанаар өргөн барина.
-Архи худалдаалахаас илүү үйлдвэрлэл нь их байна гэсэн шүүмжлэл байдаг. Үйлдвэрлэл дээр ямар зохицуулалт хийсэн бэ?
-Үйлдвэрүүдийн тоо их байдаг. Тиймээс томоохон шаардлага тавьж эхэлнэ. Тэгэхээр чанарын шаардлага өндөртэй, олон улсын чанарын шаардлага хангасан үйлдвэрүүд байна. Өөрөөр хэлбэл, чанарын шаардлага хангасан томоохон үйлдвэрүүд үлдэж, аймаг, орон нутагт байдаг жижиг үйлдвэрүүд хаалгаа барина гэсэн үг. Ер нь бол олон үйлдвэр байх шаардлагагүй гэж харж байгаа учраас үйлдвэрүүд дээр тавигдах шаардлагуудаа чангатгаж байгаа.