Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг ойрын хугацаанд Франц Улсад айлчлах урилгатай байгааг Элчин сайд Ив Дэлунэ мэдэгдээд, мөн энэ жил хоёр улсын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан, Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар талууд санал солилцов. Мөн үеэр Элчин сайд Ив Дэлунэ Монгол, Францын хооронд байгуулахаар төлөвлөж буй биотехнологийн салбарт хамтран ажиллах Санамж бичгийн өөрийн талын төслийг манайд гардуулав.
Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол, Францын харилцаа улс төр, эдийн засгийн салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Б.ЭНХ