Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг болох Багахангай дүүргийн соёлын ордонд байгуулсан жишиг кино үзвэрийн танхимыг нээх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.
Нээлтийн арга хэмжээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, тус яамны газрын дарга Н.Оргил, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр, “Синема оф саунд” компанийн захирал Х.Жигжидсүрэн нар болон албаны хүмүүс оролцож, тууз хайчилжээ.
“Синема оф Саунд” компанитай ССАЖЯ гэрээ байгуулан Нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордонд, 18 сумын соёлын төвд жишиг кино үзвэрийн цэгийг байгуулж, орчин үеийн дуу, дүрсэний өндөр чанартай кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан нь орон нутгийн ард иргэдэд соёлын чанартай үйлчилгээ үзүүлэх хүртээмжийг дээшлүүлэх орчин үеийн шинэ технологитой ард иргэд хүүхэд залуучуудыг танилцуулах, кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээхэд бодит алхам болж байгаа ажээ.
Уг ёслол нь бүх сумын соёлын төвүүдийг кино үзвэрийн танхимтай болгох, орчин үеийн кино гаргалтын тоног төхөөрөмжөөр хангах нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөгөөний эхний алхам болсон юм.
Э.ТЭКҮ
.