Фото: Илья Питалев / РИА Новости
Украины шинэ Засгийн газрын сайд нарын танхимын бүрэлдэхүүнийг Дээд рад баталлаа. Үүний өмнө «Батькивщина» намын лидерүүдийн нэг Арсений Яценюкийг ерөнхий сайдаар томилсон юм. Түүний төлөө Радын 331 депутат санал өгчээ.
Арсений Яценюк нь Черновцовын уугуул бөгөөд хууль судлаач мэргэжилтэй. 2000 оноос эхлэн төрийн албанд ажиллаж, Крымын эдийн засгийн сайд, Одесса мужийн захирагчийн орлогч, Украины Үндэсний банкны орлогч даргын алба хашиж байв. Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Эдийн засгийн сайд (2005-2006), Гадаад хэргийн сайд (2007)-аар ажиллаж байснаас гадна парламентын спикерээр сонгогдож байсан удаатай. Хожим нь ерөнхийлөгч Виктор Ющенкогийн аппаратад мөн ажиллажээ.
Яценюк 2010 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд долоон хувийн санал авч, эхний шатнаас хасагдсан юм. Ерөнхий сайдаар сонгогдох хүртэл парламентын «Батькивщина» намын жигүүрийг толгойлж байсан тэрээр ирэх тавдугаар сарын 25-ны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
Хоёрдугаар сарын 27-нд парламентад хэлсэн үгэндээ тэрбээр Украины сан хөмрөг хоосорсныг онцолж, сүүлийн гурван жилийн дотор Украинаас офшорын бүсүүдэд 70 тэрбум орчим ам.долларыг гаргасныг тэмдэглэв.
Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор Виталий Ярема, засгийн газрын тэргүүний орлогч нараар Владимир Гройсман, Александр Сыч нар томилогдов. Танхимын бүрэлдэхүүнд:
- Хөдөө аж ахуй, хүнсний сайд — Игорь Швайка
- Дотоод хэргийн сайд — Арсен Аваков
- Соёлын сайд — Евгений Нищук
- Залуучууд, спортын сайд — Дмитрий Булатов
- Боловсрол, шинжлэх ухааны сайд — Сергей Квит
- Нийгмийн бодлогын сайд — Людмила Денисова
- Сангийн сайд — Александр Шлапак
- Экологи, байгалийн нөөцийн сайд — Андрей Мохник
- Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд — Павел Шеремета
- Түлш, эрчим хүчний сайд — Юрий Продан
- Хууль зүйн сайд — Павел Петренко
- Эрүүл мэндийн сайд — Олег Мусий
- Дэд бүтцийн сайд — Максим Бурбак
- Сайд нарын танхмын сайд (портфельгүй) — Остап Семерак нар багтаж байна.
Батлан хамгаалах сайдын үүрэг гүйцэтгэгчээр Игорь Тенюх (2006-2010 онд Украины Тэнгисийн цэргийн командлагч), Гадаад хэргийн сайдаар-Андрей Дещица (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргын тусгай элч) томилогдсон тухай «Украинская правда» сонин мэдээлжээ.
Ерөнхий сайдын орлогчоор томилогдохын өмнө Ярема, Сыч нар «Батькивщина» ба «Свобода» намыг төлөөлж, парламентад сууж байв. Харин Гройсман нь Винница хотын захирагч байжээ.
Соёлын сайд Нищук нь Майданы дуу хоолой” гэж нэрлэгдэж байсан эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцсон жүжигчин. Спортын сайд Булатов нь “Автомайдан”-ы лидерүүдийн нэг. Эрүүл мэндийн сайд Олег Мусий эсэргүүцлийн үеэр Майданы эмнэлгийн албаны зохицуулагч байлаа.
Сангийн сайд Александр Шлапак, 2001-2002 онд Анатолий Кинахын засгийн газарт Эдийн засгийн сайдын алба хашиж байсан юм.