
2014 оны Сочийн паралимпад багийн ахлагчаар Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д. Сүрэнхорлоо, дасгалжуулагч Ж.Дашдондог, техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, тамирчин Б.Ганболд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр МҮОНТ-ийн сурвалжлагч Д.Батжаргал гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Манай тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын LW6 босоо ангилалд /гарны бэртэл/ оролцох юм. Түүний хувьд цанын төрлөөр гуравдугаар сарын 10-нд 1000 метрийн ойрын зайд, 12-нд 10 км-ийн сонгомол техник, 16-нд буюу хаалтын өдөр 20 км-ийн тэших техникээр өрсөлдөнө.
Сочийн паралимпийн наадамд 47 орны 1600 тамирчин спортын таван төрөлд 72 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Паралимпын баг тамирчдыг үдэх ёслолыг нээж, ССАУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл
-Юуны өмнө хүн төрөлхтний баяр цэнгэл өвлийн паралимпийн наадамд өрсөлдөх баг тамирчдаа амжилт хүсье. Манай улс өвлийн спортын төрлийн жигд хөгжүүлэх бодлого баримталж, ажилдаа ханцуй шамдан ороод байна. Энэ долоо хоногийн хувьд ССАЖЯ өвлийн спортын төрлөөр “амьсгалсан” өдрүүд болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шинэчлэлийн Засгийн газар өвлийн спортыг хөгжүүлэх бодлогыг яаралтай боловсруулахыг шаардсан. Үүний дагуу ССАЖЯ мэргэжлийн спортын холбоодтой хамтран судалгаа хийж, өчигдөр /II.27/ Засгийн газар болон Ерөнхийлөгчийн тамгын газарт мэдээллээ хүргүүлээд байна гэдгийг онцолсон юм.
Монгол Улс 2006 онд Италийн Турин хотноо болсон өвлийн паралимпийн наадамд анх удаа оролцсон. 2010 оны Канадын Ванкувер хотноо болсон өвлийн паралимпийн наадамд тамирчин Н.Сүхбаатар, Э.Зориг, дасгалжуулагч Н.Сандагдорж гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байсан юм. Харин 2014 Сочийн паралимпд пара гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд эрхээ, дасгалжуулагч Ж.Дашдондогийн хамтаар оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаажээ. Баг тамирчид гуравдугаар сарын 3-нд ОХУ-ын Сочи хотыг зорино.
Ёслолын үеэр паралимпийн наадамд өрсөлдөх Б.Ганболдтой цөөн хором ярилцлаа.
-Паралимпын наадамд анх удаа оролцох гэж байна. Сэтгэгдлээ хуваалцаач?
-Анхны олимп болохоор бага зэрэг сүрдэж байсан. Багш дасгалжуулагчтайгаа хамтраад бэлтгэл сургуулилт сайн базаасан болохоор одоо гайгүй. Ямар ч байсан монголчуудын итгэлийг алдахгүйн тулд бүх чадлаа зориулах болно. -Цанын төрлөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?
-Сүүлийн хоёр жил цанын спортоор хичээллэж, үндэсний шигшээ багт дуудагдсан. Анх цанаар хичээллээгүй. Хөнгөн атлетикийн тэмцээнд анх удаа оролцоод тэр үед багштайгаа танилцсан. Манай багш цанын спортоор хичээллээч гэдэг санал тавьсан даа. Ж.Дашдондог багшийнхаа саналыг хүлээн авснаар энэ спортод хөл тавьсан. Багштайгаа 2012 оны зун танилцсан гэхээр хоёр жил орчим хичээллэсэн юм байна.
-Хоёр жил хүрэхгүй хугацаанд олимпийн эрх авсан юм. Олон улсын чанартай уралдаан тэмцээний туршлага ихтэй юу?
-Олимпод оролцоно гэдэг миний хувьд том аз завшаан юм. Пара цанын Америкийн нээлттэй тэмцээн, Шведийн ДАШТ, Сочид болсон Дэлхийн цомын тэмцээнд оролцсон.
-Бэлтгэл сургуулилтаа хаагуур базаав?
-Бэлтгэлээ Цэргийн амралтад таван сар гаруй хугацаанд хийсэн.
-Баярлалаа.