
Мөн Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадасын олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж. Монгол Алтайн барагшуны нөөц төдийлөн их биш гэдэг нь 2009 онд судалгаагаар тогтоогдсон байна. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр гадаад улсад экспортлохыг 5 жилийн турш хориглов. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж амжаагүй аж ахуйн нэгжийг 2014 оны 5 дугаар сарын 01-ний дотор гадаадад гаргахыг зөвшөөрлөө. Хүмүүс Барагшунг олборлохдоо хад асгыг нурааж тэр орчимд байрших амьтдын амьдрах орчинг сүйтгэн аюул занал учруулдаг аж.
2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолжээ. Увс, Завхан, Төв аймгаас бугын ясан эврийн ихэнхийг түүж бэлтгэдэг аж.Уг нь хуулиар жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг хуулиар зөвшөөрдөг байна. Гэхдээ 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчлан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулан үргээхээс сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд түүж, худалдахыг түр хязгаарлажээ.