Хойд Солонгос богино зайн пуужин туршжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос богино зайн пуужин туршжээ

Хойд Солонгосын арми өчигдөр /II.27/ Зүүн далай руу богино зайн пуужингууд харваж туршсан талаар Өмнөдийн Батлан хамгаалах албанаас мэдээлжээ. Хойд Солонгосын талаас харвасан дөрвөн ширхэг богино зайн тусгалын пуужин тус улсын зүүн эргээс 200 гаруй км-ийн зайнд далайд унасныг Ёнхап агентлагт мэдээлсэн байна. Түүнчлэн Хойд Солонгосын харвасан пуужингууд нь “KN-02” гэх богино зайн баллистик пуужингийн системийн шинэчилсэн хувилбар хэмээн Өмнөдийн талаас хардаж байгаа аж.

Хойд Солонгос ийнхүү богино зайн пуужингууд туршсан нь одоо үргэлжилж буй АНУ, Өмнөдийн хамтарсан цэргийн хээрийн сургуулилтад үзүүлж буй хариу үйлдэл юм. Харин Вашингтоноос Хойд Солонгосын үйлдлийг ажиглаж байсан бөгөөд энэ нь өмнөд хөрштэйгөө дахин сэргээж буй харилцаагаа муутгасан үйлдэл болсныг мэдэгджээ.

Хойд Солонгос нь өдөөн хатгалгын шинжтэй АНУ, Өмнөдийн жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилтанд их эмзэглэдэг юм. Энэ жилийн хувьд Хойд Солонгос Өмнөдтэй хамтран дайнаар салсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулж дууссан даруй пуужингууд туршиж, АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтанд дургүйцлээ илэрхийллээ.

Үүнээс өмнө өнгөрсөн онд Хойд Солонгос АНУ, Өмнөдимйн хамтарсан жил бүрийн цэргийн хээрийн сургуулилтын хариуд алсын тусгалтай пуужин харваж,  дэлхий нийтийг цочроож байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж