
-Таныг төрийн эргэлт хийж, бослого гаргах гэж байхад нь баривчилж, зогсоосон гэлцдэг. Та үнэхээр төрийн эргэлт хийх гэж байсан юм уу?
-Тухайн үед би “Даяар монгол”, “Хөх монгол” бүлгэмийн тухай олон ангит кино хийхээр судалгааны ажил хийж байсан юм. Тэр үед баахан уран бүтээлчид цуглараад баахан фантазлаад л ярьж байсан юм. Юу гэж ярьж байсан гэвэл, тэр олон ангит киноны төгсгөл нь “Даяар монгол”, “Хөх монгол”-ын залуучууд төрийн эргэлт хийх гэж яваад, сүүлдээ ардчилсан нийгэмд ийм юм байж болохгүй гээд сонгуульд оролцохоор болоод дуусах тухай киноны зохиолыг ярилцаж байсан. Энэ зүгээр л уран бүтээлийн талаар ингэж хийж болох юм байна гэсэн фантаз яриа төдий асуудал байсан. Гэтэл бидний дундаас нэг нь энэ талаар очоод тагнуулын байгууллагад дэвэргээд, худлаа мэдээлснээс хамаг хэрэг эхэлсэн юм. Ингээд удаагүй байтал намайг гэрээсээ гарч явахад шууд л аваад явсан шүү дээ.
-Киноны зохиолын тухай яриа таныг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж шалгахад хүргэсэн гэсэн үг үү?
-Тэр үед нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, зарим хүмүүс ч төрийн эргэлт хийх хэрэгтэй гэлцэж байсан үе шүү дээ. Надаар далимдуулж тэднийг хашраая гэж бодсон байх. Тэгээд л баримтгүй зүйлийг дэвэргэж, прокурор, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлсэн шиг байгаа юм. Мөрдөн байцаагаад үзэхэд үнэхээр ч тийм зүйл байхгүй нь мэдэгдэж эхэлсэн. Гэтэл кино зохиолч, найруулагчдад хүчээр хэрэг тулгах ажил, өөрөөр хэлбэл, дарамт эхэлсэн дээ.
-Хүчээр хэрэг тулгах гэж оролдсон гэхээр чухам юу болсон юм бэ?
-Тэр үед хэрэг дээр ажиллаж байсан н.Энхтөр гэгч миний хэзээ хэзээгүй төрөх гэж байсан эхнэрээр минь намайг дарамталж “Тэр Цэнгэлийн хамсаатан гэж хэлэхгүй бол эхнэрийг чинь хоёр жил хорих эрх байна. Авчраад хорьчихъё л доо” гэж дарамталж, худал мэдүүлэг, мэдээлэл авсан зүйл бий. Би өмгөөлөгчдөө болсон явдлын тухай хэлэхэд, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч н.Энхтөрийг УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах газарт шалгуулж эхэлсэн юм. Яг шалгаад эхэлтэл тэр мөрдөн байцаагч н.Энхтөрийг гадуудад сургуульд явуулчихсан. Тэгээд хэргийг цаашид шалгах ёстой байсан н.Пүрэвмаа гэх мөрдөн байцаагч нэг ч нэмэлт зүйл шалгаж, үнэн мөнийг олохыг хүсэхгүйгээр н.Энхтөрийн мөрдөн байцаалтыг хэвээр нь шүүхэд шилжүүлсэн.
-Цэнгэл гэж ямар хүн байна вэ?
-Цэнгэл нь Өвөрмонголын зохиолч, сэтгүүлч. Манай улсад түүхийн чиглэлээр сурч байсан хүн юм. Энэ хүн кино зохиол бичиж суръя гээд надад хадаг барьж ирсэн шавь минь юм. Тэгээд л уран бүтээлийн найз нөхөд болсон доо. Гэтэл мөрдөн байцаалтын үеэр Цэнгэлийг төрийн эргэлт хийх гэж байсан хүн, харин би түүний хамсаатан болж хувиргах гээд. Цэнгэлийг мөрдөн байцаахдаа хөдөө хээр аваачдаг байсан гэсэн.
-Хээр аваачиж байцаалт авдаг байсан гэсэн үг үү?
-Цэнгэлийг хээр аваачаад цаазын тогтоол уншиж, хий буудаж айлгасан гэсэн. Яг үнэндээ бол Тагнуулын ерөнхий газарт үнэндээ 1937 оных шиг уур амьсгал хэвэр байна. Би “БНМАУ-ын төлөө зүтгэе” гэх кино хийхдээ тэр үеийн дарамгуйлал бүх амьдралыг судалж байсан. Сонсоод байхад Цэнгэлд яг л тэр үеийн харгислалыг үзүүлсэн байгаа юм. Ардчилсан нийгэм гэж байгаа энэ үед Тагнуулын ерөнхий газарт анхаарах цаг болсон.
-Шүүх хурал өмнө нь хэдэнтээ болсон. Ямар учраас нэг тийш нь шийдвэрлэхгүй байгаа юм бол?
-Шүүх хурал дээр ийм хэрэг гэж юу байхав дээ гээд л мөрдөн байцаалтад буцаадаг юм.
-Хэрэгсэхгүй болгож болохгүй хэрэг гэж шүүхээс үзэж байна гэсэн үг биз дээ?
-Шүүх /өнөөдрийн/ хурлаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгох байх аа.
-Таныг бас 10 гаруй залууг бэлтгэж, бослого гаргах гэж байсан гэлцдэг?
-“Цагдаагийн тангараг 2” кинонд тоглуулахаар Нийслэлийн цагдаагаас 10 залууг авч, Дотоодын цэргийн ангийн зөвшөөрлөөр байранд нь 10 хоног байлгаж орлон тоглогчийн дүрд бэлтгэж байсан юм. Тэрийг л хэлээд байдаг шиг байгаа юм.
-Шүүх хуралд хэн хэн шүүгдэгчээр оролцох вэ?
-“Галданбошигт сан”-гийн тэргүүн Батболд, Цэнгэл бид гурав орж байгаа. Монгол Улсын шүүх үнэн шударга гэдэгт итгэж байна.