Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 27-ны өдөр болж, Сонгинохайрхан дүүргийн “Амьдрах ухаан төв”-д гарсан хордлогын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтын тухай мэдээлэл сонслоо.
Шалгалтын дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир танилцууллаа.
2014 оны 2 дугаар сарын 22-ны оройн 22 цаг 23 минутанд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 3 хүн хоол хүнсээр дамжих өвчнөөр нас барсан, 1 хүн хордлогот халдварын тохиолдол илэрсэн гэсэн мэдээллийн дагуу тус дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 24-р гудамжинд байрлалтай “Амьдрах ухаан” сургалтын төвд Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид ЭМС-ын А185 тоот тушаалын дагуу тандалт судалгаа, хяналт шалгалтыг 2014 оны 2 дугаар сарын 22-ны оройн 23 цаг 10 минутаас 23-ны 03 цаг хүртэл хийж ажиллажээ.
“Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нь гэр оронгүй, тодорхой хаяггүй хүмүүсийг түр хонуулан, өдөрт 2 удаа хооллодог бөгөөд 2-р сарын 22-ны өглөө 10 цагийн үед 1 хүн, 19 цагийн үед 2 хүн, 23 цагийн үед 1 хүн өвдөж 103-т дуудлага өгсөн байна. Өвчтөнүүдийг Сүхбаатар дүүргийн “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлэгт маш хүнд байдалтай ирж, эмнэлгийн зүгээс амь насыг нь аврах боломжгүй байжээ.
Хэд хоногийн өмнө өвчтөн Д.Отгонбаяр, Д.Отгонбат нараас Арслант, үйлдвэрлэгч нь тодорхойгүй Их Монгол архи “Амьдрах ухаан” төврүү авч орох гэж байхад нь хурааж авсан бөгөөд хураасан архийг МХЕГ-ын Хүнсний аюулгүй Үндэсний лавлагаа лабораторит хүргүүлж шинжлэхэд шууд үхэлд хүргэх үзүүлэлт гараагүй байна. Харин тухайн өдөр эмнэлэгт өгсөн хоолонд хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүнийг НМХГ-ын Нэгдсэн төв лабораторит шилжүүлж, эхний байдлаар тус төвөөс өгсөн хоол хүнснээс хордсон гэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарчээ.
Харин нас барсан иргэд цэнхэр өнгийн шингэн уусан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа нь цонх угаадаг шингэн байх магадлалтай тул үхэлд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Хуралдааны үеэр нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд “Амьдрах ухаан” төвийн үйл ажиллагааг сайжруулах, нийслэлийн нутаг дэвсгэрт тэнэмэл гэх тодотголтой иргэдийг байрлуулдаг төвүүдийн чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай байгаа талаар санал хэлсэн юм.
Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ үйл явдлаас хүнсний аюлугүй байдал, хяналт алдагдсан нь харагдаж байна. Хуурамч архи зарсан борлуулагчид хариуцлага тооцох хууль эрх зүйн орчинг сайржуулах шаардлагатай. Хамгийн гол нь үйлдвэрлэгчээс борлуулагчид хүргүүлж байгаа бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлж, хэнээс, хэзээ, хэдийг авсан гэдгийг тодорхой байлгаж, хяналт тавих нь эзэнгүй, хуурамч бүтээгдэхүүн борлуулахаас урьдчилан сэргийлж чадна. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх, хуулийг мөрдөх нийтлэг журам боловсруулъя” гэлээ.Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар холбогдох албаныхантай хамтарч Хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлэх нийтлэг журам боловсруулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.