Португалийн багууд анх удаа аваргын төлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Португалийн багууд анх удаа аваргын төлөө

Энэ улирлын туршид “Бенфика”-д “дээрэлхүүлсэн” “Брага” өчигдөр талбайдаа
өрсөлдөгчөө хүлээн авлаа. Эхний тоглолтод 2:1-ээр хожигдсон учир
талбайн эзэд довтолж тоглох нь ойлгомжтой байсан. Улмаар 19 дэх минутад Уго Вианагийн булангаас дамжуулсан бөмбөгийг Куштодиу мөргөж оруулснаар “Брага” 1:0-ээр хожиж, эсрэг багийн талбайд олон гоол оруулсан дүрмийн дагуу Европа лигийн шигшээ тоглолтод шалгарлаа. “Брага” 1966 оноос хойш том хэмжээний цом авч чадаагүй. Ийнхүү тэд Европын анхны цомоо авахад ойрхон ирлээ. Тэд Европын тавцанд хийсэн сүүлийн есөн тоглолтын наймд нь хаалгандаа гоол алдаагүй гэсэн гайхалтай амжилтыг тогтоосон байна.

Европа лигийн финал Дублин хотноо болно. Тус тоглолтод “Брага”-гийн эсрэг “Порту” өрсөлдөх юм. Эхний тоглолтод талбайдаа 5:1-ээр “Вильярреал”-ыг хожсон  “Луунууд” хариу тоглолтод илт хамгаалж, үр дүнд нь 3:2-оор хожигджээ. Гоолыг Кани, Халк, Фалкао, Капдевилла, Росси нар оруулсан байна. Нийлбэр дүнд 7:4-өөр ялалт байгуулсан “Порту” энэ жил гурван цом хүртэх боломжтой байгаа юм. Мөн тус багийн довтлогч Фалкао гоол оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг 16 гоолтой тасархай тэргүүлж байна. Энэ нь Европа лигийн түүхэн амжилт болж байгаа юм. 1996 онд “Тоттенхэм” болон Германы шигшээ багийн довтлогч Юрген Клинсманн 15 гоолыг УЕФА-гийн цомын тэмцээнд оруулж байсан амжилтыг Колумб довтлогч ийнхүү эвдлээ.

Европа лигийн шигшээ тулаан тавдугаар сарын 18-нд Ирландын нийслэл Дублин хотын “Авива” цэнгэлдэхэд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж