Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Эгчмэд дурлалын эзэд

Насны зөрүүтэй нандин хайрын түүх хаа сайгүй элбэг. Нөхөр нь ахмад, эхнэр нь дүү байхыг бүгд байх ёстой хэвийн зүйл мэтээр хүлээж авдаг хэрнээ эхнэр нь эгчмэд, нөхөр нь дүү байхыг Монголчуудаар барахгүй манай гаригийн хүмүүс хачирхаж хүлээж авдаг нь гайхалтай. Гэвч эгчмэд эхнэрүүдийг эвэртэй туулай үзсэн мэт гайхдаг байсан үе барууны ертөнцөд үеэ өнгөрөөчихөж.

Судалгааны дүнгээс үзэхэд хүчирхэг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн өөрөөсөө дүү нөхөртэй байдаг аж. Тийм ч учраас хүүхнүүдийн арми хүчирхэгжихийн хэрээр эгчмэд дурлалын эзэд олширч байна. Холливудын хамгийн цуутай хосуудын нэг Деми Мур, Эштон Катчер хоёр бол үүний тод жишээ. Олон жил нөхөртөө үнэнч байж, үлгэр жишээ гэр бүл гэгдэж явсан Брюс Уиллис, Деми Мур 2 нэг л өдөр хоёр тийш болж, үзэсгэлэнт гэргий нь өөрөөсөө хорь орчим насаар дүү царайлаг жүжигчин эрийг ханиараа сонгосон нь хэсэгтээ л шуугиан тарьж байв. Бидний хойд хөрш Оросын домогт дуучин Алла Пугачева бас л үе байтугай мултарсан нөхрүүдээрээ алдартай. Максим Галкин, Филипп Киркоров. Хүүхнүүдийн зүрхийг байлдан дагуулдаг царайлаг, нуруулаг Киркоров домогт дуучинд ухаангүй хайртай байсныг өөч зарим нь хөрөнгө мөнгө, эрх ашиг харсан гэрлэлт хэмээдэг байлаа. Үнэндээ энэ тийм биш гэдгийг цаг хугацаа дараа нь харуулсан билээ. Хөрөнгө мөнгөнөөс гадна хүчирхэг өгөгдөлтэй хүүхнүүд үеийн эрчүүдийнхээ өмнө хүлээн зөвшөөрөгдөх нь бэрх байдаг уу ямартай ч өөрөөсөө дүү эрчүүдтэй дурлалын романс үүсгэж, амьдрал цогцлоож яваа нь гайхалтай бахархалтай хэрэг хэмээн “Гранд” сэтгүүл үзэж байна. Ингээд хүчирхэг хүүхнүүдийн армитай танилцацгаая.    

Д.ОЮУНХОРОЛ Г.ЖАРГАЛСАЙХАН
УИХ-ын гурван “мисс”-ийн нэг хатагтай Д.Оюунхорол бизнест ч, улс төрд ч эрчүүдийн дүрмээр тоглож, орон зайгаа тунхаглаж яваа бүсгүй. Хуульч, багш мэргэжилтэй тэрээр ажил амьдралынхаа гарааг нийслэлийн нэгэн дунд сургуулиас эхэлсэн бөгөөд ердөө жилийн дараа хичээл ангийн эрхлэгч болсноос түүний хэн гэдгийг тодорхойлж болохоор. Би хөдөлмөрлөж амьдрах дуртай хэмээн ярьдаг хатагтай Д.Оюунхорол 1991 онд Монголын анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг “Отгонтэнгэр”-ийг үүсгэн байгуулж, ректороор нь ажиллаж эхэлсэн нь түүний бизнесийн эхлэл байв. Боловсролын салбарт амжилттай бизнес хийж чадсан тэрээр сургуулиа хөл дээр нь босгох гэж төдийгөөс өдий хүртэл зүтгэхдээ хүнд хүчир ачааг даван гарч өдий хүрсэн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Тиймдээ ч “Отгонтэнгэр”-ийн 20 жилийн ойгоор боловсролын салбараас төрсөн анхны шилдэг бизнесмэн болсон нь туйлаас нүдээ олсон шагнал болсон гэж болно.

Сургуулиа хөл дээр нь босгож санхүүгийн хувьд айх юмгүй болсон тэрээр 2000 онд төрөлх нутгаасаа нэр дэвшиж Их хуралд мандат өвөрлөн орж ирсэн. Улс төрчийн хувьд учиргүй зарчимч, төмөр хатагтай биш боловч угийн багш, хуульч мэргэжил нь түүнийг улс төрийн тавцанд өөлөх юмгүй өдий хүргэж ирсэн хэмээн дүгнэж болно. Намынхаа лидертэй нэр холбогдож, 2004 онд тойроггүй болчихоод бие даан нэр дэвшиж явсан хатуужилтай, эр зоригтой түүх ч түүний улс төрийн карьерт бий. Баргийн эр хүнээс дутахгүй эршүүд, зоримог энэ хатагтай чамгүй олон жил ганц бие амьдралаар амьдарсан. Нас биед хүрсэн хүү, охин хоёртой, тэрээр 2000-2004 онд парламентад Завхан нутгаа төлөөлж сууж байхдаа өөрөөсөө арваад насаар дүү Г.Жаргалсайхан хэмээх эртэй ханилж, хувийн амьдралаа төвхнүүлсэн. Өндөр боловсролтой, дипломатын мэргэжилтэй ноён Г.Жаргалсайхан өдгөө ГХЯ-нд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажилладаг. Өөч зарим нь өөрөөсөө эгчмэд бүсгүйн татаасаар өндөр албан тушаалд томилогдсон хэмээн ярьдаг ч үнэндээ ноён Г.Жаргалсайхан хэн нэгнээр “мотор”-дуулаад байхааргүй чадварлаг боловсон хүчин хэмээн ойр дотынхон нь магтах юм билээ. Гитар дарж, орос дуу дуулахаараа баргийн дуучныг ажилгүй болгох шахдаг эрхэм гишүүн ч нас тогтсон хойноо учирсан ханьдаа хошуу дэвсдэг бөгөөд хөтлөлцөөд явж байхад насны ялгаа огтхон ч харагддаггүй нь Г.Жаргалсайхан ноёнтны мэргэжлийн сүр, далайц гэлтэй.
 
С.ЭРДЭНЭЧИМЭГ Н.ГАНТУЛГА

Цэцэг цэврүү шиг үзэсгэлэнтэй хоёр охин, насандаа баймгүй оворгүй байдал, гоо үзэсгэлэнгээрээ олныг гайхашруулдаг хатагтай С.Эрдэнэчимэгийг манайхан Их аварга Д.Дагвадоржийн хадам ээж гэдгээр нь андахгүй. Зах зээлийн ороо бусгаа цагт бизнест хөл тавьж, хуруу хумсаа тайрах шахам явж амьдралаа эрийн цээнд хүргэсэн тэрээр “Ихэр сувд”, “Ихэр авто” зэрэг компаниудыг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон шаггүй бизнес хатагтай. Өдгөө “Pola” гоо сайхны салон ажиллуулдаг хатагтай С.Эрдэнэчимэг хоёр охиныхоо ааваас өрх тусгаарлаж, дуучин Н.Гантулгатай амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрч буй. Охидынх нь аав ноён Г.Гомбоцэрэн хахир хатуу ааштай, сав л хийвэл нударга далайх дуртай, эр хүний хувьд хуншгүй нэгэн байсан нь С.Эрдэнэчимэг хатагтайг ийм алхам хийхэд хүргэсэн гэдэг. Ямартаа л “Надаас өөр хүн байсан бол өдийд сөхрөөд ойччихсон байгаа” хэмээн ярьж байсан удаатай. Охидоо хүний зэрэгт хүргэж, амьдралд хөл тавьсан хойно нь хэр баргийн хүнээс гарамгүй зоригтой алхам хийсэн тэрээр гэрээсээ гарахдаа сэтэрхий тэвнэ ч аваагүй гэдэг. Угийн бардам, өөртөө итгэлтэй хатагтай дуучин эртэй хамтын амьдралаа эхлүүлэхдээ бүгдийг тэгээс эхэлсэнийг ойр дотныхон нь ярьцгаадаг. Гоо сайхныхаа нууцыг холбон тайлбарладаг “Pola” брэндийн бүтээгдэхүүнийг эхлээд охинтойгоо хамт хэрэглэдэг байсан нь найз нөхдийнх нь хүсэлтээр хүрээгээ тэлж эцэс сүүлдээ албан ёсны дистрибьютер болж, гоо сайхны бизнест хөл тавьсан гэдэг. Өдгөө хотын дээдсийн хүүхнүүдээр бүхэл бүтэн арми үүсгэсэн хатагтай С.Эрдэнэчимэг эд хөрөнгөн дээр суурилсан аз жаргалаас илүү сэтгэлийн аз жаргал хамгаас чухал хэмээн үздэг юм билээ.

Дуучин Н.Гантулгын тухайд өмнөх амьдралаасаа нэг охинтой. Нэг хэсэг бор дарсанд дурлаж явсан ч эр хүний ид насан дээр учирсан хайр дурлал нь түүнд эрч хүч өгч, уран бүтээлийн 2 дахь үе буюу эр цэрэг, эх орны сэдэвт дуунуудаар “занималдаж”, их ч амжилтад хүргэсэн. Жилд хоёр ч тоглолт зохион байгуулж, амьдралаа товхийтэл авч яваа ноён Н.Гантулга шоу бизнесийн ертөнцөд хэнийг ч дагуулахгүй шоу менежер гэгдэх болсон. Хамгийн сүүлд өнгөрсөн Мартын 8, Цэргийн баяраар тоглолт хийсэн тэрээр энэ наадмаар Монголд урьд өмнө нь болж байгаагүй бүх насны цэргийн албан хаагчдыг цуглуулсан “Онжав” шоу хийхээр орондоо орох завгүй гүйж явна. 12 насны зөрүүтэй эгчмэд дурлалын эзнээ дуучин эр “Миний хань Монголжингоо бүсгүй” хэмээн хэвлэлд магтсан удаатай. Хайр дурлалд насны хязгаар байхгүй, жинхэнэ хайр хүнийг дахин амьдрах хүч чадал өгдөг гэдгийг энэ хосуудын амьдрал нотолдог.
 
И.ОДОНЧИМЭГ Т.БАРХҮҮ
Насны зөрүүтэй амрагуудын дундаас хамгийн алдартай нь. Авьяаслаг жүжигчин, чадварлаг найруулагч алаг нүдэн хөөрхөн бүсгүй олон жил ганц бие явсны эцэст олон насаар дүү, царайлаг жүжигчин залуутай учир ургуулсан нь жинхэнэ скандал үүсгэсэн хэрэг.

Шоу бизнесийн ертөнцөд хошин урлагаар мөнгө “хийж”, нэг айл байтугай нэг продакшныг нуруун дээрээ үүрч яваа алаг нүдэн Одноо цагтаа Драмын театрын урдаа барих чадалтай, гоо үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг байлаа. Зах зээлийн ороо бусгаа үед урлагийг гудамжинд гаргаж орхисон тэр цагт хэр баргийн хүнээс гарамгүй зориг гаргаж, театраас гарсан нь магадгүй түүний хувьд амьдралдаа хийсэн туйлын зөв алхмуудын нэг байсан биз. Авьяас хэзээ ч гудамжинд гардаггүй гэрчилж тэрээр уран бүтээлийн анд нөхөдтэйгээ хамтарч “Х-ТҮЦ” продакшн нь байгуулсан нь Монголын урлагийн түүхэнд олон шинэ хуудас нээсэн билээ. Анхны хошин мюзикл гэхэд чухамдаа И.Одончимэг гавьяатын санаа, нөр их зүтгэл байсан билээ. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хошин урлагийн продакшнуудын хамгийн шилдэг нь “Х ТҮЦ”. Зөвхөн хошин шогоор зогсохгүй мэргэжлийн драмын урлагт хэнээс ч дутахгүй гэдгээ тэд 2 жилийн өмнө тайзнаа тавьсан “Аянгын бороо” жүжгээрээ харуулсан. Энэ бүхний цаана алаг нүдэн бүсгүйн гайхалтай уран бүтээлч, өвөрмөц сэтгэлгээ, төрмөл авьяас, бүсгүй хүнээс л гарах удирдах, манлайлах нарийн ур, мэдрэмж гол тулгуур болж байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. “Х-ТҮЦ”-ээс бусад хошин урлагийн продакшнууд хэд ч салж, нийлж, салаалахад зөвхөн эднийх чадварлаг уран бүтээлчдээр армиа өргөжүүлсээр байгаа.

Амьдралаа, нэр алдраа өөрийн гараар бүтээж босгосон тэрээр ганц бие үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйн хувь тавилан-элдэв эрчүүдтэй холбогдохоороо нэг болж, хэл амны бай болдог байсан ч нэг л өдөр бие хаа, царай зүс, авьяас чадлаараа хэнийг ч дагуулахгүй Т.Бархүү хэмээх залууг амьдралын ханиараа сонгож, түшиг тулгуураа хийхэд хайртай фенүүд нь мөн ч их баярлаж байв. Цэл залуу насандаа тухайн үеийн сайхан залуусын нэг жүжигчин Н.Зоригттой сууж, хөөрхөн охинтой болсон ч хосууд нэг л өдөр хоёр тийш амьдралын жолоо залсан нь эр нөхрийнх нь бор дарсанд дурлаж, ааш зангаа хувиргасанаас үүдэлтэй гэдэг. Яруу найрагч Долгорын Нямаагийн эрх танхи хүү Н.Зоригтыг манайхан “Санаж яваарай” киноны гол дүрээр андахгүйгээр барахгүй чухам энэ киноны дараа залуу халуун насаараа од болж явсан үе жүжигчин эрд бий.

Өдгөө 44 настай И.Одончимэг гавьяат хоёр дахь үрийнхээ зулай үнэрлэх гэж буйг бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Хүүхэд хамгийн гоё уран бүтээл хэмээн жил гаруйн өмнө хэвлэлд ярьж байсан тэрээр уг нь олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байснаа нэгэнтээ хуучилж байсан удаатай. Гэвч зай завгүй уран бүтээлийн он жилүүд түүнийг энэ насны өндөрлөгт хүрсэн хойно дахин ээж болгох хүндтэй үүрэг хүлээлгэж, хосуудын хайр, аз жаргалыг улам дэвэргэж, асааж байгаа нь лавтай.

Т.Бархүүгийн хувьд өмнө нь бүжигчин бүсгүйтэй амьдарч байсан бөгөөд дундаасаа  нэг охинтой. Гэргийгээсээ 13 насаар дүү гучин насны босго алхаж буй тэрээр “Хорвоогийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн урлагийн алтан тайзан дээр бахархалтайгаар зарлаж байсан нь хэн хүний хайр татам байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Их авьяас, сайхан сэтгэл, чин хайрын өмнө нас гэдэг ердөө тоо төдий хийсвэр зүйл гэдгийг амьдралаараа баталж яваа хосууддаа аз жаргал, сайн сайхныг хүсье.
 
Г.НАРАНСОЛОНГО С.ТЭМҮҮЖИН
Хошин урлагийн хамгийн хүчирхэг уран бүтээлийн нэгдэл “Х-ТҮЦ” продакшныг алаг нүднүүдийн цуглуулга гэдэг. Нөгөө талаас тус хамтлагаас төрөн гарсан хоёр хос эгчмэд эхнэр, дүү нөхөр гэдгээрээ ижилсдэг. Продакшныхаа Одноо эгч шигээ чадварлаг жүжигчин болохыг мөрөөддөг байсан жаахан охин хожмоо “Х-ТҮЦ” продакшнд орж, гавьяат жүжигчний шийрийг хатаахуйц мэргэжилдээ өсөж явааг онцлох нь зүй байх аа. СУИС-ийн 1-р курсийн оюутан байхдаа анхны дүрээ “Зүүд шиг хайр” кинонд тоглож бүтээж байсан гэхээр байгалийн төрмөл авьяастай жүжигчин болох нь ойлгомжтой. Сургуулиа дүүргэчихээд их урлагт хөл тавихад ахмад уран бүтээлчид “Харцаараа бүхнийг асууж цоо ширтсэн, ухаалаг, сэргэлэн, энэ ч хол явах охин” хэмээж байсан гэдэг. Үнэхээр ч түүний хүүхэдэрхүү төрх, булцгар хацар, адтай сэргэлэн байдал Монголын урлагт өвөрмөц, өхөөрдөм орон зай эзэлж амжсан билээ.

Өнгөрсөн онд нярайлж, хоёр дахь үрийнхээ зулай үнэрлэсэн тэрээр чамгүй дуулиан шуугиан дэгдээн байж өөрөөсөө олон насаар дүү хамтлагийнхаа С.Тэмүүжин буюу “Boom town” хамтлагийн дуучин Тэмкатай суусан билээ. Ууган охиных нь аав, унаган багын хайрынх нь эзэн залуу амьдралын эрхээр Солонгост ажил хийхээр олон жилийн өмнө хөлгийн жолоо залсанаар хосуудын амьдрал хоёр тийш болох эхлэл тавигдсан гэдэг. Харь нутагт олон жил ажилласан нөхрөө хүлээж ядан ганц бие ээжийн амьдралаар амьдарсан он жилүүдэд жүжигчин Г.Нарансолонгыг ээрэх харчууд олон байсан ч итгэл тээн эр нөхрөө хүлээсэнийг ойр дотныхон нь ярьцгаадаг. Харин нэг л өдөр хамтлагт нь “Boom town”-ы Тэмка хэмээх шавилхан, сэргэлэн, царайлаг залуу орж ирсэнээр шинэхэн дурлалын романс үүсэж, жүжигчин бүсгүйг хоёр дахь амьдралдаа хөл тавихад хүргэсэн. Өөрөөс нь олон дүү Тэмка гэргийдээ ёстой хөл алдан гүйсээр байж өөрийнх болгож авсан нь чин сэтгэлийн хайр байсан биз ээ. Тэмкагийн ар гэр, аав ээж нь хүүхэдтэй, эгчмэд бүсгүйтэй хүүгээ суулгахгүй гэж нэлээн үзсэн ч эцэст нь гал халуун хайрын хүч энэ бүхнийг дийлж хосууд гал голомтоо асаасан төдийгүй хөөрхөн хүүгийн ижий, аав бололцсон билээ. Цэргийн баярын өдөр мэндэлсэн хүүдээ хосууд Анар-Од хэмээх нэр хайрласан.

Нэгэн цагт ганц бие ээж, өрх толгойлсон амьдралынхаа тухай “Бурхан цаанаасаа заяахдаа л бvгдийг тэнцvvлж өгдөг байх. Гоо vзэсгэлэн, сайхан бие, оюун ухаан байхад амьдралыг нь бvтэмжгvй байлгах ч юм уу. Ер нь зовлон жаргал ээлжилж байж л амьдрал утгатай болдог шvv дээ” хэмээн ярьж байсан эгдүүтэй Г.Нарансолонго хүү, охин хоёртой, мэргэжил нэгт хайртай нөхөртэйгээ аз жаргалтай амьдарч буй.
 
Д.ӨНӨРБОЛОР
Монголын бизнесийн ертөнц, тэр дундаа барилгын салбарт нэгэн нууцлаг хатагтай байдаг нь “Сөүл”-ийн Болороо нэрээрээ алдаршсан Д.Өнөболор хэмээх бүсгүй. Дээдсийн хүрээнийхэн түүнийг андахгүй. Монголын хамгийн анхны гэж болохоор үнэ өртөг өндөр, тэр хэрээрээ дээд зэргийн стандарт бүхий хотхон болох Чингисийн арын “Royal castle”, Зайсан дахь “Green villa” бүгд энэ бүсгүйн барьж байгуулсан бүтээн босголт. Тухайн үеийнхээ ханшаар хамгийн өндөр үнэтэйд тооцогддог энэ хоёр хотхонд Монголын хамаг л дээдэс, цагдаа хүчнийхэн, Их хурлын гишүүд, төр засгийн томчууд хуваагдаад суурьшчихсан гэхэд хилсдэхгүй. Экс Ерөнхийлөгч Н.Багабанди гэхэд “Royal castle” хотхонд амьдардаг бөгөөд арын нууц ноёнтон нь ч гэж яригддаг.

Ингэж Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэсрэлт хийж, эргэлт авчирсан Д.Өнөболор хатагтайн намтар түүх эгэлээс эгэл амьдрал дундаас өөрийн гараар баялагаа бүтээсэн хүчирхэг хүүхнүүдийн бахархам амжилтын жишээ гэж болно. Говь нутгаас гаралтай хөдөөний охин МУИС-ийн харьяа Олон улсын харилцааны дээд сургуулийн солонгос хэлний анги дүүргэсэн бөгөөд сургуулиа төгсөөд нэгэн Солонгосын компанид орчуулагчаар орж, ажил амьдралынхаа гарааг эхлэв. Тус компани нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад байрлах “Туяа” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Солонгосын иргэн Лигийн компани байв. Удалгүй эх нутгаасаа хол амьдарч байсан солонгос бизнесмэн эрд Д.Өнөболор хатагтай ажил мэргэжлийн ур чадвараараа төдийгүй бүсгүй хүнийхээ хувьд таалагдаж, тэд хамтран амьдарч эхэлсэн нь амжилтынх нь эхлэл байв. Нэрээ өөрчилж “Сөүл” болгосон ресторанд тухайн үеийн Монголын төр засгийн томчууд, хууль хүчнийхэн нууц уулзалтаа хийдэг байсан нь сэргэлэн бүсгүйн анхаарлыг татаж, гэр бүлийн хоёр рестораны бизнесээ өргөжүүлж, өөр салбарт хүч үзэхээр сэтгэл шулуудан “Мантууш” хэмээх компани байгуулж, барилгын салбарт ханцуй шамлан орлоо. Хотын А зэрэглэлийн бүсэд газар авч, сүндэрлүүлсэн анхны барилга “Royal castle” нь чухамдаа рестораных нь үйлчлүүлэгч томчуудын тусламж, хаялагаар торох юмгүй зарагдаж, их хөрөнгийнх нь шав суурийг тавьж өгсөн гэдэг. Жирийн орчуулагчаас барилгын том компанийн гүйцэтгэх захирал хүртлээ дэвшиж чадсан бүсгүй хэд хэдэн элит хотхон барьж, амжилттай борлуулсаныхаа дараа өөрөөсөө олон насаар дүү, компанидаа ажилладаг байсан Монгол залуутай сууж, хувийн амьдралаа төвхнүүлсэн нь үндэсэрхэг үзэлтэй олон Монголчуудын дотрыг онгойлгосон гэдэг. Эхнэр нөхөр гэгдэж, хөрөнгө мөнгөө дундын нэр дээр байршуулж, хамтран бизнес эрхэлж өдий хүрсэн Солонгос нөхөр нь Д.Өнөболор хатагтайн энэ сонголтыг хүлээн зөвшөөрч, зайгаа тавьж өгсөн нь хүн чанартай эр хүнээс гарах араншин хэмээн компанийнх нь ажилтнууд ярьдаг.

Залуу нөхөртөө хоёр хүүхэд төрүүлж өгсөн хатагтай Д.Өнөболор одоо ч компанийнхаа гүйцэтгэх захирлын албыг хашдаг бөгөөд анхны нөхөртэйгээ эв найртайгаар хамтран ажилласаар байгаа. Эгэл жирийн амьдралаас хэрхэн өндийж, өөрийн гараар баялгаа бүтээж, эцэст нь элэг нэгт залуутай ханилж, эх байх үүргээ гүйцэтгэсэн ховор сонин, бахархам намтарын эзэн бүсгүйн амжилтын түүх олонд хүнд нэгийг бодогдуулж, нөгөөг сануулах буй за.  
 
Б.БАЯРСАЙХАН БАЯКА
Танилцуулах дараагийн бүсгүй бол “Ийгл”-ийн Б.Баярсайхан гэдгээрээ олонд танил сэтгүүлч, хуульч бүсгүй. Тус телевизийн анхны Монгол эмэгтэй захирал байсан энэ хатагтай амжилт хийгээд амьдрал, хувь төөргөө өөрийнхөөрөө зоригтой зурж яваа бүсгүй. МУИС, АНУ-д боловсрол эзэмшсэн тэрээр нэрт нэвтрүүлэгч Цэенханд гуайд шавь орсоноор телевизтэй амьдрал, хувь заяагаа холбох болсон гэдэг. Телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ур чадвар, баргийн бүсгүйчүүдэд байхгүй дайчин чанараараа тун ч амжилттай удирдаж байсан тэрээр өдгөө “Амин шийдэл” ТББ-ын тэргүүнээр ажиллаж буй. Үргэлж шинийг сэдэж, санаачилж явдаг Б.Баярсайхан  хатагтай энэ байгууллагынхаа хүрээнд өнгөрсөн онд “Өгөх өдөр”-ийг зохион байгуулж, нэлээдгүй буян үйлдсэн нь манайдаа анхдагч байсан гэж болно.

Эмэгтэй хүн хүчирхэг байхын тулд мэдлэг боловсрол, санхүүгийн хувьд ч тэр бүх талаараа хүчирхэг байх ёстой гэж үздэг тэрээр хувийн амьдралын тухайд өвөрмөц, баян намтар түүхтэй. Анхны нөхөр, хоёр хүүхдийнх нь аав гэргийгээсээ салаад мисс С.Бүрэнжаргалтай сууж одсон бол Б.Баярсайхан хатагтай “Чоно” группт ажилладаг байсан Баясаа хэмээх эртэй хоёр дахь амьдралаа зохиосон гэдэг. Энэ харилцаа төдий удаан үргэлжлээгүй бөгөөд амьдралынхаа ханьтай сэтгүүлч бүсгүй хожуу учирсан нь өөрөөс нь арваад насаар дүү, блогийн ертөнцдөө толгой цохидог, бичиж, туурвих авьяастай Баяка хэмээх залуу. Телевизийнхээ шугамаар Америкт айлчлахдаа учирч, удаа ч үгүй нэг гэрт орж, бүхэл бүтэн хамгаалалтын албаны харуул манаан дор нижгэр хурим хийж байв. Хөл хөөрцөг ихтэй, өргөн дэлгэр болсон хуримынх нь зардлыг Б.Баярсайхан хатагтайтай чамгүй олон жил амраг сэтгэлийн харилцаатай явсан АН-ын нэр алдартай лидер улс төрч гаргасан хэмээн шивэр авирхийх хүмүүс ч цөөнгүй.

АНУ-д олон жил ажиллаж, амьдарсан, Б.Баярсайхан хатагтайн нөхөр нэг хэсэг “Мянган сорилын сан”-д ажиллаж байгаад одоо “Оюу толгой”-д хариуцлагатай алба хашдаг.

Үргэлжлэлийг www.GRANNEWS.mn сайтаас уншина уу.
 

"ГРАНД" сэтгүүл №10

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж