Үйлдвэрлэл хөгжөөгүй шалтгаан

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл хөгжөөгүй шалтгаан

Монгол Улс хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ өнөө хэр хангалттай үйлдвэрлэж чадахгүй байгааг хэн хүнгүй л хэлдэг. Хэдийгээр зах зээлийн нийгэмд шилжээд 20 гаруй жилийг үдэж байгаа ч үйлдвэрлэл ийн хөгжихгүй байгаа гол шалтгаан нь юу байж болох вэ. Мэдээж зээлийн хүү өндөр, татварын дарамт, хил гаалийн хүнд суртал гэх зэрэг олон шалтгааныг дурьдаж болох биз. Гэвч энэ бүхнээс илүүтэй хамгийн том шалтгаан байгаа нь ердөө л ханш болов уу. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд монгол төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханш харьцангуй чанга байж ирлээ. Наанаа харахад монгол төгрөг худалдан авах чадвар сайтай, сайн сайхан байгаа мэт боловч цаанаа монголчууд тэр хэрээр гадны эдийн засгийг дэмжиж, тэтгэсээр ирсэн юм шиг. Нэг ёсондоо Хятадын бараа, үнэн худал нь үл мэдэгдэх брэнд нэртэй тансаг бүтээгдэхүүнүүдийг шүтдэг. Үүний цаана нөгөө л хялбар аргаар мөнгө олох болон бэлэнчлэх сэтгэлгээ явсаар байна.

 Энгийн жишээ дурьдая. Иргэн Э гэдэг хүн магадгүй оймс үйлдвэрлэх гэж байлаа гэж бодъё. Гэтэл оймсыг зүгээр л урд хөршөөс аваад ирсэн нь хямд уу, эсвэл эндээ үйлдвэрлэсэн нь хямд уу гэсэн хоёр сонголтын өмнө зогсож байгаа юм. Төгрөгийн ханш чанга, юань хямд байгаа учраас байгаа хэдэн төгрөгөөрөө аль болох ахиу юань хямдаар худалдан аваад, Эрээнийг зорино гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зүйлийг шууд үйлдвэрлэх гэхээсээ илүү бэлэн байгаа гадаадын бүтээгдэхүүнийг худалдаад авчих нь бидэнд хямд тусаж байсан юм. Үүнд иргэд, бизнес эрхлэгчдийг буруутгах аргагүй. Тэд аль нь илүү ашигтай байна, тэр замыг л сонгоно. Бизнес хийж байгаа хүн ашгийн төлөө л явна шүү дээ.

 Харин одоо иргэн Э-д тун хүнд байна. Оймс импортлох гээд юань худалдаж авах гэхээр юанийнх нь ханш чангарчихлаа. Тийм учраас ашгаа нэмэгдүүлэхийн тулд аль болох дотоодын нөөц бололцоогоо ашиглахыг хичээхээс өөр аргагүй болж байгаа юм. Энэ өдрүүдэд “Ам.доллар, юанийн ханш хэтэрхий их чангарчихлаа. Монгол Улс сүйрэх нь" хэмээн сүржигнэх хүмүүс олон таарч, үүнийг өөгшүүлж хий хоосон бичиж ярьсан хүмүүс ч дүүрэн л байна. Үүнийг эртнээсээ Монголчууд гүйх нохойнд гүйхгүй нохой саад гэгчээр юу ч үйлдвэрлэж хийж бүтээхгүй байж зүгээр л аливааг дэвэргэж хөөрөгдөж, хөөрцөглөж бичиж яригсад олширчээ. Гэхдээ үүний нөгөө талд ханшийн чангаралт ийнхүү дотоодын үйлдвэрлэгчдэд боломж олгож байгаа юм. Ингэж хэлэхээр “Дотоодын үйлдвэрлэгчид чинь ихэнх түүхий эдээ гаднаас импортолдог” хэмээн бухимдах хүмүүс олон байдаг. 

 Нэг үеэ бодвол монголчууд ядахдаа оймсоо дотооддоо үйлдвэрлэдэг болчихсон. Гэхдээ оймсоо оёдог утсаа урд хөршөөс импортолж байгаа нь үнэн. Гэтэл монголчуудад утсаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох бүрэн боломж байж л байгаа шүү дээ. Үйлдвэрлэх боломж байсан ч үнэндээ шууд импортолсон нь хямд тусаж байсан учраас одоо болтол монголчууд утсаа үйлдвэрлэж эхлээгүй байгаа юм. Одоо утас импортлоход үнэтэй болчихлоо. Үүний нөгөө талд Монгол Улсын Засгийн газар Чингис бондын хөрөнгөөр оёмол, даавуун бүтээгдэхүүн, утасны үйлдвэрлэлийг дэмжинэ гэж эхнээсээ орон нутгуудад ажил хэрэгжиж эхлээд байна. Өөрөө хэлбэл, утсаа үйлдвэрлээд эхэлье гэвэл Засгийн газар дэмжээд өгье гэж байна. Ийм байхад импортлогчид дэмий л “Ханш чангарчихлаа. Бид сүйрлээ” гэж хашгирч байхаар эсрэгээрээ “Бидэнд өөрсдөд маань ямар боломж байгаа билээ” гэж нэг удаа ч болов эргэцүүлээд үзвэл ямар вэ.

Үнэндээ ам.доллар үнэтэй болчихсон бол авахаа больчиход л хангалттай бус уу. Ханшид тэгтлээ санаа зовж байгаа бол худалдаж авахаа больчих. Тэгээд ханш буурна. Ер нь бол ханш гэдэг энэ зүйл нь тийм ч чухал биш шүү дээ. Монголчууд л хэтэрхий чухал болгож хараад байгаа юм. 20 гаруй жилийн турш нам дор ханштай, импортод суурилсан эдийн засагтай байсан болохоор нэг бодлын ойлгохоос өөр аргагүй. Гэхдээ Монгол Улс цаашдаа импортлогч бус үйлдвэрлэгч орон болох учиртай. Үүний тулд Монгол Улс гадаад валютын хөвөгч ханшийг баримтална гэдгээ хуулиндаа тусгаад өгчихсөн. Энэ оны мөнгөний бодлогод ч бас төгрөгийн ханшийн уян хатан тогтох бодлогыг үргэлжлүүлнэ гээд хууль тогтоогчид их хурлаар баталчихсан.
 
Ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй уялдан харилцан уялдаа, холбоотойгоор уян хатан тогтож байх ёстой. Энэ бол УИХ-аас баталчихсан хууль. Хууль хэрэгжих л ёстой. Хэрэгжүүлэх үүрэгтэй.
 
Тэгвэл мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй институт нь Монголбанк. Гэтэл Монголбанк нөөцөө баран байж ханшийг хүчээр барьж, хуулийн нь эсрэг ажиллах ёстой болж байна уу? Тэдэнд тийм эрх мэдэл бий юу? Хуулийн хүрээнд л ажлаа хийнэ шүү дээ.
 
Нөгөөтэйгүүр “Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй” гэх заалт хуулинд бий. Улстөрчид мөн л энэхүү заалтыг барьчихаад “Монголбанк ам.долларын ханшийг алдчихлаа” гэсэн тэс хөндлөн зүйл ярих жишээтэй. Гэтэл төгрөгийн тогтвортой байдал нь ханшаас тэс өөр зүйл. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бараа, үйлчилгээний үнэ тогтвортой байх тухай ойлголт. Тэгэхээр энэ нь инфляци аль болох бага, тогтвортой байх ёстой гэсэн үг болж таарч байна. Харин ханш нь эдийн засгийн нөхцөл байдал, валютын урсгалаасаа хамаараад уян хатан тогтох ёстой.

 Дахин нэг удаа сануулахад, төгрөгийн ханшийн энэ удаагийн сулралыг үйлдвэрлэгчид бэрхшээл гэхээсээ илүү боломж гэж харвал дээр биз ээ. Угаасаа үйлдвэрлэлээ дэмждэг аль ч улс оронд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь гадаад валюттай харьцах ханш сул байдаг юм.

 Л.ЭНХДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж