
Виктор Ан 2002 онд 16 настайдаа дэлхийн аваргын анхны шагналаа Монреалын талбараас авчээ. Тэр жилийн олимпод хурд сорьсон ч 1000 метрт дөрөвдүгээр байрт шалгарснаар ганзага хоосон нутагтаа иржээ. Тэрбээр дэлхийн аваргаас нийт 30 медаль авсны 20 нь алт, ингэхдээ таван удаа дараалан дэлхийн аваргаар тодорсон юм. Мөн тэрбээр Азийн өвлийн тоглолтын (2003, 2007) таван алтан медалийн эзэн, 2005 оны өвлийн Универсиадын гурван удаагийн аварга. Турины олимпийн гол баатруудын нэг. Тэр олимпиос зөвхөн Германы биатлонч Михаэль Грайс, Өмнөд Солонгосын залуу шорт-трекийн тамирчин Чин Сун Ю ба Виктор Ан гурав л тус тус гурван алтан медаль хүртсэн юм. Бусдаасаа илүү нь Ан гурван алтаас гадна нэг хүрэл авчээ.
2008 оны эхээр Ан өвдгөндөө хүнд гэмтэл авсны улмаас 2008-2009 онд өрсөлдөөний талбараас хол байв. БНСУ-ын шигшээд багтаж, 2010 оны олимпод эх орноо төлөөлөх гээд чадсангүй. Ингээд ОХУ-ын Тэшүүрийн холбооноос 2011 оны наймдугаар сарын 15-нд мэдэгдэл хийж, Ан Хён Суд Оросын иргэн болох хүсэлт тавьсан тухайгаа зарлав. Мэдэгдэлд дурдсанаар Ан 2011 оны долдугаар сараас Оросын шигшээ багтай хамт бэлтгэл хийж эхэлснээс гадна хэдийнэ орос хэлд шамдах болсон гэнэ.

Ингээд удалгүй тухайн үеийн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2011 оны арванхоёрдугаар сарын 26-нд Ан Хён Суг Оросын иргэн болгосон зарлигт гарын үсэг зуржээ. Иргэншлээ солиод тэрээр Виктор нэртэй болов. Ийм нэр сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа тэрбээр, нэгдүгээрт, Виктор нэр нь «виктори» гэсэн үгтэй холбоотой учир ялалт гэсэн утгатай, тэр нь надад амжилт авчирна гэсэн найдлага байгаа. Хоёрдугаарт, би Орост ч, Солонгост ч маш алдартай, Виктор гэдэг хүнийгмэднэ. Тэр хүн бол Виктор Цой, би түүн шиг алдаршихыг хүснэ гэлээ. Гуравт нь, орос хүмүүст Виктор нэр нь амархан тогтдог, хөнгөн нэр гэж надад хэлсэн гэжээ.

Виктор нийслэл Москва хотод амьдардаг. Оросын иргэншилтэй болсноос хойш Аны амжилт ердөө ч буурсангүй. Сочид бүр ч гялалзав. Турины олимпийн баатар хэрхэн Орост ирсэн нь үргэлж сэтгүүлчдийн анхаарлын төвд байлаа.
Дрезденд болсон нэгэн хэвлэлийн хурлын үеэр “Олимпийн жуулчлалын тухай та ямар бодолтой байна вэ?” гэсэн франц сэтгүүлчийн асуултыг Ан “Ийм томъёолол биш” гэж залруулаад, “Хэрэв би БНСУ-д бэлтгэлээ хийгээд, ОХУ-ын нэрийн өмнөөс оролцож байгаа бол өөр хэрэг. Гэтэл шинэ эх орондоо ирээд гурав дахь жилдээ амьдарч байна. Би энэ улсын өмнө тодорхой үүрэг хүлээсэн. Тиймээс ч энэ үг хэллэг надад тохирохгүй” гэж хариулжээ.

2012 оны Оросын аваргаар Виктор Ан 1000 метр ба 3000 метрт түрүүлж, 1500 метрт мөнгөн медаль хүртэв. Тухайн жилийн Дэлхийн цомын эхний шатны тэмцээнд тэр 1000 метрт түрүүлсэн нь иргэншлээ сольж, гэмтлээс эргэн ирсний дараах анхны ялалт нь байлаа. Дараа нь Нагоягийн Дэлхийн цомын ээлжит цувралаас 1000 метрт, залгуулаад Шанхайгаас 1500 метрт түрүү хүртжээ. Ингээд дараа жил нь Унгарын Дебреценд болсон 2013 оны дэлхийн аваргаас Ан хос мөнгөн медаль зүүсэн байна.
Сочийн олимпод тэр жинхэнэ чадлаа гайхуулав. Олимпийн 1000 метрийн уралдаанд түрүүлсэн нь Орос орны хувьд шорт-трекийн төрөлд олимпиос авсан анхны алт нь байлаа. Залгуулаад, Ан 500 метр, 1000 метрт түрүүлж, хоёр дахь эх орондоо бэлэг барив.
Виктор Аныг хүмүүс “даруухан”, “энгийн”, “ичингүй” гэж тодорхойлдог. Уралдааны замд түрэмгий, догшин, түгжирсэн олон машиныг сүлжин түрүүлж байгаа bike унасан залуу шиг байдгийг харсан хүмүүс дээрх тодорхойлолтод итгэхэд бэрх. Дрездений дэлхийн аваргаар аргаа барахдаа түүн рүү дунд хуруугаа гозойлгосон голланд эр Шипке Кнегт үүнийг сайн гэрчилнэ.

"Витя олимп, дэлхийн медальгүй, цол хэрэмгүй ердийн залуу шиг л аашилдаг. Тэр Өмнөд Солонгосын багтаа ч ийм даруухан байсан. Хүүхдүүдтэй үргэлж тоглоом шоглоом хийнэ. Бид хэдий ойр байдаггүй ч их сайн хүн шиг санагддаг” гэж Оросын эмэгтэйчүүдийн шорт-трекийн багийн лидер Татьяна Бородулина ярьжээ.
Үүнд гайхах зүйлгүй. Виктор Ан ихэмсэг биш, орос хэлийг шамдан сурсан, Оросын сүлд дууг маш мэдрэмжтэй дуулдаг. Новогорскийн баазын гуанзнаас өгсөн бүгдийг гололгүй иддэг. Лапша, борщ гэж ялгадаггүй. Багийнхан нь түүнийг нөхөрсгөөр монгол гэж хочилжээ. Солонгос дасгалжуулагч, туслахгүйгээр тэр нэлээд хугацааг өнгөрөөж байна. Түүний хувийн багт үргэлж инээмсэглэл тодруулж явдаг, На Ри гэх хөөрхөн охин бий. Азийн загварын сэтгүүлийн хавтаснаас “амилсан” мэт тэр хөөрхөн бүсгүй бол Аны гэргий нь.


Хувийн амьдрал:
Ан 2011 оноос Ю На Ри (1984 онд төрсөн) бүсгүйтэй уулзаж эхэлжээ. Тэр эмэгтэй 2013 онд Оросын иргэн болсон юм. Өмнө нь Ю На Ри тамирчнийг биширч, түүний фен клубийн гишүүн байжээ. Өмнөд Солонгосын сэтгүүлчид тэр эмэгтэйн үзэсгэлэн гоо, нүдэнд дулаахныг нь тэмдэглэж байна. Ю На Ригийн халамж түүнийг Орост бүрэн дасахад нь тусалсан гэж Ан ярьдаг. Тэд олимпийн дараа хуримлана хэмээн Викторын аав ам алджээ. Өдгөө 57 настай Ан Ги Вон олимп хүртэл хүүгийнхээ өмнөөс хэвлэлийнхэнтэй хэл амаа ололцож байв.
Ан Ги Вон хоёрдугаар сарын 6-нд "KBS" телевизид ярихдаа, хүүгийнхээ шинэ эх орон Орос түүнд дэмжлэг тусламж үзүүлсэнд нь талархсан байв. Орост очсоныг нь тайлбарлахдаа Ан Ги Вон “Орост миний хүүг дуртай ажлаа хийх бүх нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн. Ерөнхийлөгч Путин хүртэл түүнийг дэмжсэн заавар өгч байх жишээтэй. Битгий гэж хэн ч хориогүй, харин ч түүнийг тамирчин гэдэг жагсаалтаас хассан байсан” хэмээжээ.
Викторын аав Ю На Ри бүсгүйн талаар ам сайтай байдаг гэнэ. “На Ри тамирчин биш ээ. Хүү минь надтай танилцуулсан. 10 жилийн турш Ан Хён Сугийн фен клубийн гишүүн байсан, харин одоо эхнэр нь болох гэж байна. Оросын спортын удирдлагууд хүүг маань Орост ганцаардана гээд өөрсдөө түүнийг урьсан юм билээ” гэж аав нь ярьжээ. На Ри өдгөө Виктортой хамт ажиллаж, түүнд бүхий л талаар тусалдаг. Оросууд түүнд тусгай итгэмжлэх гардуулж, олимпийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаажээ.
Өмнөд Солонгосын иргэд Викторын талаар:
"БНСУ хэрэв түүнийг мартсан бол өөр газар хайх нь түүний зөв. Өөр юу хийх ёстой гэж?”
"Манайд хэрэггүй харин Орост хэрэгтэй болов. Үнэлжээ. Одоо Орост алт авчрах нь дамжиггүй. Түүнийг пааслагчид тохойгоо хазаад сууж байг”
"Иймэрхүү замаар дамжаагүй хэн нэгэн Ан Хен Суг муулах гээд үзээрэй! Нэн түрүүнд л манай спортын албан тушаалтнуудын хэрүүлийг муул. Тэднээс болоод л бид шилдэг тамирчнаа алдсан. Харин одоо түүнд амжилт хүсэцгээе, ямар ч гэсэн биеийн байцаалтаас үл хамаарах солонгос хүн!”.

Виктор Анын ярилцлагаас:
Өмнөд Солонгосоос илүү Орост байгаа нь миний хувьд хамаагүй дээр гэдгийг би хэлчихье. Энд би чөлөөтэй бэлтгэл хийж, спортоо анхаарах боломжоор хавьгүй илүү байгаа. Чөлөөт цагаараа Солонгост байсан шигээ л гадуур зугаалж, хаа нэг газраар шагайна. Намайг гудамжинд танихгүй учраас энэ талаараа их зүгээр.
Мэдээж одоо ихэнх цагаа Орост өнгөрөөж байна, одоо чинь би орос хүн шүү дээ.
Олимпод ялах зорилгоор ажиллах надад хэрэгтэй бүгдийг Орос надад өглөө. Өвдгөндөө гэмтэл авсны дараа би Солонгосын шигшээгийн стандартаас өөр нөхцлөөр бэлтгэл хийх шаардлага надад байсан юм.
Би биеэ барихыг хичээж, олон зүлийн талаар одоо чимээгүй байгаа. Солонгосын хэвлэлээр гарч буй материалуудыг уншдаг. Их ч зүйлийг бодож байгаа. Би ойлгож байна л даа. Солонгос олимпод тааруу амжилттай байна. Би өөрийн амжилтаараа дээр нь Оросын тугийн дор нүднийх нь хог болж байгаа л даа. Олимпийн дараа би сэтгэлээ уудална!
Орост Новогорскийн баазын өрөөнд танай орны төлөө зүтгэхээр шийдснээсээ хойш хоёр жил амьдарч байна. Хэнтэй нөхөрлөдөг вэ гэнэ үү? Шигшээгийн бүх залуустай. Надад их сайн ханддаг.
Миний тэшүүрт No pain, no gain: өвдөлтгүйгээр үр дүнгүй гэсэн үг сийлээстэй. Тэр бол миний уриа. Би чинь гэмтлээс болоод дөрвөн жилээ алдсан хүн. Одоо, өдөр бүр, цаг тутам өөрийгөө дийлж байх ёстой. Үнэнийг хэлэхэд, тэр үгийг би Солонгост телевизээр харсан юм. Миний сэтгэлийн утсыг хөндсөн дөө.
Оросын Тэшүүрийн холбоо, Шорт-трекийн холбоотой миний эцэг холбогдсон. Тэр нь түүний санаа байсан юм. Тэр үед би маш их догдолж, сэтгэл үймэрч байлаа. Өөөрийн мэдэхгүй газраа идээших үү? Үр дүн гаргаж чадах уу? Би очоод л бэлтгэлд гарсан. Тамирчид, холббоны ажилтнууд, эмч нар бүгд л тусалж байлаа.
Би өөрийн шийдвэртээ хэзээ ч харамсаагүй. Гэхдээ эхний саруудад их ганцаардаж байлаа. Дуртай багтаа амархан уусдаг хүн би л лав биш. Нээлттэй байх нь надад хүнд. Харин холбооны тусламж, дэмжлэг үүнийг туулах эрч өгсөн юм.
Солонгосчууд надад атаархаж байгаа! Тэд манай шигшээг хараад бид хичнээн хүнтэй, хэрхэн бидэнийг халамжилж буйг ажиглаж байгаа. Атаархалгүй ч яахав.
Орос хэлний мэдлэгээ сайжруулахын тулд надад эрмэлзэх шаардлага байгаа. Үүний зэрэгцээ, Оросын шорт трекийг урагшлуулан түүнийг Орост алдаршуулах үүрэг надад ноогдсон байгаа.
Би ахуйн төвшинд гайгүй ярьж чадна харин, ярилцлага өгөч байхад орчуулагч хэрэгтэй. Ер нь бол ярихаасаа илүү сайн ойлгодог.
Орос хэлэнд хамгийн хүнд нь дүрэм юм. Дээр нь дуудлага гэж нэг зүйл байна. Орост дуудлага олон янз байгаа нь ээдрээтэй. Манай солонгос хэлэнд “Р” байхгүй гэхлээр надад тийм үсэгтэй үгээр ярих нь маш хүнд байна.
Олимпийн дараа би ялимгүй амрана. Дараа нь сурлагадаа анхаарах болно. Надад их сургуулиа төгсөх хэрэгтэй байгаа. Бэлтгэлд хэзээ гарахаа мэдэхгүй байна. Пхенчханы 1918 оны олимпт оролцохыг хүснэ. Бүх зайд гүйхгүй биз. Тэр үед би хөгшин болсон байна (инээв). Буухианд бэлтгэж магадгүй юм.
Ямар медаль нь танд үнэтэй вэ? Буухианых. Би энэ төрөлд ихээхэн анхаарч бэлтгэсэн. Тэр чинь тэмцээнийг цэглэдэг. Мөн тэнд манай бүх баг уралдаж байна. Бид хамтдаа тэмцэж байж ялсан. Энэ уралдаанд хурд чухал биш гол нь багийн сэтгэл урам. Тэр нь бидэнд байлаа…

Би Оросын сүлд дууны үгийг мэднэ. Ялалт байгуулаад шагналын тавцнаа зогсоод Оросын сүлд дууг эгшиглэхэд би заавал дуулна! Амлая.

Солонгосууд хэрхэн хүлээн авав?
Виктор Анын ялалт ба Өмнөд Солонгосын шорт-трекийн шигшээгийн тааруу амжилт зэрэг нь Өмнөд Солонгост нэлээд том шуугиан дэгдээсэн гэж болно. Солонгосын хөгжөөн дэмжигчид Оросын иргэн болсныг нь үл анзааран Аныг дэмжиж, өөрсдийн спортын зүтгэлтнүүдийг муулан Өмнөд Солонгосын Тэшүүрийн холбоонд бүрэн хэмжээний өөрчлөлт хийхийг шаардлаа.


“Мөс мөрдөн байцаалтад”
Өмнөд Солонгосын Аудит, шалгалтын улсын комисс нутгийнхаа Тэшүүрийн холбоонд урьдчилсан шалтгалт хийж эхэлжээ. Тус улсын ерөнхийлөгч Пак Кын Хегийн өгсөн “гарамгай тамирчин Ан Хён Су яагаад улс орноо орхих болсон, яагаад Оросын төлөө болсонтой холбоо бүхий бүгдийг нэгт нэггүй судал” гэсэн үүрэг нь шалгалтын шалтгаан болов. Энэ тухай өмнөдийн хэвлэл мэдээлэл мэдээлсэн байна. Гэтэл Тэшүүрийн холбоо нь үүнийг үгүйсгээд, гэхдээ санхүүгийн урсгал болон удирдлагатай холбоотой материал ирүүлэхийг шаардсан гэжээ. Холбооны албан ёсны сайт нь Ан 1500 метрт түрүүлсний дараа таг болсон байв.
Тэмдэглэхэд, өндөр тушаалтнууд шалгалт хийх боломжийн талаар ярьж байсан юм. Тухайлбал, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгдэхдээ, “гарамгай тамирчин” Виктор Антай учирсан тохиолдол нь “спортын хүрээн дэх авлига, фракционализм, фаворитизмыг” харуулсан “бүтцийн учир утгагүйг” гэрчилж байна гэсэн байв. Тамирчин аргагүйн эрхэнд явж, өөр оронд олимпийн медаль авчирч байхад Өмнөд Солонгосын шигшээ “медалийн төлөвлөгөөгөө” унаж байна гээд спортын албан тушаалтнуудыг ерөнхийлөгч “загнав”.
Үүний зэрэгцээ Соёл, спорт, жуулчлалын яамны хоёрдугаар орлогч сайд Ким Чон "Сочийн олимпийн дараа бид Тэшүүрийн холбооны бүх асуудлыг нэгт нэггүй шалгана” гэж хэлсэн байв.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч “гарамгай тамирчин” гэж Виктор Аныг нэрлэв.
Энэ бүгдийн дараа Тэшүүрийн холбоонд сэтгүүлчид ба шинжээчид итгэлээ алдаад байна. Өмнөд Солонгосын Аудит, шалгалтын улсын комиссийн тушаалтнууд ирээдүг том шалгалтынхаа материалыг цуглуулж эхэллээ гэж тэд үзжээ.

Сануулахад, 1500 метрийн гүйлтэд оролцох Солонгосын цорын ганц төлөөлөгч нь гарааны алдааны улмаас хасагдсан юм. Энэ зайн гүйлт Солонгост асар их дуулиан босгов. Алт, мөнгө авсан оросуудын дараа тэнд Тэшүүрийн холбооны эсрэг шүүмжлэл газар авсан байлаа.
Фото из instagram:
“Викторт. Оросын тэшүүрийн спортын шигшээ багаас”
Ан Инсбургийн олимпийн тэшүүрийн дөрвөн удаагийн аварга Скоблевагийн хамт