Өөр өнцгөөс тольдсон Орхон аймаг

Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Өөр өнцгөөс тольдсон Орхон аймаг

Түм бужигнасан нийслэлийг бодвол харьцангуй цөөн хүн амтай  ч Монгол Улсыг дэлхийд таниулах “Эрдэнэт” үйлдвэртэй Орхон аймаг. 30 гаруй жилийн түүхтэй ч Монгол Улсын эдийн засагт хамгийн том үүрэг гүйцэтгэгч энэ аймаг нь 100 орчим мянган хүн амтай.  Сүүлийн жилүүдэд хүн амын тоо нэмэгдэж, орон нутгаас шилжин ирэгдсийн тоо ч нэмэгдэж буй. Хүн амын олонхи нь “Эрдэнэт” үйлдвэрт харьяалагдана. Харин нөгөө хэсэг нь бусад гэсэн ангилалд багтана. Байгуулагдсан цагаас эхлэн цэвэр, цэмцгэр гудамжнаас эхлээд нийслэлтэй харьцуулах юм биш. Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй бидний баг энэ сарын 26-ны өдөр Орхон аймагт ажиллаж, үйлдвэр, бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзаж, санал солилцлоо.

“Саалийн үнээ”-ний хэмнэлт

Монголчуудын нэрлэж заншсан саалийн үнээ буюу “Эрдэнэт” үйлдвэрийг мэдэхгүй хүн үгүй. Энэ л үйлдвэр бидний олон жилийн турш тэжээж, “аварч” ирсэн. Тус үйлдвэрийн олсон орлого, зарлагаас хамаарч Монгол Улсын эдийн засаг дэнчигнэдэг гэхэд хилсдэхгүй. Учир нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын дангаараа тэжээж ирсэн, Оюутолгойгоос өмнө. Шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газар гарч ирсний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн даргад санаархагч олон байсан. Гэвч олон жил инженер хийсэн, дадлага туршлагатай хүнийг тус үйлдвэрийг даргаар томилсон нь том амжилт гэдгийг Ерөнхий сайд энэ удаад Орхон аймагт ажиллахдаа онцолсон. Учир нь үйлдвэрийн удирдлагыг шинэчилснээр энэ жил анх удаа “шахааны бизнес” буюу үр ашиггүй зардлыг хэмнэж чадсан байна. Зөвхөн “шахааны бизнес”-ийг бууруулснаар нийт зарлагынхаа 2-3 сая ам.долларыг хэмнэж чадсан амжилттай 2013 оны үджээ. Өөрөөр хэлбэл, импортоор өндөр үнээр авдаг байсан бүтээгдэхүүнийг үнийг бууруулах, үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авснаас гадагшаа урсах валютын урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулах  зэрэг үр ашигтай зарцуулалтыг хийжээ. Тухайлбал, Белаз машины нэг ширхэг дугуйг 50 мянган ам.доллараар амвдаг байсныг 22 мянган ам.доллараар авдаг болсон нь том хэмнэлт болж чаджээ.  Мөн 2013 онд валютын  гадагш урсах урсгалыг бууруулж импортыг орлох бүтээгдэхүүнд 27,6 тэрбум төгрөг зарцуулсан. Харин энэ онд 40,3 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн авахаар төлөвлөөд байгаа аж. Энэ мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн зөв бодлого болжээ. Түүнчлэн хэрэглэхгүй агуулахад хадгалдаг байсан бүтээгдэхүүнийг багасгаснаар 30 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна. 


Үйлдвэрээс “ургах” үйлдвэрүүд

Засгийн газраас энэ жил үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, импортыг орлох бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрийн эрэлд гараад буй. Үүний хүрээнд ч олон төсөл ирж, шалгаруулалтын явц үргэлжилж байгаа. Тэгвэл энэ жил Орхон аймагт нэг үйлдвэр шинээр байгуулагдаж, орон нутаг ажлын байр бий болгох, “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээт бүтээгдэхүүнээр хангаж эхэлсэн байна.   Тус үйлдвэрийн ажилчдын хамгийн их хэрэглэдэг зүйл бол амны хаалт буюу маск. нээгээд буй “Мөнхий цагаан жим” амны хаалт буюу маскны үйлдэр өдөрт 3-4 мянган ширхэг маск үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангаж ажиллаж байгаа гэнэ. Тэгэхээр урд хөршөөс авдаг байсан амны хаалт буюу маскыг үндэсний үйлдвэрлэгчээс авдаг болсон нь энэ жилийн хэмнэлт буюу валютын урсгалыг гадагш чиглэхийг бууруулсан том үзүүлэлтийн нэг юм байна. Үйлдвэр ашиглалтад орж эхэлснээс хойш “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээт маскыг хангаж ажилладаг. Тус үйлдвэрийн дарга Д.Хаш-Эрдэнэ “Бид өдөрт найман цаг 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 3-4 мянган ширхэг амны хаалт бэлэн болгодог. Бэлэн болсны бүтээгдэхүүний шууд “Эрэдэнт” үйлдвэртээ нийлүүлдэг болохоор зах зээл нь бэлэн байж байдаг. Цаашид бид үйлдвэрээ 100 хувь ажиллуулж чадвал ажлын байраа нэмэгдүүлснээр дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Бүх уурхай, үйлдвэрүүдийг амны хаалтаар хангах бүрэн боломж бий. Бид одоо үйлдвэрийнхээ 40 хувийг л ажиллуулж, ашиглаж байгаа” гэсэн юм.
Дараагийн нэг үйлдвэр нь “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулж, зэс утас буюу кабелийн утас хийдэг “Эрдмин” үйлдвэр. Энэхүү үйлдвэр 2008 онд ашиглалтад орж, жилд 2000 мянган тонн зэсээр төрөл бүрийн кабел болон бусад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. “Эрдмин” үйлдвэрийн бүтээгдэхүүн болох уртасгагч залгуур, барилгын цахилгааны кабелийн утас гээд олон бүтээгдэхүүн Орхон аймгийн хэрэглэгчид төдийгүй нийслэлийн иргэдийн ч хэрэгцээ болжээ.

300 айлын орон сууц ирэх намар ашиглалтад орно

Орхон аймаг “орос ах нар” болон илгээлтийн эздийн барьж өгсөн орон сууцнуудынхаа тоог нэмсэн тохиолдол тун цөөхөн гэнэ. Орон сууцны хорооллынхоо тоог нэмэхээр долдугаар хорооллыг БНХАУ-ын хоёр компани барихаар гэрээ байгуулсан ч амжилт олоогүй гэнэ. Тэгвэл энэ жил Засгийн газраас 1000 айлын орон сууцыг аймагт бүрт барихаар болсонтой холбогдуулан ТОСК-иар дамжуулан Орхон аймагт эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд 300 айлын орон сууцны барилгыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар болжээ. 300 айлын орон сууцны барилгыг барилгын болон барилгын материал нийлүүлдэг 14 аж ахуй нэгж Үндэсний консирциум байгуулан хийж гүйцэтгэхээр болсон бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс барилгын ажлаа эхлүүлэхээр болжээ. Аймаг бүрийн орон сууцжуулах ажлын эхлэлийг тавьсан бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид нэгдэж, бүтээн байгуулалт хийж чаддаг гэдгийг хямд өртөг бүхий “Буянт-Ухаа 1” хороолол харуулж чадсан. Орхон аймагт баригдаж буй 300 айлын орон сууцны үнэ мөн хямд байх бөгөөд орон сууц баригдаж дууссаны дараа үнийг тогтоох юм байна.


Ерөнхий сайдад хаягласан үг

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, аймгийн Засаг дарга Г.Зориг нарын удирдлагууд Орхон аймгийн иргэдтэй теле хурал хийсэн юм. Энэ үеэр Орхон аймгийн иргэд Ерөнхий сайд болон холбогдох албаныхантай шууд утсаар холбогдож, асуултдаа хариулт авсан юм. Энэ үеэр иргэд гэр хорооллыг багасгах, дэд цахилгаан станцууд барих, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, орон нутгийн нэгдсэн автовокзал барих, утааг бууруулах зэрэг олон ажлыг эхлүүлэх боломж, хөрөнгө байгаа эсэхийг Засгийн газрын тэргүүн төдийгүй, аймгийн удирдлагуудад “захисан”. Харин долларын ханш тэнгэрт хадаж байгаад арга хэмжээ авах цаг болсныг Засгийн газарт сануулах хүн олон байсан юм.

Ш.ЧИМЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж