
Ийнхүү Металлургийн цогцолбор байгуулах тодорхой шийдлийг салбарын бодлого тодорхойлогчид дор бүрнээ тунгаан байгаа биз. Нутаг оронд нь үйлдвэрлэл, бүтээн байгуулалт өрнөнө гэхээр оршин суугчид таатай хүлээн авдаг. Тэгвэл Металлургийн цогцолбор барих бүс нутгийнх нь удирдлагаас энэ талаар тодрууллаа.
Сэлэнгэ аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүү:
-Сэлэнгэ аймагт том бүтээн байгуулалт өрнөх тул аймгийн удирдлагын хувьд цогцолборыг байгуулахад юуг анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа вэ?
-Газар нутгийн байршлыг бодож үзвэл, том үйлдвэрүүдийг салхин доор байгуулбал дээр байх. Одоо Металлургийн цогцолбор байгуулах газар авчихсан, бүтээн байгуулалт эхлээгүй , хэлэлцээний шатанд байна. Цогцолбор байгуулаад эхлэхээр дагуул хэдэн үйлдвэр барих юм гэдэг нь нарийн болоод ирэх байх.
-Аймгийн хүн ам одоогоор хэд байна вэ. Шилжилт хөдөлгөөний байдал хэр байна?
-Сэлэнгэ аймагт одоогоор 100 орчим мянган хүн амьдарч байна. Хүн амын тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа. Ялангуяа Сэлэнгэ, Дарханд том үйлдвэрийн парк байгуулагдахаар ажлын байр бий болж, үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжинө гэдгээрээ хүмүүсийн оршин суух сонирхлыг нэмэгдүүлэх юм.
-Сэлэнгийн амьдрал хэр байна. Ямар асуудал тулгардаг вэ?
-Манай Сэлэнгэ аймагт тариа тарьдаггүй сум гэж байдаггүй. Манайх жил бүр нийт ургацын улаанбуудайн 50 гарам хувийг, хүнсний ногооны 28 орчим хувь, төмсний 30-аад хувийг дангаараа бүрдүүлдэг. Цаашдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр 1.5 сая малаас авдаг ашиг шимийг 700 мянган малаас авдаг болох юм.Энэ нь малын үр ашгийг дээшлүүлж байгаа гэсэн үг. Ингээд эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлага яахын аргагүй тулгарсан. Учир нь мал хэтэрхий олонтой бол тариалангийн хэсэгт дайрч орчих гээд байдаг талтай. Тиймээс мал аж ахуй, газар тариалангийн эзлэх талбайг эрх зүйн орчноор шийдвэрлэх хэрэгтэй. Мөн өөр нэг асуудал бол хөрсний бохирдол ихэсч байна. Газар тариалангийн ажил эрчимтэй байснаар хөрсний үржил шим энэ хэрээр алдагдаж байгаа юм. Тиймээс бордооны асуудлыг төрөөс анхаарах хэрэгтэй. Хөрсний үржил шимийг сэргээхийн тулд бордоогоор хангах, дэмжлэг үзүүлэхгүй бол тариаланчдын хувийн хөрөнгөөр үүнийг хийж чадахгүй шүү дээ. Тариаланчид өнөөдөр үр базаах, техник хэрэгслийн шинэчлэлийг өөрсдөөсөө аргалж байна. Харин хөрсний бохирдолтой тэмцэх тал дээр хүчрэхгүй л дээ. Ер нь Сэлэнгэд бусад аймагтай харьцуулахад амьдрал боломжийн гэж боддог доо. Цаашдаа том цогцолбор байгуулвал ганц Дархан, Сэлэнгээ тэтгээд зогсохгүй, улсын хөгжилд гол хувь нэмэр оруулах юм.