Хуучирсан мэдээ: 2014.02.28-нд нийтлэгдсэн

Би явмааргүй байна

Би явмааргүй байна… Эх орондоо элэг бүтэн, энэлэн шаналах зүйлгүй, эрх чөлөөтэй, энх тунх амьдармаар байна… Өглөө гэрээс гараад явахдаа утаа униар болсон гудамжаар дээрээс төмөр унаад ирэх вий гэх айдасгүйгээр алхаж, зам хөндлөн гарахдаа ногоон гэрэл, цагаан шугамаар алхаж яваа ч согтуу, хэнэггүй, дээр нь замын түгжрэлд хамаг нервээ барсан жолооч ирээд мөргөчих вий гэж санаа зоволгүйгээр ажилдаа оччихдог болмоор байна. Зээлээр авсан машинаа гэрийнхээ гадаа хонуулахдаа толио, дугуйгаа хулгайд алдчих вий гэж санаа зовохгүй сэтгэл амар унтаж, замын голд түгжрээд зогсч байхдаа байсгээд л үнэ нь нэмэгдчихдэг шатахуундаа эмзэглэхгүй баймаар байна. Монгол хүн байна даа, хааяа нэг тогоо дүүрэн мах чанаад гэрийнхэнтэйгээ ширээ тойрч суугаад хоолломоор байна. Гэтэл зүүн аймгуудад шүлхий гарч, хөл хорио тогтоосон сургаар өнөөх махны ченжүүд нь баруун зүгийн мал, махыг нь хав дарчихаад инээд нь хүрч суугаа болохоор махны үнэ дээшилсээр. Түрийвчнийхээ нимгэн зузаанд тааруулж, хоол хүнсэндээ хүртэл хямгач загнаж байгаа манайх шиг айл өнөөгийн нийгмийн гол дүр. Уг нь би ажилтай, орлоготой хүн. Орлогоо гэхдээ хэд дахин copy-дож байж арай гэж зардлаа нөхөх хэмжээнд хүрдэг болохоор ажил амьдралын минь баталгаа болж хараахан чадахгүй. Залхуудаа биш, заяагүйдээ ингэж амьдарч байна уу гэвэл үгүй. Асар уудам газар нутаг, тэр их байгалийн баялаг, нөөц, дээр нь дэлхийд үнэлэгддэг монгол ухааныг зөв газарт, зөв цагт нь зөвөөр ашиглаад явчих тийм л механизм Монголын төрд үгүйлэгдэж байна.

Ерөөсөө энэ нийгэм ийм л болчихоод байна. Дандаа болохгүй, бүтэхгүйг ярьж, зөвхөн бараан талыг нь олж харахгүйг хичээх ч гараад гурав алхахад тулгарах бэрхшээл, нийгмийн бухимдал, үнийн өсөлтийн дарамтаас зугтмаар байна. Хаа нэгтээ аятайхан газар очиж суурьшаад, “гар хөдөлбөл ам тосдоно” гэгчийн үлгэрээр амьдарна гэвэл болохгүй гэх газаргүй. Тийм сонголт хийсэн монголчууд ч цөөнгүй. Гэхдээ л би явмааргүй байна, Монголоос…

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж