Хүүхэд хамгааллын асуудлаар хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Хүүхэд хамгааллын асуудлаар хуралдлаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэг нь хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг ТББ-уудад энэхүү хуулийн төслийг танилцуулан тэдний дуу хоолойг сонсох, саналыг хуулийн төсөлд тусгах зорилготой аж.

Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэл”-д хүүхэдтэй холбоотой олон асуудлыг цэгцлэх Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинээр боловсруулан батлахаар заасан ба 2005, 2010 онуудад НҮБ-ийн хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсыг хүүхдийн эрхийн талаарх цогц хууль боловсруулан батлуулахыг үүрэг болгон өгч байжээ. Мөн 1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуульд 2003 онд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч хүүхдийн эрх ашигт тулгамдаж байгаа асуудлыг оновчтой шийдвэрлэж чадахгүй байгаа, боловсролын орчноос бусад орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиар хориглоогүй зэрэг олон шалтгаанаас үүдэн хүүхдийн эрхийн хуулийг шинэчлэн, хүүхэд хамгааллын тухай хуулийг шинээр боловсруулсан байна.

Энэхүү хуулиудын үзэл баримтлал, төслийн танилцуулгыг ХАХНХЯ-ны зөвлөх Д.Дүгэржав танилцуулсан ба боловсрол, эрүүл мэнд, сэтгүүл зүйн салбарыхны дунд тус хэлэлцүүлгийг дахин өрнүүлж илүү боловсронгүй болгохоор чармайх болно гэдгээ ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал онцолж байв.

Хүүхэдтэй холбоотой асуудал гарахад хаана хандахаа мэдэхгүй, эрх зүйн орчин муу байдаг байсан бол энэхүү хуулийн төсөл олон асуудлыг цэгцэлж байгаад баяртай байгаагаа хүрэлцэн ирсэн ТББ-уудын төлөөллүүд илэрхийлж байсан юм. Мөн хуулийн төслийн зарим зүйл заалт нь тодорхой бус маш ерөнхий байгааг нь шүүмжлэн өөрсдийн саналуудаа хэлж байв. Тус хэлэлцүүлгийн үеэр боловсролын байгууллагад 40 жил бага ангийн багшилсан нэгэн буурай сайн дураараа хүрэлцэн ирж хүүхдийн хүчирхийллийн талаар өөрийн саналыг хэлсэн юм. Тэрээр “Багш нар хүүхдэд гар хүрэх нь багассан ч сэтгэл зүйн дарамт үзүүлэх явдал ихсэж байна” хэмээсэн юм.

Б.ӨЛЗИЙБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж