“Эрдэнэт” шахааны бизнесээс ангижирсан гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” шахааны бизнесээс ангижирсан гэв

Долоо хоног бүрийн пүрэв гаригт зарлагддаг Ерөнхий сайдын 30 минут уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийнхээ эхэнд Засгийн газрын сайдууд орон нутагт ажиллаж байгааг дуулгаад өчигдөр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажил байдалтай танилцсанаа дуулгалаа.

Орос, Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт” үйлдвэр нь өнгөрсөн онд “шахааны бизнес”-тэй тэмцсэнээр зарлагыг 2-3 сая ам.доллараар бууруулж чаджээ. Тухайлбал, Белаз машины дугуйг 50 мянган ам.доллараар авдаг байсныг 22 мянган ам.доллараар авдаг болсон нь хэмнэлт авчирсан байна. Мөн валютын гадагшлах урсгалыг багасгаж, 2013 онд импортыг орлох бүтээгдэхүүнийг буюу үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжсэнээр 27.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчдээс авдаг бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж, долларын гадагшлах урсгалыг бууруулсан байна. Түүнчлэн хэрэглэгдэхээсээ илүүтэй хэрэглэгдэхгүй бараа материал агуулахад нь шахдагыг зогсоож чадсанаар 130 тэрбумын үлэгдлээ мөн бууруулжээ.

Харин энэ онд 13 нэр төрлийн 40.3 тэрбум орчим төгрөгийн худалдан авалт хийхээр төлөвлөөд байгаа аж.

Ерөнхий сайдын эзгүйд ам.долларын ханшийн өсөлт хяналтаас гарсан тухай мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр хийсэн. Энэ асуудалд Ерөнхий сайд ажил хариуцсан газар нь тайлбар хийх нь зөв хэмээн үзсэн бололтой, дээрх уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал оролцож, зарим тайлбар өгсөн юм.

Төв банкны ерөнхийлөгчийн хэлснээр валютын ханш өссөн нь хэд, хэдэн шалтгаантай гэлээ. Тухайлбал, сүүлийн таван жил дараалан гадаад худалдааны алдагдал ихтэй явж ирсэн төдийгүй экспортоо дэмжиж байгаагүй. Зөвхөн алт тушаалт гэхэд л жилдээ 3 тонноор буурсан байсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 оны сүүл үеэс буурсан зэрэг нь ийнхүү эдийн засагт ачаалал өгсөн гэж тодорхойллоо. Гэхдээ 2014 оны эхний хоёр сарын эдийн засгийн үзүүлэлтийг авч үзвэл нааштай мэдээллүүд харагдах болсон. Жишээ нь, 2013 оны эхний хоёр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 214 сая ам.доллар байсан бол 2014 оны хоёр сарын байдлаар 280 сая ам.доллар болж өмнөх жилийнхээс өссөн дүн гарч байгаа аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэх болно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж