
Харин нөгөө учраа болох “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” болон “Дорнод Танан Гарьд” багуудын тоглолт цувралын тав дахь тоглолт өчигдөр Спортын төв ордонд 19:00 цагаас эхэлсэн. Эдгээр багуудын цувралын харьцаа 2:2-ийн харьцаатай болж, тэнцээд байсан. Тиймээс энэ тоглолтонд хожсон баг нь сэтгэл зүйн хувьд том давуу талыг авах боломжтой байлаа.
Эдгээр багуудын хоорондын тоглолт оноо авалт тун багатай болдог нь улиралд таарсан гурван тоглолт болон плэй-оффын шатны тоглолтуудад аль ч баг нь 90-ээс дээш оноо аваагүйгээс харагдаж байсан. Өчигдөр ч мөн энэхүү нягт хамгаалалттай цуврал үргэлжилсэн.
Гэсэн ч тоглолтын эхнээс “Дорнод Танан Гарьд” багийнхан оноогоор бага зэрэг давамгайлж байлаа. Гарьдуудаас энэ тоглолтод Dane Rawlins сайн тоглолтоо үргэлжлүүлж, 20 оноо, 14 самбар, Ц.Азбаяр 14 оноо, 5 самбар, 7 оновчтой дамжуулалт, О.Ууганбаяр 13 оноо, Freddie Woods 9 оноо, 17 самбар, 5 блок, Б.Мөнхболд 7 оноо, С.Батбямба 4 оноо авчээ. Улмаар Гарьдууд тоглолтын гуравдугаар үе өндөрлөхөд 65:61-ийн харьцаатай тэргүүлж байсан.
Харин Харцагуудаас энэ тоглолтод Marcus Hammonds багаа тэргүүлж 21 оноо, 8 самбар, Б.Одбаяр 13 оноо, 15 самбар, Г.Баттөр 12 оноо, 3 самбар, О.Золзаяа 10 оноо, 4 самбар, П.Болортулга 9 оноо, 8 самбар, Б.Дорждамба 6 оноо, 6 самбар авчээ.
Гэсэн ч тоглолтын дөрөвдүгээр үе плэй-офф өрнөж байгааг баталсан онцгой хамгаалалттай өрнөсөн. Ялангуяа Харцагуудын хамгаалалт тун онцгой сайн байж, 4-р үеийн турш эсрэг багтаа ердөө дөрвөн оноо алдсан. Мөн тоглолт дуусахад 1 минут үлдээд байхад Mаркус Хаммондс довтолгоо амжилттай болж, онооны харьцааг 69:69-ийн харьцаатай болгон тэнцүүлсэн. Улмаар Харцагуудын хамгаалалт амжилттай болж, довтолгоо хийх боломж гарсан. Цувралын дөрөв дэх тоглолтонд мөн л ийм байдал үүсч, Hammonds хожлын оноог авч байсан. Энэ удаа ч мөн хамгийн чухал довтолгоог, Marcus Hammonds гүйцэтгэж, амжилттай болгосноор, Спортын төв ордонд цугласан хөгжөөн дэмжигчидийн сэтгэл хөөрлийг дээд цэгт нь хүргэсэн. Улмаар Харцагуудын хамгаалалт, самбараас бөмбөг авалт сайн байснаар, энэ тоглолтод 71:69 оноогоорхожиж, цувралыг 3:2-ийн харьцаатай илүүрхэж эхэллээ.
Цувралын зургаа дахь тоглолт маргааш буюу баасан гарагт 19:00 цагаас Спортын төв ордонд болно.

