
Одоогоос 19 жилийн өмнө буюу 1995 оны намар хосууд анх танилцжээ. Дөнгөж 15 настай бяцхан хүү, охин хоёр тэр цагаас хойш хөтлөлцөн амьдралыг, зовлон жаргалыг хамтдаа туулахдаа хэн хэндээ халуун хайраа зориулж яваа нь орчин цагт бол ховордсон үзэгдэл гэхэд хилсдэхгүй. Санал асуулгаар Монголын хамгийн царайлаг эрэгтэй дуучнаар тодорсон дуучин эр хаа очиж охид, хүүхнүүдтэй нэр холбогдож, сенсааци дэгдээгээд байдаггүй.
Тэд танилцаад 5 жилийн дараа анхны охиноо өлгийдөж авсан байдаг. Тэдний ууган охин Танхилуун нь “Хобби” дунд сургуулийн сурагч. Аав шигээ нүд, хөмсөг болсон хөөрхөн охин аавдаа тун ч амь нэгтэй юм билээ. Харин отгон хүү Эрхэтгүн хэмээх өвөрмөц нэртэй.. Хааяа нэг албан ёсны арга хэмжээн дээр хөтлөлцсөөр ирдэг хосууд амралтын өдрөөрөө гэр бүлээрээ хоолонд орж, цанын бааз явж гулгах дуртай. Тэр үедээ бидний дуранд өртсөн юм.
Хаянаа Монголын boyband хамтлагууд дундаа хамгийн өндөр боловсролтойд тооцогддог. СУИС, СЭЗДС-ийг дүүргэж өдгөө Удирдлагын академийн магистрантурт суралцаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд улс төрд илүүтэй хүч тавих болсон тэрээр стиль имижээ хүртэл сонгодогжуулж, гольфийн спортод шимтэх болсон нь ирээдүйн улс төрчийн дүрийг бүтээж байгаа гэлтэй. Харин гэргий нь бизнес менежментийн бакалавар, МУИС-ийн Олон улсын харилцааны магистр, Италийн Миланд мастер хамгаалсан жинхэнэ өндөр боловсролтой бүсгүй. Нууцлаг, эрхэмсэг байх дуртай тэрээр уул уурхай чиглэлээр бизнес эрхэлдэг бол нөхөр нь газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлдэг байна. Хүний амьдралын 19 жил гэдэг бага биш хугацаа. Энэ бүхэнд шалгагдаж, он цагийг өөрсдийнхөөрөө туулж яваа энэ гэр бүлд уншигчдынхаа зүгээс, фенүүдийнх нь өмнөөс аз жаргал хүсье.