Төрийн албан хаагчид ХОМ-ээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид ХОМ-ээ өгчээ

Сүхбаатар аймгийн BBS TV-ийн мэдээллийг хүргэж байна. 2014.02.27

– Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хотын А зэрэглэл буюу төвийн бүсийн айл өрх албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн шугамд холбох талаар судлах ажлын хэсгийг Аймгийн засаг даргын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг төлөвлөлт, эдийн засгийн тооцоолол, дүгнэлтээ ирэх 4-р сарын нэгний дотор Аймгийн засаг даргын зөвлөлд танилцуулахыг үүрэг болгожээ.

– Баруун-Урт сумын гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг боловсруулах ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Уг ажлын хэсэг өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Ажлын хэсгийн боловсруулсан журмын дагуу Баруун-Урт сумын гудамж талбайг цэгцлэх ажилд орно.

– Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр түүнтэй адилтгах албан тушаал хашиж байгаа төрийн албан хаагчдаас жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авдаг. Сүхбаатар аймгийн хэмжээнд 298 төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ.

– Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Баруун-Урт
сумын иргэд хүнс, түлээ нүүрсний хомсдолд орж гэнээ гэсэн мессеж олон
нийтийн дунд байна. Онцгой нөхцөл байдалд зам тээврийн хөдөлгөөнийг
хязгаарлаж байгаа болохоос биш иргэдийн өдөр тутмын амьдралд хүндэрсэн
ноцтой зүйл байхгүй гэдгийг Баруун-Урт сумын захирагч хэлж байна.


Баруун-Урт суманд архидалт, архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг өнгөрсөн оны
мөн үед 6 байсан бол энэ оны байдлаар 27 болтлоо өсчихөөд
байна. Иймээс Баруун-Урт сумын Засаг даргын 2014 оны 2-р сарын 21
өдрийн 30 тоот захирамж гарч Баруун-Урт сумын хэмжээнд үйл ажиллагаа
явуулж байгаа тусгай зөвшөөрөлтөй үйлчилгээний газруудын цагийн хуваарьт
өөрчлөлт орууллаа. Дэлгүүрүүд 20.00 цагаас хойш архи согтууруулах
ундааг худалдан борлуулахыг хориглосон бол баар, зоогийн газар зэрэг
үйлчилгээний газрууд 22.00 цагаас хойш ажиллахгүй.

– Шүлхий өвчний
голомтод өнөөдөр 871 хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн хувьд шүлхий
өвчин анх гарсан өдрөөс буюу 1-р сарын 27-ноос хойш өнөөдрийг хүртэл
амралтгүйгээр ажиллаж байна. Өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын
ээлжит хуралдаанаар шийдвэр гаргаж ХААИС-ийн 5-р курсын оюутнуудаас хүч
дайчлахаар боллоо.

– Баруун-Урт сумаас гаргасан шийдвэрийн дагуу
иргэдийг гал алдуулахгүй тулд Талын гал, Нутгийн гал гэсэн 2 уурхайтай
гэрээ хийж нүүрсээ Хөдөө аж ахуйн биржид худалдан борлуулахаар болсон.
Гэтэл Нутгийн гал уурхайд нүүрс борлуулах зөвшөөрөл өгсөн хэрнээ Талын
гал компанид зөвшөөрөл олгоогүй мэтээр олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр ярьж байгаа нь үнэнээс хол зөрүүтэй мэдээлэл юм.


Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Сүхбаатар аймагт шүлхий
өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотоос цагдаагийн 20 албан
хаагчийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж эхэллээ. Эдгээр албан хаагчид шүлхий
өвчний голомт бүхий сумдад хуваарилагдан ажиллаж байна.

Эх сурвалж: BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж