Венесуэлд бослого, үймээнээр 50 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Венесуэлд бослого, үймээнээр 50 хүн амь үрэгджээ

Венесуэлд сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Засгийн газрын эсрэг бослого, үймээн үргэлжилж байна. Энэ үймээн, бослогын улмаас амь үрэгдэгсдийн тоо 50-д хүрснийг Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Венесуэлийн эрх баригчдын зүгээс хохирогчдын үхэлд фашист бүлэглэлүүдийг буруутгаж байгаа аж. Венесуэлд өнгөрсөн даваа гарагийн /II.24/ байдлаар хохирогчдын тоо 15-аар тоологдож байсан бол өдгөө 50-д хүрсэнээс харвал зөрчил, мөргөлдөөн улам ширүүссээр байна. Засгийн газрын эсрэг бослого, үймээн сөрөг хүчний тэргүүн Леопольдо Лопезийг баривчилсний дараагаас улам газар авч, Венесуэлийн баруун хэсгийн мужуудад тархжээ. Ерөнхийлөгч Николас Мадурогийн зүгээс зөрчлийг шийдвэрлэж, бослогыг намжаах зорилгоор сөрөг хүчнийхэнтэй яриа, хэлцэл хийх санал тавьсан боловч үр дүнд хүрээгүй аж. Венесуэлийн сөрөг хүчнийхний зүгээс тус улсад гэмт хэрэг, инфляци, хүнсний хомсдол нэмэгдсэнд эрх баригчдийг буруутган, огцруулахаар жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн юм.

Үүний зэрэгцээ Венесуэлийн эрх баригчид бослого үймээнийг өдөөж, турхирсан хэргээр АНУ-ын дипломатууд, “CNN”, “NTN24” телевизүүдийг улсаасаа хөөн гаргаад байгаа билээ.

Николас Мадуро нь 2013 оны дөрөвдүгээр сард Уго Чавесийг нас барсны дараа Венесуэлийн ерөнхийлөгч болсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж