Боксчид дасгалжуулагчгүй гурван сар боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Боксчид дасгалжуулагчгүй гурван сар боллоо

Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Э.Сайнбилэг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч одоог хүртэл тэдний оронд боксын шигшээг дасгалжуулах, баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг хангах орны хүн нь томилогдоогүй хэвээр байсаар.

Дээрх дасгалжуулагчдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард чөлөөлсөн гэхээр бараг гурван сарын хугацаанд боксын тамирчид бараг эзэнгүй шахам явлаа. Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан, энэ талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ?

Яагаад одоог болтол шинэ дасгалжуулагчдыг томилж, ажилд нь оруулахгүй байгаа талаар албаны хүмүүсээс тодруулахад, “Шигшээ багийн дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журмыг шинэчилж байгаа. Боксын шигшээ багийн дасгалжуулагчдын шалгаруулалтыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулж байгаа шинэ журмаар явуулна. Гэхдээ шинэ журам хараахан батлагдаж гараагүй байгаа” гэсэн хариулт өглөө.

Монголын боксын холбоо гурван сарын хугацаанд ахлах болон туслах дасгалжуулагчгүй өнжлөө шүү, спортын удирдлагууд аа. Тамирчдын амжилтад энэ байдал нөлөөлбөл хариуцлагыг хэн хүлээх вэ?

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж