Сонгууль хүртэл “Давхар дээл”-ээ тайлахгүй

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Сонгууль хүртэл “Давхар дээл”-ээ тайлахгүй

З.Энхболд: 2016 оны сонгууль хүртэл сайд нар “Давхар дээл”-ээ тайлахгүй

Сүүлийн үед УИХ, Засгийн газрын гишүүдийн “Давхар дээл”-ний асуудал парламент дахь хамгийн халуун сэдэв байсаар намрын чуулган хаалтаа хийлээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүний албыг давхар хашихгүй байх хуулийн төслийг санаачилсан нь улстөрийн хүрээнд гал тавьсан нь тэр. Гэтэл эл асуудлыг мушгин, улстөржүүлсэн нөхдүүд Засгийн газрыг огцруулна хэмээж, тэр ч бүү хэл одоо “Давхар дээл”-тэй байгаа сайдуудыг санал хураалтад оролцуулах уу үгүй юу гэдэг асуудал дээр маргаан үүсгэж, хэзээнээс хэрэгжүүлэх вэ хэмээн ухаанаа уралдуулж, тэр ч бүү хэл дараагийн Засгийн газрыг сайн дураараа байгуулан мөрөөдлөө дэлгэж хөглөсөн удаатай.

Гэтэл “Давхар дээл”-ээр түрий барьж Засгийн газрыг огцруулахыг хүссэн нөхдүүдийн хүслийг УИХ-ын дарга З.Энхболд нам даржээ. Өөрөөр хэлбэл “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу “Давхар дээл”-ний хууль бол 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах дараагийн Засгийн газрын тухай ярьж байгаа учраас сайд нар санал хураалтад орж болно. Хууль санаачлагч хуулиа өргөн барихдаа хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдөнө гэсэн бодол өвөрлөөгүй. Харин УИХ, Засгийн газрын гишүүн тусдаа байх ёстой юм байна. Ерөнхий сайд нь гишүүн байж болно.Гэхдээ энэ заалтыг 2016 оны сонгуулийн дараа хэрэгжихээр буюу энэ Засгийн газрын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэдгийг бодолцсон” хэмээжээ. Тэгэхээр “Давхар дээл”-ний асуудлыг хаврынчуулганаар шийдвэрлэж 2016 оны сонгуулийн дараа “Дан дээл”-тэй сайдууд даарах “эсэхээ” үзэх нь. Харин МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Давхар дээл”-ээр түрий барьж Засгийн газрыг огцруулах асуудалд шууд хориг тавих нь гэдгийг “босогчид” ойлгоо боловуу, яагаа бол!

С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдын 50 тэрбумын багцын зарцуулалтыг сурталчилав

УИХ дахь  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдын 50 тэрбумын багцыг “дайлаар” мордсон цаг саяхан. Гэтэл 50 тэрбумын багцаас санхүүжүүлэн барьсан битүү захын нээлтэд оролцсон шигээ “тууж яваа” аж.

Өнгөрсөн намар Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун гурван аймагт ажиллах үеэрээ Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад 2013 онд багтаан битүү зах барьж өгөхөө нутгийн иргэдэд хэлж, эл амлалтаа ч биелүүлсэн. Тодруулбал, бага, дунд орлоготой иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг дэмжин сайжруулах, аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд аймгийн төвүүдэд битүү зах барихаар төлөвлөж, Ховд, Увс зэрэг аймгуудад битүү захыг барьж ашиглалтанд оруулсан юм. Орон нутгийн нөөц, онцлогоос хамааран нэг аймагт 2.5-3 тэрбум төгрөгөөр 5000-аас багагүй метр квадрат талбайтай, орчин үеийн технологийн шийдэлтэй, тав тухтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн, худалдааг төрөлжүүлсэн битүүзахыг барих зардлыг Ерөнхий сайдын багцаас гаргасан. Гэтэл Ерөнхий сайдын 50 тэрбумын багцыг хэрэггүй зүйл, сул зардал хэмээн хамгийн ихээр эсэргүүцэн шүүмжилж тэр бүү хэл өнгөрсөн сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсний дараа уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулж мөнөөхөн 50 тэрбумын багцыг бас шүүмжлэн  “Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгах ёстой” хэмээж байсан юм. Ийнхүү 50 тэрбумын багцыг эсэргүүцэн ана мана, ачтач “үзэлцэж” байсан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тойрогтоо өөрийн биеэр “заларч” шүүмжлээд байсан 50 тэрбумаас зардлыг нь гарган бариулсан битүү захын нээлтийг хийж, хошуу нэмээгүй, харин хуруу нэмж зах бариулсан “ардын баатар” болжээ.

Г.ҮҮЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж